Saturday, September 24, 2011

TOE research friends ба Жаргалан

"T.O.E" research friends. Тиймээ энэ юу гэсэн утгатай вэ? гэжүү
Энэ бол Тогтохцэрэн, Отгончимэг, Энх-Амгалан нарын судлаач найзуудын баг билээ. Оюутны 4 жилийн хугацаанд бидний хийж бүтээсэн, сурсан зүйлүүд маш ихээс гадна бид насан туршын сайхан найзууд болж чадсан юм.
"Найз" энэ үг их нандин бас үнэтэй үг юм шүү. Яагаад гэвэл найзууд хэзээч нэг нэгнээсээ урвадаггүй. 3 найзынхаа тухай их сургууль төгсөхдөө нэг сайхан бичлэг бичээд блогтоо тавьж бэлэг барина даа гэж их боддог байсан ч залхуу зангаасаа болоод өдийг хүргэжээ.
Миний бэлгийг хүлээж авах 3 хүний маань нэг нь биднийгээ орхиод бурхны орныг зорин одсны дараа л өөрийгөө зэмлэхээс өөр хийж чадах юмгүй болжээ. Өнгөрсөн цаг хугацааг буцааж болохгүйгээс хойш нэгэнтээ найздаа түмэн бэлэг бариад, түмэнтэй уншаач гэж гуйгаад ч нэмэргүй болсон. Гэхдээ би бичлэгээ бичихээр шийдсэн. Яагаад гээч?
Бидний нөхөрлөл хэрхэн эхэлсэн, бид нэг зорилгын төлөө хэрхэн тэмцсэн, бид юунд хүрч чадсан, бид ирээдүйд юу хийх зорилготой байсан. Эх орон, ард түмэн, гэр бүл, найз нөхөддөө юу өгч чадах байсан зэргийг бусад хүн мэдээсэй гэж хүссэн юм.

Тогтохоотой танилцсан нь ...

2007 оны намар би 2 дугаар курсын оюутан, хэлний мэдлэгээ жаахан дээшлүүлэх санаатай хичээлийн хажуугаар англи хэлний курст суралцах болсон юм. Дамжааны хүүхдүүд дундаа жаахан таарууд нь орно. Манай ангид 2 /Тогтохоо, Жаргалан/найз бас суралцдаг байлаа. Намайг бодвол хавьгүй сайн л даа.
Нэг удаа хааяа очиж жаахан хичээл хийнгээ тайван орчинд нь унтдаг Монгол-Япон төвийн номын санд нөгөө англи хэлний сургалтын 2 найзын нэгэнтэй нь суудлын дугаараар зэрэгцэн сууж, өдөржин хичээл хийв. Ажаад байсан чинь нөгөө банди чинь манай сургуулийн оюутан болж таарлаа. Дараа нь Сургууль дээр явж байсан чинь ангийн анд Өлзийтэй маань жигтэйхэн дотно байнаа. Өлзий тэр 2 их ойрын хамаатнууд бөгөөд нэг сургуульд цуг сурдаг болохлээр их л дотно байдаг байсан. Нэг өдөр сургалтан дээр яриа өрнүүлж сургууль хичээлийн талаар ярилцсанаар бид 2 дажгүй найзууд болов. Явцын шалгалтын тест, хичээлийн ном энэ тэрээ нэг нэгнээсээ асууж сурагладаг. Өөр янз бүрийн зүйлийн талаар яриа нийлнэ гээд л...
Тогтохоо маань ер нь биднээс олон алхамын урд явдаг байсан гэхүү дээ. Ямар сайндаа л би "Ерөнхий шалгалтандаа жаахан тааруу оноо аваад өөрийн орох гэсэн ангидаа орж чадаагүй. 1-р курсын 9 сарын нэгэнд хүмүүс баяр хөөртэй ирж байхад тэр өдрөөс эхлэн би ямар шаардлага хангавал ангиа сольж өөрийн хүссэн, аавынхаа захисан мэргэжлийн ангид орох вэ? гэдэг талаар судлаж эхэлсэн" гэж намайг гайхшруулж орхисон юм. Сургууль дотор анги солих шалгалтыг 2-р курсын нэгдүгээр семистр дуусгаад авдаг бөгөөд өмнөх 3 семистрт 90-ээс дээш дүнтэй суралцсан, анги солих шалгалтанд хамгийн өндөр оноо авсан нэг оюутнийг төлбөргүйгээр хүссэн ангид нь шилжүүлэн сургадаг, бусад тэнцсэн оюутнууд нь тухайн жилийн сургалтын төлбөр дээр ахин нэг жилийн сургалтын төлбөр төлдөг байсан санагдана.
2-р курсын нэгдүгээр семистр дуусч Тогтохоогын шалгалт дөхсөн байлаа. Нэг өдөр тааралдсан чинь шалгалтандаа бараг бэлдээд дуусч байгаа талаар яриад, би шалгалтаа сайн өгвөл хамгийн түрүүнд чамд хэлнээ гэсэн яриагаар салцгаасан юм. Би тухайн үедээ нэг их тоолгүй, за ямар ч байсан шалгалтандаа тэнцээсэй гэсэн юм бодоод өнгөрсөн. Нэг өдөр утас дугараад "найз нь өөрийн хүссэн ангидаа орохоор боллоо Отгоо" гээд залгасан нь үнэхээр энэ сургуульд жинхнээсээ одоо л орсон, баярласан хүний шинжтэй байсан юм.
2-р курсын хавар их хурдан өнгөрсөн. Тогтохоо маань өөрийн хүссэн Санхүү менежментийн ангидаа сурж эхэлсэн юм.
Би мундаг сайн сурч чадахгүй ч гэсэн жаахан идэвхитэй санайтай байсан болохоороо оюутны эрдэм шинжилгээний хуралд орох юмсан гэж их боддог байсан. 3-р курсээсээ эхлэн оюутнууд ихэвчлэн эрдэм шинжилгээний хуралд орж эхэлдэг бөгөөд, ихэнхдээ багаараа ордог. 3-р курсын намар би эрдэм шинжилгээний хуралд орох хүсэлд автсан боловч надад багийн анд маань олдохгүй, ганцаараа орох гэхлээр нэг л болж өгөхгүй цаг үе байлаа. Нэг удаа Тогтохоотой тааралдангаа энэ талаараа ярилцаж байгаад салсан юм. Харин аз болж Тогтохоо ч гэсэн бас надтай нэг санаатай байсан юм билээ.
Дараа нь хоёулаа сургуулийн коридорын сандал дээр ярилцаж сууж байснаа "Отгоо чи намайг голохгүй бол хоёулаа нэг баг болоод эрдэм шинжилгээний хуралд орвол ямар вэ?" гэж санал тавьснаар бидний нөхөрлөл бүр илүү дотно, утга учиртай, нэг зорилготой болж эхэлсэн юм.

Бидний хамгийн анхны хамтын ажил...

Хамгийн анхны эрдэм шинжилгээний хурал маань Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохион байгуулсан хуралд бэлдэж эхэлснээр эхэлсэн юм.
"Нэг өдөр ангийн 2 найз маань Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга байсан Бадраа агсны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт оюутан шалгаруулах гэж байгаа талаар ярьж ангийн багш ангиас сайн сурлагын дүнтэй оюутнуудтай уулзаж байгаа талаар сонсоод найздаа энэ талаар хэлснээр найз маань Шудрага Ёсыг Бадраах сангийн тэтгэлэгт хамрагдаж, мөн бидний анхны хамтын ажлыг санал болгосон Шудрага Ёсыг Бадраах санг санаачлагч Батсайхан ахтайгаа танилцсан юм. Хичээлийн хажуугаар эрдэм шинжилгээний хуралд бэлдэж, Батсайхан ахын захиалсан "Монголын зочид буудлын зах зээл"-ийн судалгааг хийж их л завгүй нэг сарыг өнгөрөөсөн.
Энэ их ажлыг хийхэд хоёулаа амжихгүй тул судалгааны ажилдаа шинэ хамтрагч хайх шаардлагатай гарч ярилцсаны үндсэн дээр найзын маань үерхэж байсан охин, манай ангийн охиныг багтаа авахаар болсон юм. Цаад санаа нь хамтран судалгаагаа хурдан хийж боломж олдвол найзыгаа буцааж эвлэрүүлэх санаатай. Бид судалгаагаа амжилттай дуусгаж чадсан ч үерхэл дээр бидний санаснаар болоогүй. Салсан хоёр хүнийг буцааж нийлүүлэх, хамтран ажиллах гэдэг надад нэлээн хүнд байсан, дараа нь бүтээгүй болохлээр найзыгаа тайвшруулах гэж бас нэлээн юм болсон.
Ашгүй Батсайхан ахын ажлыг дуусгаж сүүлийн тайлангаа тавьснаар бидний ажил дуусч анхны хамтын ажлынхаа хөлсөнд 100$ -шагнуулж, япон хоолоор дайлуулж билээ. Одоо бодохнээ энэ ажил бид хоёрт их зүйлийг сургасан юм шиг санагддаг.
Ингээд Батсайхан ахын ажлыг дуусгаснаар эрдэм шинжилгээний хуралдаа эрчимтэй бэлдэх хэрэгтэй гэж бодож байтал нэг өдөр Тогтохоо маань -Отгоо хоёулаа бэлдэхээ больё. Би бэлдэж чадахгүй нь  найз охинтойгоо эвлэрч чадаагүй хэцүү байгаа нь бэлдэхээ болих шалтгаан болж байгаа талаар ярьж гарваа. Миний уур нэлээн хүрсэн байсан юмуу, гомдсондоо тэр юмуу -Наадах чинь шалтган биш, ганц охиноос болж ингээд арчаагүй юм. Би чамайг ийм гэж бодоогүй гээл баахан загнаж, уйлчаад яваад өгсөн чинь. Маргааш нь сургуулийн Цайны газар дуудсанаа найз нь нэг хүүхдийн бие даалт хийж өгөөд 5000 төгрөг авсан, ямар хоол идмээр байна, найзыгаа уучлаарай, хоёулаа эрдэм шинжилгээний хуралдаа бэлдэе гээд сэтгэл шулуудсан шинжтэй байсан.
Бидний анхны эрдэм шинжилгээний ажил маань тийм ч амжилттай болоогүй ч, бид хоёрыг цаашдаа хамтран ажиллахад  юуг анхаарах хэрэгтэй мөн нэг нэгнийгээ илүү их таних нэг том алхам болж өгсөн юм.


үргэлжлэл бий...





Цааш унших...

Friday, May 28, 2010

Би энэ нутагт төрсөн



Галуутын хавцал
Нутгийн хүмүүсийн домог яриагаар одоогоос 200-аад жилийн өмнө "Тоть" нуурын ус Галуутын хавцал үүссэн хотгороор ганцхан шөнө их дуу чимээ гарган нүүж одсон гэгдэх энэ хавцал нь гадаад дотоодын хүмүүсийн очих дуртай газрын нэг билээ.
Галуутын хавцал нь дунджаар 200-400 метр гүн, 50-200 метр өргөн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол ус үертэй үед хүчтэй сүрлэг хүрхрээ боргио үүснэ.

Говийн үзэсгэлэнт байгаль
Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 км-т их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Монголын говийн хамгийн том нуурууд болох Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамарана.
Их говийн чимэг болсон Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь их говийн элсэн манхнууд болон говь нутийн чимэг болсон заган шугуйд, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг бэлчиж, нүүдлийн соёл иргэншлийн томоохон төлөөлөгч болсон төв халхын малчин ардууд ажиллаж амьдарч байдаг нь гадаадын аялагчдын сонирхлыг өөрийн ирэхгүй татдаг билээ.
Орог нуурын хаяанаас дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ түүх соёлын нандин өв болох олон зуун хиргэсүүр, булш бунханууд нуурын зүүн хаяагаар ярайн байдаг.
Баянхонгорын говь нутаг нь энэ дэлхийн анхны хүн амьдарч байсан буурал түүхийн гэрч болохын зэрэгцээ аварга биет үлэг гүрвэлийн чулуужсан яс, түүний амьдарч байсан ул мөр болон дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавууд нь Баянхонгорын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг илтгэх болно.

Бичигт хад
Баянлиг нурууны Их Бичигтийн аманд эдүүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галарей бий.
Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг. Энэ зургийг МЭӨ - мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзэхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхлэж байсны нотолгоо юм. Иймээс энэ зураг нь Дэлхий дээр хамгийн анх түрүүн тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монгол гэдгийг харуулж байгаагийн илэрхийлэл гэж нэгэн судлаач хэлсэн байдаг.

Цагаан булаг
"Цагаан булаг"-ийн хадны дүрс зургууд нь хүүхдийн сэдвээс бүрдсэн зургуудын цогцолбор дурсгал юм. Энд хүүхэд гулгасаар байгаад хадыг хонхойлгон мөлгөр гадаргуутай болгосон боловуу гэмээр гулсуур хад, 3-4 настай хүүхэд хадыг хонхойлгон /хэв гарган/ гишгээд явсан гутлын мөр, хадан дээр хэв гарган бүтээсэн хэвтэж байгаа хүүхдийн дүрс зэрэг олон зургууд байдаг. Уг хүүхдийн зургийн онцлог нь гарын дунд хуруунд нь бусад хуруунуудаасаа хоёр дахин урт бөгөөд үзүүр дээрээ том товгортой, толгой дээрээ цагираг хэлбэрийн антен боловуу гэмээр дүрстэй, чих нь урт нарийн, хөл нь майга бөгөөд богинхохон, ахар сүүл нь урт дүрс байдаг. Мөн морины дүрс ч бий. Түүний хажуу талын хадан дээр хар өнгөөр бичсэн дүрс үсгийн бичээсүүд байдаг.

Түүх соёлын хосгүй нандин энэ дурсгалыг судалж байгаа зарим эрдэмтэд эдгээр дурсгалыг өөр гариг ертөнцийн оюун ухаантны бүтээл байж болох юм гэж үзсэн нь бий.

Шатар чулуу
Эрдэнэцогт сумын "Шатар чулуу" нь Монголд анх шатар үүссэн гэдгийг нотолсон баримт юм.
Эрдэнэцогт сумын нутагт байдаг "Шатар чулуу"-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм. Шатар чулууны домог нь Монгол овогтны нэгэн том шатар тоголдог хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн чулуун шатар хийн өрж тавьж байсан гэдэг. Энэ домгийг нотлох сүг зураг сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, Монгол шатрын дүрс хэлбэрүүд болох олон янзын чулуун сийлбэрүүд байдаг

Цагаан агуй
Баянлиг сумын Цагаан агуй нь дэлхий дээр хүн амьдарч байсан хамгийн цаад хугацаа юм. Энэ нь Баянхонгор аймаг хүний үүслийн өлгий нутаг гэдгийг харуулж байна.
Монгол улс тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг болохыг эрдэмтэд нотолсоор байна. 1996 онд Америк, Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан экспедицийн олсон олдвор нь дэлхий дээр одоогоос 750000 жилийн тэртээ хүн амьдарч байсныг нотолжээ. Энэ олдвор нь одоогоор дэлхий дээр олдоод байгаа олдворуудаас хамгийн эртнийх нь юм. Иймээс Баянхонгор аймаг нь хүн төрөлхтний өвөг дээдсийн өлгий нутаг юм.





Цааш унших...

Tuesday, May 18, 2010

"T.O.E" research friends 2010

За энэ "T.O.E" гэж нэг хэсэг нөхдүүд байгаа. Тэднийг Тогтохцэрэн, Отгончимэг, Энх-Амгалан гэдэг. 2009 оны хавар анх танилцаж Голомт банкны Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд хамтран оролцож байсан. Хамтраад хэд, хэдэн судалгааны ажил хийсэн. Яривал хөөрхөн түүхтэй. Гэхдээ дараа нэг сайхан бичлэг болгож оруулнаа.

Өнөөдөр Амбагатай уулзаж юм ярилцаж байгаад энэ хавар хийсэн судалгааний ажлаа өөрсдийнхөө блогоор дамжуулан нээлттэй тавихаар болсон /Тогтохоо мэдээж өөрийн блог байхгүй учир үүнийг зөвшөөрөөгүй. Гэхдээ багийн гишүүдийн 66.666(6)хувийн саналаар нийтлэхээр болсон шүү. Тогтохоо.. Хоёр андыгаа уучлаарай/юм. Энэ судалгааны ажлаар нэлээн олон эрдэм шинжилгээний хуралд орж, сонирхолтой гэмээр амжилтуудыг үзүүлсэн шүү.

Үүнийг олон нийтэд нээлттэй тавьж байгаагын гол зорилго дараагын жилүүдэд судалгаа, шинжилгээний ажил хийх оюутнуудад санаа өгөх, мөн бидний судалгааны ажлыг цааш нь улам илүү өргөжүүлэх, судалгаанд ашигласан арга техникыг сонирхон судлаасай гэсэн үүднээс юм шүү. Мэдээж та бүхэн ямарваа нэгэн зүйлд бидний судалгааг ашигласан бол ашигласан эх сурвалждаа дурдахаа бүү мартаарай.
Blog Matrice
Цааш унших...

Friday, May 7, 2010

Миний дуртай хичээл, миний амьдрал, миний хайр…

2005 он. Би есдүгээр ангид байсан санагдана. Шинэ оны эхний өдөр сайхан унтаж амрах төлөвлөгөөтэйгөөр урьд шөнөжингөө шинэ жилийн баярт зориулсан телевизийн хөтөлбөр үзсэн юм. Яг сайхан унтаж байсан чинь утас дугарч арван жилийн математикийн багш маань өнөөдөр 10 цагаас хоёрдугаар сургууль дээр математикийн олимпиадтай очоорой гээд амрах төлөвлөгөөг маань үгүй хийлээ.
Гадаа цас том том бударч ороод би гэдэг хүн “ямар юм нь шинэ оны эхний өдөр амрахгүй олимпиад энэ тэр зохион байгуулаад явж байдаг байнаа гэсэн юм бодсон шиг ” хоёрдугаар сургуулийн зүг дурамжхан алхална. Яваад очсон чинь Нямдаваа багшийн нэрэмжит “Мэдээний цаг ” бүлгийн анхдугаар олимпиадыг хотоос шавь нар нь ирж зохион байгуулж байгаа гээд МУИС-ийн 2-р курсын 2 оюутан ах бас манай дээд үеийн Далайжаргал, Гомбодорж ах нар байлаа.
Энэ олимпиадад би 10 ангид дэвшиж орж мөнгөн медаль бас уран бодолтийн шагнал авч байсан шиг санагдаж байна. Тэр үед л би анх Цагааныгаа харж байсан юм. Тухайн үед мундаг ах байна даа гээд л өнгөрч байсан.

2006 он.
“Мэдээний цаг” бүлгийн хоёрдугаар олимпиад 1 сарын 1-нд болно гэж хүлээсэн боловч болоогүй, он нэлээн гаргаад МУИС-ийн оюутнуудын амралтаар болсон санагдана. Энэ удаагийн олимпиадад аравдугаар ангидаа түрүүлсэн. Энэ жил би аравдугаар ангиа төгсөж оюутан болох жил байлаа. Нөгөө миний мундаг ах гэж бодоод өнгөрсөн ах бас ирсэн олимпиадын дараа аравдугаар ангийн олимпиадад орсон хүүхдүүд дээр очоод за ямар сургууль авья гэж бодож байна даа гээд амыг нь асууж байгаад над дээр ирсэн. Би тухайн үедээ болно доо. Эдийн засаг л сонирхоод байгаа гэхэд миний дэмжих чиглэлийн хүн биш байна, одоо ямар хүн болохоо мэдэхгүй байгаа хүнч дээ ухааны юм хэлчээд явсан.

Би айлын том охин, надад хамаатан саднуудаас маань зөвлөөд хэлээд өгөх хүн байдаггүй багаасаа өөрийнхөө бор зүрхээрээ л сурч, аливаад хандаж ирсэн болохлоор хүн надаас юм асуугаад би тэр асуултанд нь уначихаж байгаа юм шиг санагдаад болж өгөхгүй байхлаар нь нөгөө мундаг ахаас зөвлөгөө, тусламж авахаар мессеж бичиж байсан санагдана. Гэхдээ тухайн үедээ найз охин энэ тэр нь болно гэж болод битгий хэл зүүдэлж ч байгаагүй юм шүү. Тухайн үед зарим зүйлийн талаар асууж байгаад өнгөрч, цагаан сараар бүх хүмүүст сар шинийн мэндчилгээ явуулангаа нөгөө ахруугаа явуулсан чинь хариу ирж янз бүрийн юм ярьж байгаад нэг мэдсэн чинь найз охин энэ тэр болоод, би найз охин нь болоод явсан байсан.

Би математикийн хичээлд бага ч гэсэн бусдаас илүү байсандаа одоо болтол баярлаж явдаг юм. Яагаад гэвэл энэ хичээлп дуртай байснаараа би тэмцэх чадвар, шудрага ёс зэрэг амьдралын олон зүйлийг ойлгож аваад зогсохгүй ирээдүйнхээ мэргэжлийг сонгож, мөн хамгийн чухал хайртай хүнээ энэ л хичээлийн ач тусаар олж авсан гэж боддог шүү.
Тухайн үедээ нөгөө мундаг ахыг чинь та гэсээ байгаад санамсаргүй найз охин нь болсон хэрнээ чи гэж дуудаж чадахгүй та гэсээр л өдийг хүрчээ. Цаашдаа ч чи гэж дуудаж чадахгүй биз.

2010 он. Тэр үеээс хойш аль хэдийн 4 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд бид хоёр олон сайхан дурсгалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж, басхүү хүнд үеүүдийг ч хамтдаа даваад л гарчээ. Цаашид ч хамтдаа бусдын төлөө, нэг нэгнийхээ төлөө олон жил зүтгэх байх.

Өнөөдөр миний нөгөө мундаг ах, миний хайртай залуу маань энэ хорвоод мэндлээд 25 нас хүрч байна. Ингээд хайрдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

“Хэрвээ та хэн нэгэн залуу, бүсгүйтэй хөтлөлцөөд алхаж байхүедээ өөр хэн нэгнийг ийм итгэлтэйгээр гарыг нь атгахгүй юм шиг санагддаг уу, аль эсвэл өөрийн хүнтэй ингээд хөтлөлцөөд явж чадахгүй юм шиг санагддаг уу. Хэрвээ тийм бол тэрхүү хүн тань таны сэтгэлээ өгсөн хайртай хүн чинь мөн гэж би бодож байна. Түүнийгээ бүү алдаарай, учир нь ахиад тийм гарыг та олох нь эргэлзээтэй шүү дээ .”

Цагаан гэдэг бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, эгэл жирийн багш залуу бол миний хэзээ ч гарыг нь тавихгүй дээ гэж бодож явдаг хүн маань …



Цааш унших...