Saturday, September 24, 2011

TOE research friends ба Жаргалан

"T.O.E" research friends. Тиймээ энэ юу гэсэн утгатай вэ? гэжүү
Энэ бол Тогтохцэрэн, Отгончимэг, Энх-Амгалан нарын судлаач найзуудын баг билээ. Оюутны 4 жилийн хугацаанд бидний хийж бүтээсэн, сурсан зүйлүүд маш ихээс гадна бид насан туршын сайхан найзууд болж чадсан юм.
"Найз" энэ үг их нандин бас үнэтэй үг юм шүү. Яагаад гэвэл найзууд хэзээч нэг нэгнээсээ урвадаггүй. 3 найзынхаа тухай их сургууль төгсөхдөө нэг сайхан бичлэг бичээд блогтоо тавьж бэлэг барина даа гэж их боддог байсан ч залхуу зангаасаа болоод өдийг хүргэжээ.
Миний бэлгийг хүлээж авах 3 хүний маань нэг нь биднийгээ орхиод бурхны орныг зорин одсны дараа л өөрийгөө зэмлэхээс өөр хийж чадах юмгүй болжээ. Өнгөрсөн цаг хугацааг буцааж болохгүйгээс хойш нэгэнтээ найздаа түмэн бэлэг бариад, түмэнтэй уншаач гэж гуйгаад ч нэмэргүй болсон. Гэхдээ би бичлэгээ бичихээр шийдсэн. Яагаад гээч?
Бидний нөхөрлөл хэрхэн эхэлсэн, бид нэг зорилгын төлөө хэрхэн тэмцсэн, бид юунд хүрч чадсан, бид ирээдүйд юу хийх зорилготой байсан. Эх орон, ард түмэн, гэр бүл, найз нөхөддөө юу өгч чадах байсан зэргийг бусад хүн мэдээсэй гэж хүссэн юм.

Тогтохоотой танилцсан нь ...

2007 оны намар би 2 дугаар курсын оюутан, хэлний мэдлэгээ жаахан дээшлүүлэх санаатай хичээлийн хажуугаар англи хэлний курст суралцах болсон юм. Дамжааны хүүхдүүд дундаа жаахан таарууд нь орно. Манай ангид 2 /Тогтохоо, Жаргалан/найз бас суралцдаг байлаа. Намайг бодвол хавьгүй сайн л даа.
Нэг удаа хааяа очиж жаахан хичээл хийнгээ тайван орчинд нь унтдаг Монгол-Япон төвийн номын санд нөгөө англи хэлний сургалтын 2 найзын нэгэнтэй нь суудлын дугаараар зэрэгцэн сууж, өдөржин хичээл хийв. Ажаад байсан чинь нөгөө банди чинь манай сургуулийн оюутан болж таарлаа. Дараа нь Сургууль дээр явж байсан чинь ангийн анд Өлзийтэй маань жигтэйхэн дотно байнаа. Өлзий тэр 2 их ойрын хамаатнууд бөгөөд нэг сургуульд цуг сурдаг болохлээр их л дотно байдаг байсан. Нэг өдөр сургалтан дээр яриа өрнүүлж сургууль хичээлийн талаар ярилцсанаар бид 2 дажгүй найзууд болов. Явцын шалгалтын тест, хичээлийн ном энэ тэрээ нэг нэгнээсээ асууж сурагладаг. Өөр янз бүрийн зүйлийн талаар яриа нийлнэ гээд л...
Тогтохоо маань ер нь биднээс олон алхамын урд явдаг байсан гэхүү дээ. Ямар сайндаа л би "Ерөнхий шалгалтандаа жаахан тааруу оноо аваад өөрийн орох гэсэн ангидаа орж чадаагүй. 1-р курсын 9 сарын нэгэнд хүмүүс баяр хөөртэй ирж байхад тэр өдрөөс эхлэн би ямар шаардлага хангавал ангиа сольж өөрийн хүссэн, аавынхаа захисан мэргэжлийн ангид орох вэ? гэдэг талаар судлаж эхэлсэн" гэж намайг гайхшруулж орхисон юм. Сургууль дотор анги солих шалгалтыг 2-р курсын нэгдүгээр семистр дуусгаад авдаг бөгөөд өмнөх 3 семистрт 90-ээс дээш дүнтэй суралцсан, анги солих шалгалтанд хамгийн өндөр оноо авсан нэг оюутнийг төлбөргүйгээр хүссэн ангид нь шилжүүлэн сургадаг, бусад тэнцсэн оюутнууд нь тухайн жилийн сургалтын төлбөр дээр ахин нэг жилийн сургалтын төлбөр төлдөг байсан санагдана.
2-р курсын нэгдүгээр семистр дуусч Тогтохоогын шалгалт дөхсөн байлаа. Нэг өдөр тааралдсан чинь шалгалтандаа бараг бэлдээд дуусч байгаа талаар яриад, би шалгалтаа сайн өгвөл хамгийн түрүүнд чамд хэлнээ гэсэн яриагаар салцгаасан юм. Би тухайн үедээ нэг их тоолгүй, за ямар ч байсан шалгалтандаа тэнцээсэй гэсэн юм бодоод өнгөрсөн. Нэг өдөр утас дугараад "найз нь өөрийн хүссэн ангидаа орохоор боллоо Отгоо" гээд залгасан нь үнэхээр энэ сургуульд жинхнээсээ одоо л орсон, баярласан хүний шинжтэй байсан юм.
2-р курсын хавар их хурдан өнгөрсөн. Тогтохоо маань өөрийн хүссэн Санхүү менежментийн ангидаа сурж эхэлсэн юм.
Би мундаг сайн сурч чадахгүй ч гэсэн жаахан идэвхитэй санайтай байсан болохоороо оюутны эрдэм шинжилгээний хуралд орох юмсан гэж их боддог байсан. 3-р курсээсээ эхлэн оюутнууд ихэвчлэн эрдэм шинжилгээний хуралд орж эхэлдэг бөгөөд, ихэнхдээ багаараа ордог. 3-р курсын намар би эрдэм шинжилгээний хуралд орох хүсэлд автсан боловч надад багийн анд маань олдохгүй, ганцаараа орох гэхлээр нэг л болж өгөхгүй цаг үе байлаа. Нэг удаа Тогтохоотой тааралдангаа энэ талаараа ярилцаж байгаад салсан юм. Харин аз болж Тогтохоо ч гэсэн бас надтай нэг санаатай байсан юм билээ.
Дараа нь хоёулаа сургуулийн коридорын сандал дээр ярилцаж сууж байснаа "Отгоо чи намайг голохгүй бол хоёулаа нэг баг болоод эрдэм шинжилгээний хуралд орвол ямар вэ?" гэж санал тавьснаар бидний нөхөрлөл бүр илүү дотно, утга учиртай, нэг зорилготой болж эхэлсэн юм.

Бидний хамгийн анхны хамтын ажил...

Хамгийн анхны эрдэм шинжилгээний хурал маань Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохион байгуулсан хуралд бэлдэж эхэлснээр эхэлсэн юм.
"Нэг өдөр ангийн 2 найз маань Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга байсан Бадраа агсны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт оюутан шалгаруулах гэж байгаа талаар ярьж ангийн багш ангиас сайн сурлагын дүнтэй оюутнуудтай уулзаж байгаа талаар сонсоод найздаа энэ талаар хэлснээр найз маань Шудрага Ёсыг Бадраах сангийн тэтгэлэгт хамрагдаж, мөн бидний анхны хамтын ажлыг санал болгосон Шудрага Ёсыг Бадраах санг санаачлагч Батсайхан ахтайгаа танилцсан юм. Хичээлийн хажуугаар эрдэм шинжилгээний хуралд бэлдэж, Батсайхан ахын захиалсан "Монголын зочид буудлын зах зээл"-ийн судалгааг хийж их л завгүй нэг сарыг өнгөрөөсөн.
Энэ их ажлыг хийхэд хоёулаа амжихгүй тул судалгааны ажилдаа шинэ хамтрагч хайх шаардлагатай гарч ярилцсаны үндсэн дээр найзын маань үерхэж байсан охин, манай ангийн охиныг багтаа авахаар болсон юм. Цаад санаа нь хамтран судалгаагаа хурдан хийж боломж олдвол найзыгаа буцааж эвлэрүүлэх санаатай. Бид судалгаагаа амжилттай дуусгаж чадсан ч үерхэл дээр бидний санаснаар болоогүй. Салсан хоёр хүнийг буцааж нийлүүлэх, хамтран ажиллах гэдэг надад нэлээн хүнд байсан, дараа нь бүтээгүй болохлээр найзыгаа тайвшруулах гэж бас нэлээн юм болсон.
Ашгүй Батсайхан ахын ажлыг дуусгаж сүүлийн тайлангаа тавьснаар бидний ажил дуусч анхны хамтын ажлынхаа хөлсөнд 100$ -шагнуулж, япон хоолоор дайлуулж билээ. Одоо бодохнээ энэ ажил бид хоёрт их зүйлийг сургасан юм шиг санагддаг.
Ингээд Батсайхан ахын ажлыг дуусгаснаар эрдэм шинжилгээний хуралдаа эрчимтэй бэлдэх хэрэгтэй гэж бодож байтал нэг өдөр Тогтохоо маань -Отгоо хоёулаа бэлдэхээ больё. Би бэлдэж чадахгүй нь  найз охинтойгоо эвлэрч чадаагүй хэцүү байгаа нь бэлдэхээ болих шалтгаан болж байгаа талаар ярьж гарваа. Миний уур нэлээн хүрсэн байсан юмуу, гомдсондоо тэр юмуу -Наадах чинь шалтган биш, ганц охиноос болж ингээд арчаагүй юм. Би чамайг ийм гэж бодоогүй гээл баахан загнаж, уйлчаад яваад өгсөн чинь. Маргааш нь сургуулийн Цайны газар дуудсанаа найз нь нэг хүүхдийн бие даалт хийж өгөөд 5000 төгрөг авсан, ямар хоол идмээр байна, найзыгаа уучлаарай, хоёулаа эрдэм шинжилгээний хуралдаа бэлдэе гээд сэтгэл шулуудсан шинжтэй байсан.
Бидний анхны эрдэм шинжилгээний ажил маань тийм ч амжилттай болоогүй ч, бид хоёрыг цаашдаа хамтран ажиллахад  юуг анхаарах хэрэгтэй мөн нэг нэгнийгээ илүү их таних нэг том алхам болж өгсөн юм.


үргэлжлэл бий...





Цааш унших...