Monday, August 10, 2009

JCI-Оюутны тэтгэлэг олгох хөтөлбөр 2009

“Оюутны тэтгэлэг олгох хөтөлбөр 2009”-аас зохион байгуулах төслийн уралдааны удирдамж, тэтгэлэг хүлээн авагчдыг шалгаруулах журам /2009-08-04/
Нэг. Товч танилцуулга
БНСУ-ын JCI Seogwipo болон Монгол Улсын JCI Leader байгууллагууд нь сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа бөгөөд 2008 оноос эхлэн оюутны сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 ба түүнээс дээш курсэд суралцаж байгаа оюутнуудын дунд төслийн уралдаан зарлаж эхний 5 байрыг эзэлсэн оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгоно.
Хоёр. Зорилго
Сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийн зорилго нь нийгмийн хөдөлгөгч хүч болсон оюутнуудын сурч боловсрохтой холбоотой хамгийн гол зардал болох сургалтын төлбөрийг нь санхүүжүүлэх замаар ирээдүйдээ нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг туслалцаа үзүүлж JCI байгууллагын нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх зорилгыг хэрэгжүүлэхэд оршино.Түүнчлэн энэхүү удирдамж нь шалгаруулалтыг бодитой, шударга хийх замаар тэтгэлгийг зөв хүнд олгоход туслах зорилготой.
Гурав. Төсөлд тавигдах шаардлага
Төсөл бичигч нь зохион байгуулагчдын зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан сэдвүүдээс сонгож төсөл боловсруулах замаар уралдаанд оролцох боломжтой. Төсөл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
1. Төсөл нь шинэ үйлчилгээ болон бүтээгдэхүүн нэвтрүүлэх, шинэ технологи ашиглах зэргээр шинэлэг асуудал дэвшүүлсэн байна.
2. Төсөл нь нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна.
3. Төсөл нь архи согтууруулах ундаа болон тамхины үйлдвэрлэлт, борлуулалт, түүнтэй холбоотой үйлчилгээтэй ямар нэг байдлаар холбоогүй байна.
4. Төсөл нь судалгаа шинжилгээ, санхүүгийн тооцоо шинжилгээ зэрэг төсөлд байх шаардлагатай бүрдэл хэсгүүдийг бүрэн агуулсан, ойлгомжтой тодорхой бүтэцтэй, иж бүрэн байна.
5. Төсөл нь хэрэгжих боломжтой, бодитой байна.
6. Төсөл нь санхүүгийн хувьд үр ашигтай, цаашид бизнес болон тогтворжих боломжтой байна.
7. Төсөл нь байгаль экологид ээлтэй байна.
8. Төсөл Arial Mon фонтоор, 12 хэмжээтэй, мөр хоорондын зай нь 1.5-ийн хэмжээтэйгээр бичигдсэн байна.
9. Төслийг зөв бичгийн дүрэм, найруулга зүйн хувьд алдаагүй бичиж, өнгө үзэмжтэй хэвлэж, хавтасласан байна.
Төсөл болон түүний хавсралтуудыг, санхүүгийн тооцооллыг файл хэлбэрээр CD дээр бичиж хавсаргасан байна.
Дөрөв. Төслийн уралдааны сэдэв:
1. Барилга, орон сууцыг хямд төсөр, хүртээмжтэй болгох талаар;
2. Хөрөнгийн зах зээлийг сайжруулах, Монголын компаниудыг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах;
3. Уул уурхайн салбарт шинэ, ашигт үйлийн коэффицент өндөртэй, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх тухай;
4. Шинэ үйлчилгээ нэвтрүүлэх замаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр;
5. Монгол Улсад бэлтгэгдэж байгаа боловсон хүчнийг дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр;
6. Монгол Улсад тулгарч буй цаг агаарын өөрчлөлтөөс гарч буй байгалийн сөрөг үзэгдлийг бууруулах чиглэлээр;
7. Хүний нөөцийн менежментийн чиглэлээр;
8. Эрх зүйн туслалцаа, хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээний чиглэлээр;
9. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр;
10. Интернэт худалдаа, программ хангамж, мэдээллийн технологи дээр тулгуурласан ажил, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр;
Тав. Хугацаа
5.1 Төсөл хүлээн авах
Уралдаанд оролцох төслийг 2009 оны 8 дугаар сарын 6-наас 8 дугаар сарын 19-ны 16.00 цаг хүртэл “Хасуу констракшн” ХХК-ийн доорх хаягаар хүлээн авна.
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, 21-201, 204 тоот
/”Тэнгис” кинотеатрын баруун урд талд, төв замын хойд талд байрлах 2 давхар шар байшин, барилгын зүүн дээд талд “Хасуу констракшн” гэсэн хаяг бий./
Утас : 7011-8035, 318035, 8808-5399, 9191-2801
5.2 Анхан шатны шалгаруулалт
Төслийн материалуудыг хүлээн авсанаас хойш 2 хоногийн хугацаанд буюу 08-р сарын 21-ний дотор шалгаруулах комиссын гишүүд хүлээн авсан төслүүдийг уншиж, үнэлгээний журмын дагуу 2 дахь шатанд оролцогсодыг шалгаруулна.
5.3 Төслийн танилцуулга буюу илтгэлийн тэмцээн
2008 оны 08-р сарын 23-ны /Ням гариг/ өдөр төслийн танилцуулга буюу илтгэлийн тэмцээнийг зохион байгуулна.
Зургаа. Уралдааны шагнал
Уралдаанд эхний 5 байр эзэлсэн оролцогчдод сургалтын төлбөрийг тэтгэлэг санхүүжүүлэх зорилготой мөнгөн шагнал олгоно.
№ Оюутны тоо Тэтгэлгийн хэмжээ
1 1-р байр 1,000,000₮
2 2-р байр 600,000₮
3 3-р байр 400,000₮
4 4-р байр 200,000₮
5 5-р байр 200,000₮
НИЙТ 2,400,000₮
Долоо. Шалгаруулалтын үе шат
Тэтгэлэг хүлээн авагчийг шалгаруулах комисс нь JCI Leader-ийн гишүүдээс бүрдэнэ.
7.1 Эхний шатны шалгаруулалт
Эхний шатны шалгаруулалт нь уралдаанд ирүүлсэн төслүүд болон оюутнуудын сурлагын дүн, анкет зэрэг материалуудад үнэлгээ хийн 2 дахь шатанд оролцох оюутнуудыг тодруулна.
7.2 Хоёр дахь шатны шалгаруулалт
Эхний шатнаас шалгарсан 5 оролцогчдын төслийн танилцуулгыг илтгэлийн уралдаан зохион байгуулан шалгаруулна.
7.3. Эцсийн шатны шалгаруулалт
1 ба 2-р шатны шалгаруулалтын дүнг нэгтгэж, тэтгэлэг хүлээн авах 5 оролцогчийг байр эзлүүлэн шалгаруулах нь энэ шатны шалгаруулалтын гол үр дүн байна.
Найм. Үнэлгээний буюу шалгаруулалт хийх аргачлал
8.1 Анхан шатны шалгаруулалтын үнэлгээ хийх аргачлал
Анхан шатны шалгаруулалтын явцад оролцогсодын сурлагын амжилт, боловсруулсан төслийн шаардлага хангаж байгаа байдал гэсэн хүчин зүйлүүдэд тулгуурлан үнэлгээг өгнө. Үнэлгээ өгөхдөө дараах загварыг ашиглана. Үүнд:
8.1.1 Төслийн үнэлгээг хийх
А. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
Төслийн эхний шатны үнэлгээг доор харуулсан нийт 3 бүлэгт хамаарах 16 үзүүлэлтийн дагуу хийнэ.

Б. Үнэлгээ хийх
Төслийн шалгуур үзүүлэлтүүдийн ач холбогдолд үндэслэн нийт оноог тооцохдоо доорхи ач холбогдлын коэффицентийг ашиглана. Үүний давуу тал гол шаардлагуудаа сайн хангасан төслүүдийг шалгаруулах явдал юм.

Дээрхи загварчлалын дагуу төслийн үнэлгээг X= А*0.8+Б*0.6+В*0.3 гэсэн томъёогоор тооцно.
8.1.2 Сурлагын амжилтын үнэлгээ
Тэтгэлгийн шалгуурын дагуу 3.5-аас дээш голч дүн бүхий оюутнуудад хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байгаа. Сурлагын амжилтын үнэлгээг хийхдээ 3.5-аас дээш гарч байгаа 0.1 оноо тутамд 10 оноо өгнө.
8.1.3 Эхний шатны нэгдсэн үнэлгээ
Төслийн болон сурлагын амжилтын үнэлгээний нийлбэр дүнгээр 1-р шатны нийт оноог тооцож гаргана. Хамгийн өндөр оноо авсан эхний 5 оролцогчийг дараачийн шатны буюу илтгэлийн тэмцээнд сонгон оролцуулна.
8.2 Төслийн танилцуулга буюу илтгэлийн тэмцээнийг дүгнэх аргачлал
Хоёр дахь шатны шалгаруулалт нь оролцогчийн боловсруулсан төслөө бусдад тайлбарлан танилцуулж итгэл үнэмшил төрүүлж байгаа байдал, төслийн агуулгыг эзэмшсэн байдал, шүүгчдийн болон оролцогчдын асуултад хариулж байгаа байдал зэргээр төслийг өөрөө боловсруулсан бөгөөд төслийн хэрэгжих боломжид итгэл үнэмшилтэй байгаа эсэх зэрэг хүчин зүйлүүдийг үнэлэх зорилготой.
А. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
Үнэлгээг доорхи үзүүлэлтүүдийн дагуу хийнэ. 1-р шатны төслийн үнэлгээний үзүүлэлтүүдээс гадна төслийн танилцуулга хийж байгаа байдалд холбогдох 6 үнэлгээний үзүүлэлтийг нэмсэн. Эхний шатанд үнэлсэн төслөө шүүгчид дахин үнэлэх магадлал бага гэдэг үүднээс төслийн үнэлгээг бодитой болгох үүднээс 1-р шатны үнэлгээний үзүүлэлтийг энд шинэ үзүүлэлтүүдийн хамт ашигласан болно.
№ Шалгуур үзүүлэлтүүд Оноо
А Төслийн шалгуур үзүүлэлтүүд
1 Төслийн сэдвийг баримталсан байдал 1-10 оноо
2 Төслийн шаардлагыг хангасан байдал 1-10 оноо
3 Шинэлэг байдал, шинэ санаа 1-10 оноо
4 Төслийн бүтэц, ойлгомжтой байдл 1-10 оноо
5 Төслийн иж бүрэн байдал 1-10 оноо
6 Төслийн хэрэгжих боломж, бодит байдал 1-10 оноо
7 Төслийн санхүүгийн үр ашигт байдал 1-10 оноо
8 Төслийн эдийн засгийн ач холбогдол 1-10 оноо

Б Нийгмийн ач холбогдлын үзүүлэлтүүд
1 Нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэж байгаа байдал 1-10 оноо
2 Төсөвт төлөх татварын хэмжээ 1-10 оноо
3 Бий болгох ажлын байрны тоо 1-10 оноо
4 Байгаль экологид ээлтэй байдал 1-10 оноо
5 Нийгмийн хариуцлага 1-10 оноо
В Төслийн танилцуулгын үнэлгээ
1 Илтгэх, тайлбарлах чадвар 1-10 оноо
2 Төслийн агуулгыг эзэмшсэн байдал 1-10 оноо
3 Төслийн хэрэгжих боломжид итгэж байгаа байдал 1-10 оноо
4 Төслийн өөрөө боловсруулсан эсэх 1-10 оноо
5 Илтгэлийн цаг баримталж байга байдал 1-10 оноо
6 Асуултад оновчтой хариулж байгаа эсэх 1-10 оноо
Г Бусад үзүүлэлтүүд
1 Төслийн хавтаслалт, хэвлэлт 1-10 оноо
2 Зөв бичгийн дүрэм, найруулгазүй 1-10 оноо
3 Баримт бичгийн формат 1-10 оноо
Б. Үнэлгээ хийх
Бүлэг шалгуур үзүүлэлтүүдийн ач холбогдолд үндэслэн нийт оноог тооцохдоо доорхи ач холбогдлын коэффицентийг ашиглана. Үүний давуу тал гол шаардлагуудаа сайн хангасан төслүүдийг шалгаруулах явдал юм.

Дээрхи загварчлалын дагуу 2 дахь шатны үнэлгээг X= А*0.6+Б*0.5+В*1+Г*0.3 гэсэн томъёогоор тооцно.
8.3 Эцсийн шалгаруулалт буюу нэгдсэн дүн гаргах
Нэг ба хоёрдугаар шатны шалгаруулалтын дүнг нэгтгэх замаар энэ шатны шалгаруулалтыг хийнэ. Ингэхдээ үе тус бүрт авсан онооны нийлбэрийг доор харуулсан аргачлалаар тооцож гаргана. Үүнд:
А. Загварчлал

Тайлбар:
X нь оролцогчийн эхний шатны шалгаруулалтад авсан нийт оноо
Y нь оролцогчийн 2 дахь шатны шалгаруулалтад авсан нийт оноо
Z нь оролцогчийн хоёр үе шатанд авсан нийт оноо
Шалгаруулалтын 2 үе шатны нийт дүнд нөлөөлөх хувийн жинг бодитой болгох үүднээс нэгдсэн дүнг тооцохдоо ач холбогдлын коэффицент гэсэн хувьсагчийг ашиглалаа. Өөрөөр хэлбэл 1-р шат нь нийт дүнд 30%-ийн, 2-р шат нь 70%-ийн ач холбогдолтой гэж үзлээ. Хүний бичсэн болон хүнээр бичүүлсэн төсөл ашиглан уралдаанд оролцож түрүүлэх боломжийг энэхүү коэффицентийг ашигласнаар тодорхой хэмжээнд багасгаж чадна гэж үзэж байна.
Б. Оноо тооцох
Дээрхи загварчлалын дагуу тэтгэлэг хүлээн авагчийн нэгдсэн буюу эцсийн оноог Z=X*0.3+Y*0.7 гэсэн томъёогоор тооцож гаргана.
2 дахь шатны шалгаруулалтад оролцогсдыг энэхүү нийт онооны дарааллаар жагсааж эхний 5 оролцогчийг шалгаруулах замаар тэтгэлэг хүлээн авагчийг тодорхойлно. Хамгийн өндөр оноо авсан тэргүүн байр эзэлж, удаах нь 2-р байр гэсэн дарааллаар байрыг эзлүүлнэ.
Ес. Шагнал гардуулах ёслол
Эцсийн шалгаруулалтад тэнцсэн оролцогчдод 8-р сарын 26-ны өдөр “Тэтгэлэг гардуулах ёслол”-ын арга хэмжээний үеэр тэтгэлгийг батламжийн хамт гардуулна. Шагнал, тэтгэлгийг JCI Mongolia болон JCI Seogwipo, JCI Leader-ийн удирдлагууд гардуулна.

No comments:

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.