Monday, August 10, 2009

Баатарын Галсансүх. "Нүдийг минь нээмүү"


Царцаахайн мөнгөн царгиа салхины алтан сэрчигнээтэй нийлээд
Цам харайх тогорууны бүжгэнд хүн байтугай хулгана хүртэл мансуураад
Нуурын дээрээс манан халамцан хөөрөхөд нугас ангир дуугараад
Нуугин шуугих нарсан ойн гоо үзэмж нүдийг минь нээмүү

Дэнж нугыг дамжин багваахай цэцгийн цагаан тоос манараад
Дэлүүн болдогоос наашаа эрвээхэйн сүрэг солонго татуулан жуулчлаад
“Далий ягаан“ цэцгэсийн дунд мансуурахад уушиг цээж цэлмээд
Тэнхлэг горхины тунгалаг хүйтэн ус цагаан шүдийг хага ташаад
Тэргэл саран гурван нуурын мандалд гурав хувилаад нүдийг минь нээмүү

Моносон төгөл өврөө нээхэд цалин цагаан биенээс нь сайхан үнэр түгээд
Морьтой хүн “Балжийн” голоос наашаа шогшиход хуучин буриад дуу уйлаад
Баянбулагийнхаа усанд шумбан эрхэлэхийг багачууд хүүхдүүд хүсэмжлээд
Битүү хусан ойн төгөлд нүдэн нуур мэлтэлзээд нүдийг минт нээмүү

Цаст ханы овоон дээр цас будрахад эмээгийн минь мөр тодроод
Цайрах Ононгийн гялтгар мөсөн дээр загас жараахай гилтэгнээд
Дүнзэн байшингийн пийшин дээр шимийн архины охь халаад
Дүлий ертөнцийг цочоосон удган эгчий минь хэнгэрэгийн дэлдэлт нүдийг минь нээмүү

No comments:

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.