Monday, April 26, 2010

Тэд бүтээсэн алдартнуудаа харж зогсоно

Энд тэндхийн мэдээ, мэдээлэл уншиж яваад энэ блогруу орсон чинь нэгэн сонирхолтой мэдээлэл байхлаар нь илүү олон хүнд хүргэх үүднээс хуулаад л тавьчихлаа(бичлэгт нь сэтгэгдэл үлдээгээд авсан болохлоор, оюуны өмчийн асуудал ярихгүй байхаа гэж найдаж байна.хэ хэ).

-Mapкc, Mao дарга, Aврaaм Линкольн, Сталин нарыг нэг ширээнд хөөрөлдөж суухыг өөр xaaнa ч харахгүй ээ-



Гурван жилийн өмнө дууссан Хятадын зураач Дуду, Жань Ань, Ли Дэжи нарын 103 алдартны хөрөг урлагийн ертөнцөд сүүлийн үед багагүй шуугиан тариад байгаа юм. Карл Маркс, Мао Зэдун, Авраам Линкольн, Сталин, Леонардо да Винчи нарыг нэг ширээнд хөөрөлдөж суухыг өөр хаана ч харахгүй. Тэдний архан талд Холливудын найруулагч Стивен Спилберг, домогт зураач Пабло Пикассо нар зогсоно. Магадгүй тэд дээрх удирдагч нарын ширээнд сууж "зөвлөгөө өгсөн" ч болоосой гэж өөрийн эрхгүй бодогдоно.

Манай өмнөд хөршийн гурван залуугийн бүтээл интернэтээр багагүй хэлэлцэгдсэн ч нэрээ зарлахгүй удсаны эцэст ийнхүү олны хүртээл болж байна. Тэд найрагч Дантегийн дэргэд тавцан дээрээс алдартнуудаа харж зогсч байгаа хэмээн мэргэжилтнүүд таамагласан нь үнэн болжээ.

Үнэхээр ч Хятадын рокын "загалмайлсан эцэг" гэгддэг Сиу Жан, Хан династийн үеийн генерал Куан Юй, өвгөн Дэн Сяопин, өнгөрсөн зууны Хятадын удирдагчийн нэг, нас барахад нь НҮБ-ын далбааг бөхийлгөж байсан Жоу Эньлай, Хятадын армийн цэрэг Ли Фэн, Мао Зэдун дарга, Афины олимпийн алтан медальт, хөнгөн атлетикч Ли Сиан, хатагтай Чи Лин нарын хүнийг 103 алдартанд багтаан мөн Бээжингийн олимпийн наадмын эрхийг авахад хувь нэмэр оруулсан Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч асан Хуан Антонио Самаранч нарын хөрөг байгаа зэргээс үүдэн Хятадын уран бүтээлчдийн ажил нь нэрээ зарлаагүй байхад нь тодорхой байв.

Харин манай хойд хөршөөс ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин (тухайн үед ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан), яруу найрагч Александр Пушкин, I Петр хаан, их зохиолч Лев Толстой, хувьсгалч В.Ленин, ЗХУ-ын анхны ерөнхийлөгч Михаил Горбачев нар төлөөлөл болон оржээ.

Эдгээр гурван залуу Монгол Улсаас Эзэн богд Чингис хааныг минь Францын алдарт жанжин Наполеон Бонапарттай зэрэгцүүлэн зургийнхаа дээхэн талд урласан нь өөрийн эрхгүй бахархал, омогшил төрүүлнэ.

Манай гурав дахь түнш гэгдэх болсон АНУ-аас Ерөнхийлөгч Авраам Лин-кольн, Билл Клинтон, Жорж
Буш, Франклин Рүүзвельт, сагсан бөмбөгч Майкл Жордан, боксчин МайкТайсон, бяцхан жүжигчин Шерли Тимпл, тэрбумтан Рокфеллер, дэлхийн тэргүүн баян цолоо энэ жил эргүүлэн авсан Билл Гейтс, дуучин Элвис Пресли, Холливудын сөкс бэлгэдэл болж байсан Мэрилин Монро нарын хүмүүс оржээ.
Зургийг бүтээгчид зар-тай алан хядагч Осама бин Ладен, Тереза эх, дорнын их найрагч Ли Бай, Энэтхэгийн бичгийн их хүн Махамат Ганди, клоны аргаар төрсөн Долли хонийг ч мартсангүй.

Өөрөөр хэлбэл, урлаг соёл, улс төр, спорт, шинжлэх ухааны салбарын алдартнууд Дантегийн "Тэнгэрлиг хошин шог"-ийн тухай хөөрөлдөж байгаагаар дүрсэлжээ. Тэд Дантегийн уран бүтээлийн тухай өөрсдийнхөөрөө шүүн ярилцахаж.

Зураг зургаан метр урт, 2.6 метр өргөн. 103 алдартнаас гадна Хятадын их Цагаан хэрэм, Египетийн пирамид, Британийн Стоунхенж, мөн хүний гараар бүтээгдсэн цөмийн бөмбөг, хөлөг онгоц, хөгжим, зурагтыг хүртэл харж болно.

Энэ зургийн талаар хэдэн арван хувилбар ярьж, хэдэн хуудас бичиж болох ч хэрвээ анхааралтай харвал гол дүрүүд "гурвын" хэлбэрээр байгаа нь ажиглагдана. Тухайлбал, Гитлер, Муссолини, Саддам Хусейн эсвэл Че Гевара, Фидель Кастро, Сицилийн мафийн эцэг Дон Корлеоне нар. Мөн Чарли Чаплин, Хенри Форд, Ли Фэн гэхчлэн.

Цааш унших...

Friday, April 23, 2010

Хэзээ ч мартахгүй тус буюу Орос хэлний туслагч...

2006 оны намар МУИС-ЭЗСургуулийн Банкны нэгдүгээр ангид элсэн ороод байсан үе. Шинэ анги хамт олон, шинэ найз нөхөд, шинэ сургууль гээд бүх л зүйл шинэ байлаа.

Нэгдүгээр курст олон хичээлтэй (бараг 11 хичээл байсан санагдана.) уншаад байхад дуусахгүй, хийгээд байхад цаана нь даалгавар ихтэй юм шиг санагддаг байсан. Мөн Орос, Англи хэлийг зэрэг долоо хоногт 4, 6 цагаар ордог. Англи хэлийг нэг юм өөрөө болгоод байна. Харин орос хэлийг бол үгээ зөв уншихаас эхлээд л асуудалтай тулгардаг байлаа(арван жилд орос хэл үзэж байгаагүй миний хувьд амаргүй даваа).
Ядаж байхад муугаа мэдэхгүй хамгийн эхний эгнээний, эхний ширээнд суудаг(бүтэн жил суусан даа), багш (одоогийн УИХ гишүүн Алтай гуайн эхнэр Гандисүрэн багш) хамгийн түрүүнд надаас асууж, би буруу хариулж багшийн уурийг хүргээд багш цаашлаад бусад хүмүүсийг загнаж гарна. Эхний нэг, хоёр сар нэг иймэрхүү байдалтай өнгөрсөн. Гэхдээ байнга загнуулаад байна гэж юу байхав өөрөө хичээж, олон сайн найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр дараа дараагийн саруудад арай бага загнуулж, багш маань ч намайг хамгийн түрүүнд биш, хамгийн сүүлд асуудаг болсон.

Найзуудын дундаас Өлзийхутаг маань надад хамгийн их тус болж, надтай бүтэн жил нэг ширээнд суусанд нь би одоо болтол баярладаг юм. Чадахгүй, ойлгохгүй байгаа зүйлийг маань зааж өгдөг, наддаа л мундаг туслагч, аврагч маань байсан даа.
Бусад хүмүүсийн хувьд, магадгүй Өлзийгийн хувьд хичээл дээр ганц хоёр зүйл хэлж өгөх нэг их гайхмаар, сүртэй зүйл байгаагүй байж болно. Гэхдээ миний хувьд үнэхээр том тус байсан, үүний хажуугаар Өлзийгийнхөө олон сайхан зан чанарыг таньж нэг сайн найзаа олж авсандаа үргэлж баярладаг юм.Монгол ардын сайхан зүйр үг байдаг даа.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас
Тэвдэж явахад тэвнээр тусла гэж...
Найз маань 2008 онд Унгар улсад улсын тэтгэлэгээр суралцахаар хөлгийн жолоо залаад 2 жил өнгөрчээ. Бид уулзаагүй 2 жил болж, хааяаа хааяаа мессенжерт таарахаараа олон зүйлийн талаар ярилцана. Хичээл ном, хайр сэтгэл, ангийнхан, ирээдүй зорилго зорилт гээд л ...
Мөн нэгнийгээ урамын үгээр тэтгэдэг хүмүүс дээ. Өлзий маань миний хувьд сайн найз төдийгүй хүндэлж явдаг хүн маань. Харин найздаа би сайн найз байж тус нэмэр болж чадсан эсэхээ мэдэхгүй юм.
Өчигдөр найз маань 21 нас хүрсэн. Найздаа алсаас ч болов төрсөн өдрийн мэнд хүргэнэ гэж олон өдрийн өмнөөс бодсон хэрнээ чадсангүй.
Ингээд хайрт найздаа хожимдсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе.

Хичээгээд л байгаарай миний найз, хэнээс ч дутахгүй чадвар чамд байгаа.

Найз нь 2 жилийн өмнө явахад нь тэмдэглэлийн дэвтэр дээр нь бичиж байсан үгээ дахиад бичье: Миний найз гадаад оронд Сундуйн Өлзийхутаг гэдэг хүний хувиар биш Монгол улсын чадварлаг залуучуудын төлөөлөл болж байгаа шүү найздаа амжилт хүсье.

Харин орос хэлний хувьд гэвэл би орос хэлийг ус цас шиг сураагүй ч хичээлийн дүн гарах болоход сайн дүн авч чадсан, багш маань ч надад уурлахаа больсон. Бүтэн жил тэвчээр гаргаж хамгийн эхний ширээнд суусан гэж магтсан шүү. хэхэ

Цааш унших...

Sunday, April 11, 2010

Бүрхэг тэнгэр...

Жавхлангийн "Чи минь байгаа хойно" гэдэг дууг ойрийн хэдэн өдөр, бас өнөөдөр өдөржин сонслоо. Яагаадыг нь мэдэхгүй, сонсоод л байна. Бодоод байхнээ аравдугаар ангид байхдаа Таke Off хамтлагийн “Цасан дээр” гэдэг дууг боломж олдвол сонсдог, оюутан болоод ч сонсохоо болиогүй, харин өнгөрсөн жил нөтбүүкээ порматлаж байхдаа устгаснаас нэг дууг ингэж олон удаа сонсоогүй юм байна шүү. Бүр зарим хүнд зун байхад өвлийн тухайн дуу сонслоо гэж шоолуулдаг байсан маань санаад орчихлоо.
Бүрхэг тэнгэртэй, бүүдгэр өдөр ч дуусах дөхөж байна. Маргаашын тэнгэр үүлгүй байгаасай. Ядаж байхад ойрын хэдэн өдөр жаахан даарсан юм байлгүй. Бүтэн амьсгаа авч болохгүй юм. Юу нь ч тээглээд тэгээд байгаан бүү мэд.

Цааш унших...

Saturday, April 10, 2010

"Банкны бүтцийн шинэчлэл дэхь бусад улсуудын туршлага" сэдэвт хуралд суулаа.

Хэдэн өдрийн өмнө сургуулийн нэг давхарын зарлалын самбар дээр нэгэн нээлттэй хурлын зарыг хараад бүртгэх хугацаа нь дуусахаас өмнө амжиж мэйл бичиснээр Монголбанк болон Дэлхийн банкнаас хамтран зохион байгуулсан “Банкны бүтцийн шинэчлэл дэхь бусад улсуудын туршлага” сэдэвт хуралд суух боломж олдсон юм.

Уг хурал нь 4 сарын 8-нд болох байсан боловч илтгэл тавигчдын нислэгт цаг агаарын саатал гарснаас болж нэг өдрөөр хойшилж өчигдөр буюу 4 сарын 9-ны Баасан гаригт Монголбанкны хурлын танхимд болж өнгөрлөө.

Энэхүү хуралд илтгэл тавихаар банкны бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийг дэлхийн бусад улс орнуудад өөрийн биеээр хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч чадсан гурван мэргэжилтэн иржээ. Тэднийг товчхон танилцуулах юм бол:
Ноён Матс Жосефссон: Исланд, Турк, Тайланд зэрэг орнуудын банкны тогтолцоонд бүтцийн өөрчлөлт хийхэд чухал нөлөөтэй ажилласан эдийн засагч
Ноён Карл Линдгрен: Санхүүгийн салбарын шинэчлэл, банкны бүтцийн өөрчлөлт болон банкны асуудлыг шийдвэрлэх талаар мэргэшсэн дэлхийн шилдэг мэргэжилтэн. Линдгрен банкны салбарын хямралын үед олон улс орнуудын засгийн газарт банк санхүүгийн салбарын шинэчлэл хийх асуудлаар зөвлөгөө өгч ажиллаж байсан.
Ноён Энгин Акчакожа: Турк Улсын Банкны Зохицуулалт, Удирдлага Хяналтын Байгууллага болон Хадгаламжийн Даатгалын Сангийн Тэргүүн асан. Акчакожа нь Турк улсын банкны хямралын үеэр банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх үйл ажиллагаанд биечлэн оролцсон.

Хурлын гол зорилго нь монгол улсын банкны системд тулгамдаад байгаа асуудалтай адил асуудлыг бусад улс орнууд хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар улс орнуудын туршлагыг судлаж монголын банкны системд хийх бүтцийн өөрчлөлтийн стратегийг боловсруулахад хувь нэмэр оруулахад оршиж байсан юм.
Уг хуралд нийт олон нийтийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн, монголын болон гадны улсуудын банкны салбарын холбогдох мэргэжилтнүүд зэрэг нийт 200 орчим хүн оролцсон юм.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саиед хэлэхдээ энэхүү хэлэлцүүлгээр монголын банкны системийнд бүтцийн өөрчлөлт хийхэд ямар боломж, ямар асуудал байна, үүнийг бусад орнууд хэрхэн шийдвэрлэж ирсэн талаарх туршлагыг ярилцахад оршиж байгааг тодруулж хэлж байсан юм.

Ингээд уг хуралд сууж өөрийн ойлгож, тэмдэглэж авсан зүйлсээ чадан ядан сийрүүлж бичихийг оролдлоо.

Санхүүгийн хямарлын хор уршиг дэлхийн улс орнуудын туршлагаас хараад байхад ихэнхдээ банкны салбарт учирч байдаг. Учир нь банк гэдэг бол улс орны санхүүгийн системийн нэг томоохон бүрэлдэхүүн төдийгүй бүхий л мөнгө, санхүүтэй холбоотой бүхий л төлбөр тооцоо банкаар дамжин хийгдэж байдаг.
Банк нь хадгаламж эзэмшигч болон зээлдэгчдийн ашиг сонирхолыг хангах зорилгоор зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа нь харилцагчдын итгэлцэл дээр тогтож байдаг. Тиймдээ ч банкны систем бол ихээхэн мэдэрмтгий нэг нэгнээсээ ихээхэн хамааралтай байдаг. Нэг банкнид гарсан үйл ажиллагааны доголдол нь бусдынхаа үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Үүний нэг жишээ нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд монголын банкны системийн томоохон байр суурь эзэлдэг банкууд болох Анод, Зоос банкуудын үйл ажиллагааны доголдолоос болоод иргэдийн банкинд итгэх итгэл суларсан.
Тиймдээ ч үүсч болох эрсдэлээс сэргийлэх эхний алхам бол хямралыг эртхэн илрүүлж бодит эдийн засаг(хувийн хэвшилийн үйл ажиллагаа болон иргэдийн амьдралд)-т нөлөөлөл үзүүлэхээс нь өмнө арга хэмжээ авах явдал юм гэдгийг илтгэгчид дуу нэгтэйгээр хэлж байсан. Хямралыг эртхэн илрүүлснээр түүнээс хүлээх алдагдал, зардал төдий чинээ бага байх болно.
Сүүлийн 15 жилийн хугацаанд нийт банкны салбарын 2/3-т нь хямрал их бага хэмжээгээр гарч байсан.

Улс орнуудын эдийн засгийн бүтэц, банкны систем нь өөр өөрийн гэсэн онцлогтой боловч тулгамдаад байгаа асуудал нь ерөнхийдөө адилхан байдаг. Үүнд:
• Валютын ханшны эрсдэл
• Хууль, дүрэм журмын хэрэгжилт муу
• Банкны системийн оновчгүй бүтэц
• Зээлийн эрсдэл
o Чанаргүй зээлийн өсөлт
o Зарим салбарт хэт их зээл олгох
o Судалгаа шинжилгээ хийлгүй улс төрийн шахалтаар их хэмжээний зээл олгох
o Зээлийн эргэн төлөлтөнд тавих хяналт муу
o Холбоотой этгээдүүдийн зээлийн өсөлт г.м асуудлуудаас үүдэн бий болдог.

Улс орны банк, санхүүгийн салбарт хямрал эхэлсэн тохиолдолд төрийн зүгээс банкны систем төдийгүй эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс зарим нэгэн тодорхой бодлогын чанартай дэмжлэгийг үзүүлдэг.

Ихэнх улс орнуудад дараах төрлийн дэмжлэгийг төрөөс үзүүлдэг. Үүнд:
  • Хадгаламжинд төрөөс батлан даалт гаргах. Энэ нь урт хугацаанд үр өгөөжгүй бөгөөд улсын төсөвт хүндрэл учруулдаг. Турк улсын хувьд 2000 оны хямралаар 2.5 жил хадгаламжийн даатгалын системийг хэрэгжүүлсэн.
  • Өргөн хүрээний бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх /Төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, банкны системийг эрүүл байлгах бүтцийг бий болгох. Шаардлагатай тохиолдолд шинэ институцийг сангийн яам, төв банкны үйл ажиллагаатай уялдуулан үүсгэн байгуулж ч болно. Монгол улсын хувьд Монголбанк бүтцийн өөрчлөлтийг бүрэн чадвартай институци ./.
  • Банкны үйл ажиллагааг дэмжих буюу удирдлагын чадавхийг сайжруулах.
Банкны системд төрөөс дэмжлэг үзүүлэхдээ төр дараах зарчмыг баримтлах хэрэгтэй байдаг.
Үүнд:
  • Зохицуулах хууль, дүрэм журмыг сайжруулах.
  • Нээлттэй ил тод байх.
  • Өрсөлдөгч нарт ижил тэгш хандах / төрөөс хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бүгдэд нь бус тодорхой шаардлага хангасан банкуудад даатгал гаргах г.мэт/
Банкны хувьд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд улс төрийн маргаан байх ёсгүй. Улс төрийн хэмжээнд үүссэн маргаан нь иргэдийн банкинд итгэх итгэлийг улам бууруулж, хямралыг даамжруулах нэг шалтгаан болдог. Хямралын эцсийн үр дүн нь түүнээс үүдэн бий болох зардлын хэмжээгээр, ашгийн бууралтаар хэмжигдэж байдаг.
Турк улсын хувьд 1999 онд онд хямралын шинж тэмдэг илэрч байсан боловч тухайн үед ямарч арга хэмжээ аваагүйгээс үүдэн 2000 онд гадаадаас 16 тэрбум долларын зээл авсан, тухайн үед төр нь төрийн банкнаас 26 тэрбум долларын зээлийг авсан, судалгаагүй зээлийн хэмжээ 14 тэрбус долларт хүрсэн зэрэг нь зээлийн эрсдэл бий болсноор хямрал гүнзгийрсэн.

Тухайн үед Турк улсын төрийн зүгээс хямралын эсрэг арга хэмжээг 4 үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн.
  1. Эхний ээлжинд төрийн банкуудад дэмжлэг үзүүлсэн /Төрийн банкууд давамгайлж байсан/
  2. Хүндрэлтэй байгаа хувийн хэвшилийн банкуудыг тодорхойлж дэмжлэг үзүүлсэн.
  3. Эрх зүйн орчныг сайжруулсан /хадгаламжийн даатгалын системийн хуулийг батласан. Мөн банкинд үзүүлэх дэмжлэгийг тодорхой дүрэм журмаар зохицуулсан/.
  4. Төв банк болон хөндлөнгийн аудитын байгууллагаас тавих хяналт шалгалтыг сайжруулсан.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс Туркын төрийн банкнаас 27.7 тэрбум долларыг зарцуулж, мөн хувийн банкуудыг санхүүжүүлэх зорилгоор бонд гаргасан.

Банкны системийн эрүүл байдлыг хангах үүднээс банкуудыг :
• Нэгтгэх
• Худалдах
• Төр худалдан авах
• Дампуурлыг зарлах /банкны дампуурлын хуулийг шинээр баталсан/ үйл ажиллагааг явуулсан.
Илтгэл тавьсан судлаачдын зарим нь монголд одоохондоо хямрал хүнд шатандаа ороогүй байгаа учраас аль болох хурдан арга хэмжээ авсан тохиолдолд хямралыг аль болох зардал багатай даван туулахболомж нөхцөл байна гэж хэлсэн.

Монголын банкны салбарын хувьд тулгамдаад байгаа асуудлыг дараах байдлаар багцлан авч үзвэл:
  • Хөрөнгөжилт / банкнуудад стресс тест хийж хөрвөх чадвараа хангаж чадах хэмжээний хөрөнгөтэй байгаа эсэхийг тодорхойлох, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангаж байгаа эсэхэд хяналт тавих/
  • Чанаргүй зээл / 2009 оны байдлаар монголын арилжааны банкуудын нийт чанаргүй зээлийн хэмжээ 17.4 хувьтай байгаа бөгөөд зээлийн болзошгүй эрсдэлийн сангийн хэмжээ 337 тэрбум төгрөгт хүрээд байна./
  • Эрсдэлийн нарийн бодлого /ялангуяа зээлийн эрсдэлд /
  • Дүрэм журмыг шинэчлэх шаардлага
  • Томоохон зээлийг зохицуулах явдал болоод байна.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд бусад улс орнуудын хувьд хямралын үед авч байгаа бодлого нь ижил төстэй байдаг бөгөөд хамгийн гол нь хямралыг алт болох эхний үе шатанд нь илрүүлж, шуурхай арга хэмжээ авснаар хямралаас хүлээх зардал болон бодит эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулж чадах болно.
Монгол улсын хувьд төрөөс зарим нэг арга хэмжээнүүдийг жишээ нь төрөөс арилжааны банкууд дахь хадгаламжийг батлан дааснаар иргэдийн банкинд итгэх итгэлийг сэргээсэн нь оновчтой арга хэмжээ болсон. Мөн банкны системд хүндрэл үүсгэсэн Зоос банкыг төр өөрийн мэдэлд авч Төрийн банк болгосон. Гэвч төр банкыг удаан хугацаанд эзэмшилдээ байлгах нь банкны системд сөргөөр нөлөөлдөг учир тодорхой хугацааны дараа хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй.
Банкны системийн эрүүл байдлыг хангах үүднээс төв банкны зүгээс хяналт шалгалтыг оновчтой хийх хэрэгтэй. Монголбанкны зүгээс Дэлхийн банктай хамтран арилжааны 15 банкинд хөндлөнгийн хяналт шалгалтыг хийж эхлээд байна.

Дээрх хурал дээр тавигдаж байсан асуултын ихэнх нь монгол улсын хувьд яах хэрэгтэй вэ? Гэсэн асуултанд илтгэл тавигчдын зүгээс хямралын урьдач нөхцөлүүд үүссэн учир хурдан арга хэмжээ авах хэрэгтэй, цаг алдах хэрэггүй гэдгийг нэг дуугаар хэлсэн. Мөн зарим асуултанд судалгаа хийж мэдээлэл цуглуулаагүй учраас тодорхой хэлэх боломжгүй байгаагаа илэрхийлсэн.

Цааш унших...

Thursday, April 8, 2010

Хайранд хүртэл диверсификаци хэрэгтэй гэнэ шүү.

Дадлагын хугацаа дуусч энэ долоо хоногоос хичээл орж эхлэж байна. Төгсөх курсынхны хувьд дипломын ажлаас гадна мэргэшүүлэх 2-3 хичээл орж байгаа. Манай ангид л гэхэд Монголбанкаас мэргэжлийн хичээл мөн Бичил санхүү гэсэн хоёр хичээлийг үзэж байгаа.
Өнөөдөр Батжаргал багшийн бидэнд орох "Бичил санхүү" гэдэг хичээлийн удиртгал хичээл орлоо.
Багш маань бичил санхүүгийн онцлогийн талаар олон сайхан зүйл ярьлаа. Бичил санхүүгийн зорилго бол нийгмийн бага орлоготой иргэдэд чиглэсэн санхүүгийн үйл ажиллагаа үзүүлдэг санхүүгийн институциудын нэгдэл, эрсдэл өндөр байгаа тохиолдолд хүүг багаар тогтоодог гэх мэтээр нөгөө санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалтын бидний үзсэн онолоос эсрэг зүйл ярьж гарваа.
Тэр битгий хэл зарим улс орнуудад жендерийн асуудлыг шийдвэрлэх үүднээс бичил санхүүгийн үйл ажиллагааг чиглүүлдэг. Энэ нь ихэвчлэн азийн хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудад өрх толгойлсон эмэгтэйчүүд их байдаг учраас тэдний санхүүгийн асуудлыг шийдвэрлэх үүднээс бичил санхүүгийн үйл ажиллагааг түүнд чиглэсэн маягаар явуулдаг гэх мэтчилэн. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн талаарх багшийн яриа явсаар байгаад охид хөвгүүдийн хайр сэтгэлийн асуудал болж хувирав.
Багш : "Манай улсад ч гэсэн энэ асуудал сүүлийн жилүүдэд хөндөгдөх болсон энэ нь манай охидууд өөрийн хөрөнгө оруулалт(хайртай хүнээ)-аа оновчгүй хийж (сонгож)байгаатай холбоотой. Охидууд ер нь өөрийн хайр сэтгэлийн багцаа эхний ээлжинд, богино болон дунд хугацаанд олон хөвгүүнд хуваарилах хэрэгтэй шүү. Эрсдэлийг тараан байршуулж байж тухайн хөрөнгө оруулалт (тухайн хөвгүүнд байршуулсан хайр нь юмуу даа) хэр эрсдэлтэй байгаа, цаашид дахин урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх ирээдүй байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй шүү. Битгий юу юугүй нэг багцад хамаг хөрөнгөө байршуунлчихаарай даа өгөөж өндөртэй ч гэсэн түүнийг дагаад эрсдэл мөн өндөр байдаг. Хөвгүүд ч гэсэн охидуудыг өөрт нь хөрөнгө оруулалт хийж байгааг бас мэдэрч хөрөнгө оруулалтаа алдахгүйн тулд боломжийн нөхцөлтэй хөрөнгө оруулалт байгаа тохиолдолд аль болох дахин нэмэлт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Бидний үед бол олон төрлийн хөрнгөнд багцаа байршуулсан охин бол жаахан онцгүй нэр зүүдэг байсан одоо бол харин өөр шүү. Сайн, ирээдүйтэй хөрөнгө оруулалт хийхийн тулд сайн судалгаа хийх хэрэгтэй." гээд хэрхэн зөв хөрөнгө оруулалт хийх (хайртай хүнээ зөв сонгох) талаар санхүүч хүний үүднээс сайхан л зөвлөгөө өглөө. "
Нобелийн шагналт Харри Маркович гэдэг энэ эрдэмтэн санхүүгийн шинжлэх ухаан төдийгүй амьдралын олон зүйлд хэрэглэгдэх "Багц сонголтын онол"-г үндэслэсэнд түүнд талархмаар санагдлаа.

Өнөөдөр СЭЗДСургуулийн эрдэм шинжилгээний хурлыг тараад явж байх зуураа сургуулийнхаа судлаач хэдэн найз нартайгаа энэ талаар жаахан ярилцлаа. Миний хувьд нэг найзынхаа хамт аль хэдийн урт хугацааны хөрөнгө оруулалтаа хийсэн бөгөөд бид хоёрын хувьд одоо бараг буцааж татах боломжгүй болсон. Харин эрсдэлээс хэрхэн сэргийлэх, хэрхэн хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах талаар цаашид анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ. Ер нь бол хөрөнгө оруулалт багшийн зөвлөсөн үе шатаар бус шууд л хөрөнгө оруулалт хийсэн гэхүү дээ. Нэг ёсондоо эрсдэлтэй хөрөнгө (venture investment)оруулалт хийсэн.Гэхдээ миний хувьд оруулсан хөрөнгө оруулалтаа хэзээ ч оновчгүй хөрөнгө оруулалт гэж бодож байсангүй. Харин нэг найз маань багцаа ерөнхийдөө тараан байршуулаад оновчтой багцаа (бидний оновчтой багцыг нэг хүн л бүрдүүлнэ) бүрдүүлэх шатандаа орж байгаа, нөгөө нэг нь хөрөнгө оруулалтын зарчмын дагуу багцаа байршуулаад эрсдэлээ тооцоод л явж байх жишээний.

Эрдэм шинжилгээний хурлын шагналын мөнгөөрөө дээрээс авах гээд санхүүгийн бололцоо болж өгөхгүй байсан нэг номоо авлаа. Солонгосын зохиолч Нам Ин Сүкийн "Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг" гэсэн нэртэй. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгө оруулалтын үр, ашгийг оновчтой байлгахын тулд олон зүйлийг судлаж, мэдэж эрсдэлээ бууруулах нь зөв болов уу гэж бодном.


Дээрхтэй адил хайрын тухай валютаар зүйрлэсэн нэгэн нийтлэл байна. Discount Rate of Love ... Хаа сайгүй...

Цааш унших...

Sunday, April 4, 2010

ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ “ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХЄТЄЛБЄР 2010-2011” ЗАРЛАГДЛАА

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банкны ХААН Банк Сангаас шинэ оюутны тэтгэлэгт хєтєлбєрєє 4 дэхь жилдээ зарлаад байна. ХААН Банк Сангийн тэтгэлэгт хєтєлбєр эхэлсэн үеэсээ сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа, орлого багатай өрхийн 400 гаруй оюутанд сургалтын тєлбєрийн тэтгэлэг олгож, тэдний цаашид сурах хvсэл эрмэлзлэлийг дэмжиж, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.

ХААН Банкны Нэрэмжит Сургалтын Тэтгэлэгт Хєтєлбєрийн хүрээнд тухайн жилд ЕБС-ийн тєгсєх ангийн сурагчдаас шилдэг сурагчдыг шалгаруулан их дээд сургуульд элсэн суралцах сургалтын тэтгэлэгийн эрхийг урьдчилан олгодог нь орлого багатай єрхийн сурлага сайтай сурагчдад томоохон дэмжлэг болсоор ирлээ. ХААН Банкны тэтгэлэгт хєтєлбєр нь Монгол орны єнцєг булан бүрт дунд сургуулиа амжилттай тєгсєж буй тодорхой тооны сурагчдыг хамруулж, тэдэнд мэргэжлийн гараагаа сургалтын тєлбєрийн талаар санаа зоволтгүй эхлэх боломжийг олгодогоороо онцлогтой юм.

ХААН Банк Сангаас 2010 онд ЕБС-ийн 11-р анги тєгсєж буй 100 сурагчийг шалгаруулж, 2010-2011 оны хичээлийн жилд их дээд сургуулийн 1-р курс-д суралцах сургалтын тєлбєрийн тэтгэлэг олгоно.

БVРДVVЛЭХ МАТЕРИАЛ:

Єргєдлийн маягт болон бүрдүүлэх материалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж татаж авна уу. Мєн ХААН Банкны лавлах 1917 ( энгийн утасны тарифаар ), www.khanbank.com вэбсайт, болон 332333 (дотуур утас 3305) утсаар лавлана уу.

МАТЕРИАЛ ХVЛЭЭН АВАХ ХУГАЦАА:


2010 оны 4-р сарын 05-ны єдрєєс 4-р сарын 16 –ны єдрийн 18:00 цаг хүртэл Улаанбаатар хотод Сєүлийн Гудамж-25 хаягт орших Тєв ХААН Банк, хєдєє орон нутагт ХААН Банкны салбар тооцооны тєв дээр тус тус хүлээн авна.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС :

Сонгон шалгаруулалтыг сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд томилогдсон комисс зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд ХААН Банкны ажилтнууд, аймаг, сум, дүүргийн тєр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн тєлєєлєл багтана.

ШАЛГАРУУЛАЛТЫН ДVНГ ЗАРЛАХ :

ХААН Банкны Нэрэмжит Тэтгэлэгт Хєтєлбєрт шалгарсан 100 сурагчдын нэрсийг 2010 оны 5-р сарын 28-аас 6-р сарын 10-ны хооронд ХААН Банкны www.khanbank.com вэбсайт болон єдєр тутмын сонингуудаар мэдээлнэ.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ:

• 2010 онд дунд сургуулиа дүүргэн бүрэн дунд боловсрол эзэмших 11-р ангийн сурагч байх
• Сурлагын голч дүн нь “B” буюу 80 %, түүнээс дээш байх
• Ахлах ангидаа (9-11-р анги) улс, аймаг, хот, дүүргийн олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан эсвэл анги хамт олноо хошуучлан оролцдог байх
• Нийгэм, олон нийтийн ажил, урлаг, спортын аль нэг төрлөөр тодорхой амжилт гаргасан байвал давуу тал гэж үзэх
• Хувь хvний болон нийгмийн ур чадвар сайтай
• Цаашид их дээд сургуульд дэвшин суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

Цааш унших...

Дүүгийн төрсөн өдөр ба "Помогите нам"

Манай ээж айлын арван хүүхдийн хамгийн том нь, харин ах бид хоёр бол ээжийн дүү нарын хүүхдүүдийнх нь том агаа, аниа нар нь гэх үү дээ.
Зарим хүмүүс оюутны байранд байж үзээгүй оюутныг оюутан гэдэггүй юм гээд л байдаг юм. Би гэдэг хүн нэгдүгээр курсээсээ л эхлээд ээжийнхээ дүүгийнд оюутны 4 жилийг өнгөрөөж байна даа. Хүмүүс намайг оюутан биш гэхгүй л байна (Амьдралд хандах хандлага, биеээ авч явах гээд олон зүйлээр ялгардаг байх л даа).Эгч маань охин хүү хоёртой.Эгчийндээ энэ дөрвөн жилийн хугацааг өнгөрүүлэхдээ хэзээ ч би өөрийгөө өөр айлын хүүхэд гэж бодож явсангүй. Хоёр дүүгээ ч гэсэн төрсөн дүү шигээ л бодож явлаа.

Дүү Хишигт маань өнөөдөр 18 нас хүрч байгаа.
Багаасаа бие нь өвдөөд хичээл номондоо жаахан тааруу хүүхэд байсан болохлоор тийм сайн сурлагатай байгаагүй ч гэсэн өөрийн хичээл зүтгэлээрээ сонирхож байсан сургуульдаа элсэн орсон. Дүүгийн маань зан гэвэл хүний төлөө их санаа зовдог, өөрөө нэмэр болж чадахгүй ч гэсэн дандаа санаа зовж өөрийгөө бухимдуулдаг (яг л ээж шигээ. Эгч маань бас л хүн болгонд санаа зовж явдаг юм). Бас жаахан ууртай (уурлаад шалихгүйээ удаад л нэг цаг болдийн).

Өчигдөр өглөө босоод л "Би оройны хоол хийнэ шүү, Отгоо эгч та өдрийн хоол хийгээрэй" гэхээр нь нэг их тоогоогүй тэгээрэй гэсн юм яриад л өнгөрсөн. Орой нь та нар миний 17 насны сүүлийн хоолийг идэж байна шүү дахиад идье гэсэн ч боломжгүй гэсэн наргиан болоод л өнгөрсөн.

Зурхайд итгэдэг, Эгчтэйгээ үеийн найз охинтойгоо ярьж байгаа юм шиг л хамаагүй ярьчихдаг, хөлбөмбөг хамтдаа үздэг дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсээд төрсөн өдрийн мэнд хүргэе.


Өнөөдөр 2 эрэгтэй дүүтэйгээ дүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж цуг "Помогите нам" гэдэг киног үзлээ. Ойрд кино театрт кино үзээгүй болохлоор сайхан л байлаа.
"Помогите нам"-н хувьд гэвэл, Энэ кинонд 1990-ээд оны дунд үеийн урагшаа БНХАУ, хойшоо ОХУ-руу гарч наймаа хийдэг хүмүүсийн тухай, тэдний амьдралын төлөө тэмцэл, хүн чанар, нэг нэгэндээ итгэх итгэлийг 23-р хурдан галт тэргэнд суусан 20 орчим хүний үйл хөдлөлөөр дажгүй дүрсэлжээ.
Нэг үзчихэд буруудахгүй байх гэж бодож байна.


Цааш унших...

Friday, April 2, 2010

АПУ ХК-ны тайлан - APU JSC REPORT

Миний бие Монголын хөрөнгө оруулалтын корпорацийн дэргэдэх "Оюутны хөрөнгө оруулалтын клуб"-ын нэг гишүүн билээ. Манай клуб нь 2009 онд байгуулагдсан бөгөөд хөрөнгийн зах зээлийн талаарх бодит туршлага хуримтлуулах зорилготой.

Бид монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь идэвхитэй борлогдож байгаа компаниудын хувьцаанд шинжилгээ хийж,судласны үндсэн дээр богино хугацааны арилжаанд багц бүрдүүлж ордог билээ. Ингээд өөрийн хийсэн судалгаагаа та бүхэндээ хүргэж байна. Ийнхүү хүргэж байгаагын гол зорилго нь доод курсын дүү нараа хөрөнгийн зах зээл, манай клубын үйл ажиллагааг сонирхож дараа жил гишүүн нь болоосой гэсэн үүднээс юм шүү.

Мөн миний тайлантай холбоотой болон хөрөнгийн зах зээлйн талаарх үзэл бодлоо хуваалцаарай.

Дараа дараагийн бичлэгүүдээрээ клубынхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулах болно.
APU Report 10.03.31 New





Цааш унших...