Friday, August 7, 2009

Шийдвэрээ гэж .....

Өнөөдөр гадаа бороо ороод сэрүүхэн байнаа. Зуны үргэлжилсэн халуун өдрүүдийн дунд тохиолддог цөөхөн өдрийн нэг нь өнөөдөр юм шиг санагдаж байна. Унтаж унтаж босоод хоол хийж, жаахан цэвэрлэгээ хийж явлаа. Оюутан болсноосоо хойш энэ жил л амралт гэдгийг хэрэгжүүлж байна даа. Ямар нэгэн сэтгэл шаналгасан юм бодох зүйлгүй зүгээр л өглөө сэрэх ч бас гоё шүү.
Гадаа бүрхэг болохоор сэтгэл санаа харин жаахан тавгүйтэх гээд байх шиг. Янз янзын юм бодоод л... хэ хэ.
Гэнэт ангийн багшдаа загнуулж, ангиасаа хөөгдөн байж өөр ангид орсон маань санаанд орлоо.
Бодоод байхад миний амьдралдаа гаргаж байсан шийдвэрүүдийн маань хамгийн зөв нь 6-р ангидаа жирийн ангиас гүнзгий ангируу орж байсан маань юм шиг байгаа юм. (одоогийн байдлаар!!) Тэр үед энэ шийдвэрийг гаргаагүй байсан бол одоогийн Отгоогоос яагаад ч дээр байхгүй байсан байх гэж боддог юм.
Зүгээр хүн сонсоод гайхаж мэднэ л дээ, энэ нэг юм өөрийгөө гайхуулах гэж л "би гүнзгий ангид орж байсан маань миний хамгийн зөв шийдвэр" хэлж байна гэж бодох байх. Гэхдээ миний хувьд бол одоогийн Отгоог бий болгосон шийдвэр гэж хэлж болно.
2001 оны намар би 6-р ангид элсэн орсон юм. Нэгээс тавдугаар анги хүртлээ нэг ангид сурч, ангийнхантайгаа их л эвтэй байдаг байлаа(өөр ангид орно гэдэг бол бүтэхгүй зүйл, энэ ангидаа сурсаар яваад л сургуулиа төгсөнө гэж боддог байсан гэхүү дээ..). Хичээл эхлээд удалгүй манай сургууль математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байгуулахар болсон, орох сонирхолтой хүүхдүүд математикийн шалгалт өгнө үү гэсэн зарлалыг хараад санаандгүй явж байгаад шалгалт өгчихсөн чинь ангийнхаа хэд хэдэн найз нарын хамт тэнцсэн байлаа. Тухайн үедээ ангийнханаасаа салж хагацаж чадахгүй, нэг л сүрхий хүн би гүнзгий ангид орохгүй, ангийнханаасаа салахгүй гээд л их мундаг байлаа. Гэхдээ 6-р ангиудаас аль ангийг суурь анги болгож гүнзгий анги үүсгэх нь тодорхой бус байсан юм. Суурь болгосон ангийн хүүхдүүдийг өөр ангиуд руу хуваарилж, шалгалт өгөөд тэнцсэн хүүхдүүдийг нэгтгэн анги үүсгэх ба тэр үеийн сургуулийн захирал байсан П.Тогоо багшийн охин манай ангийн багш байсан юм. Нэг өдөр бие өвдөөд хичээлдээ явж чадалгүй маргааш нь хичээлдээ ирсэн чинь 6д ангийг (манай анги)гүнзгий анги болгохоор болсон гэсэн яриа хүүхдүүд ярьж байлаа. Ангидаа ороод ирсэн чинь ангийнхан гэж бөөн барагар царайлсан хүмүүс, зарим нэг нь уйлаад нүд нь хавдсан (ангийнхандаа их хайртай болоод тэр байхгүй юу сална гэж бодохоор л уйлмаар санагдсан юм байлгүй.) байлаа. Ангийнхан багшаас гуйгаад л "багшаа бид нарыг битгий салгаач, бид нар энэ хамт олноороо л 10-р ангиа төгсмөөр байна. Бидн нар гүнзгий ангиас илүү сурч чадна" энэ тэр гээд л их олон юм ярьж байлаа. Уг нь бол сургуулийн захирлын санаа нь бол ганц охиныхоо ангийг гүнзгий анги болгоод өгье л гэж бодсон байх. Энхмаа багш (захирлын охин)ч нэлээн явсаны эцэст ангиа бүрэн бүтнээр нь үлдээхээр болж 6е ангийг тараахаар болов. Ингээд анги тарах аюулаас мултарч хүүхдүүдийн нэг санаа нь амарлаа. Ангийн хүүхдүүд Отгоо чин гүнзгий ангид орох уу гэж асуухад би гэж нэг л сүрхий амьтан "үгүй би та нартайгаа нэг ангид байнаа. Гүнзгий ангийн шалгалтыг зөвхөн өөрийгөө ямар хэмжээнд байгааг л мэдэх гэж өгсөн юм" гэж хэлэв. Хичээл ч тарж би ч яахав гэртээ ирлээ.
Маргааш нь хичээлдээ очсон чинь багш гэж бөөн уур болсон хүн ангийнхныг загнаад " та нар тэр гүнзгий ангируугаа зайлах нэг нь зайлаарай гээд л " хэнд хандаж хэлээд байгаа нь мэдэгдэхгүй байлаа. Тэгсэн чинь манай ангийн хоёр гурван хүүхэд (Дашка, Нуугий, Гэрлээ)ангидаа байна энэ тэр гэж баахан юм ярьж байснаа маргааш өглөө нь гүнзгий ангид орохоор болсон юм байх тэрнээс болоод л багш уурласан гэж ширээний найз маань хэлэв. Би ч багшийн уурыг намдаах гэж багшаа би гүнзгий ангид орохгүй, ангидаа л байна гэсээр эхний цаг завсарлав. Энэ өдөр сургууль дээр бараг хичээл орсонгүй. Гүнзгий ангиа байгуулна, суурь ангийн хүүхдүүдийг бусад ангируу нь хуваарилна гээд л багш нар их ажилтай байсан уу, аль эсвэл далимдуулаад хичээлээ ороогүй юу бүү мэд. Хичээл ороогүй байсан болохоор хүүхдүүд ангидаа манай ангид ямар хүүхэд орж ирэх бол, гүнзгий ангид ямар хүүхдүүд орсон бол, амралтаар юу хийсэн гээд л олон зүйлийн талаар ярилцаж байлаа. Тэгсэн чинь манай ангид гурван хүүхэд шилжиж ирж байгаа гэж багш хэлэв. Хэн юм бол аль сургууль, сум, аймаг юм бол гэж бодож байтал манай сургуулийн 6а-гын гурван охин(Цэрэннадмид, Нарангоо, Ганцэцэг байхаа.) байдаг байгаа. Ядаж байхад тэр охидуудад би жаахан тал муутай (одоо бодоод байхад хүүхэд насны гэнэн зан л байж дээ гэж бодоод инээд хүрдэг юм.). Ингээд миний ангидаа үнэнч байх бодол гэнэт өөрчлөгдөв. Тэгээд ангийн багш дээр очоод " багшаа би ерөөсөө гүнзгий ангид орлоо." гэж хэлчээд гараад ирэв. Хэлсэнийхээ дараа хэрэггүй ч хэлэв үү дээ, ангидаа байсан нь ч дээр юмуу гэж хэсэг бодлоо. За за болохгүй бол орохоо боличлоо гээд л багшид хэлчинэ дээ (амар байгаа биз хүний янз үзэх гээд л дураараа гэдэг нь...) гэсэн юм бодоод байж байтал багш ангид орж ирснээ намайгаа ангиас хөөдөг байгаа(Отгончимэг гуай та тэр гүнзгий ангируугаа яв. Манай анги чамаар дутахгүй. Сурах бичгүүдээ хураалгаад тэр гүнзгий ангидаа ор гээд л их л загнасан.). Би гэж ангийнхан дундаа бөөн байдалд орсон хүн (нүүр гэж час улаан) " за " гэж хэлээд цүнхэн дэх номоо хураалгаад л гараад явсан. Харин манай ангийнхан багшид юу ч хэлж чадаагүй (амихандаа ангийнхнаараа өмөөрүүлэх гэсэн юм байлгүй. Дараа нь ангийнхандаа хэсэг хугацаанд л гомдол тээж явсан даа). Мэдээ орсоноос хойш анх удаа л хүнд ингэж хэлүүлсэн шиг байгаа юм, сэтгэлд их л эвгүй санагдаж байлаа. Ингэж л би гэдэг хүн гүнзгий ангид орж байсан юм даа. Бодоод байхад тэр үед намайг бурхан ивээсэн юм шиг байгаа юм.
Багшдаа загнуулж ангиасаа хөөгдсөн (нэг хэсэг хугацаанд багшдаа хөөгдсөнөө бодохоор би тэр олон хүний дургүйг хүргэн байж энэ ангид орсон юм чинь сайн сурах хэрэгтэй гэж өөрийгөө дайчилдаг байсан. Одоо бодоход гэнэхэн бодол байсан юм шиг боловч тэр үедээ л намайг хөдөлгөж байсан бодол шүү), ангийнханыхаа өмнө байдалд орж, сайн найзаасаа салсанаасаа болоод нэг жил ганцаарлагдмал байдалтай явсан. Энэ хугацаанд надад номын сангаас өөр нөхөр олдоогүй л юм даа(номын сан ч сайхан шүү). Номтой нөхөрлөснөөр би их зүйл суралцсан.
Энэ олон зүйлийн эцэст юу гэх гээд байна гэхлээр хүн өөрчлөлтийг даван туулж түүнд зохицох чадвартай байх хэрэгтэй, бас чамайг дээрээс бурхан (бурхан багш) харж байдаг юм шүү(Чи зөв санаа бодолтой байх юм бол шүү дээ, бурхан ивээхгүй юмаа гэхэд заяа чинь ивээнэ).
Амьдрал гэдэг бол санаатай болон санамсаргүй үйлдлүүдийн цуглуулга байдаг. Зарим зүйл чамаас хамаарна, зарим нь чамаас үл хамарна. Өөрөөс хамаарах ямар нэгэн шийдвэрийг сайн бодож байж гаргаарай (бурхан багш хүн болгоныг байнга ивээгээд байхгүй шүү дээ).Яагаад гэвэл дараа нь харамсагүй.Намайг бол тэр үед бурхан багш ивээсэн байхаа.

No comments:

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.