Friday, August 7, 2009

Д.Оюундэлгэр "Ээждээ"

Одоо болтол ижийдээ яагаад шүлэг бичээгүй юм бол
Ондоо бүр надад хайргүй залууст хичнээн их зориулав
Од буудалсан гүн шөнийн тэнгэрт миний маргаашийг залбирч
Олон шөнийн нойроо сэтгэлийн зовлонгоор солисон доо

Зөөлөн гарых нь цайнд ижил үгүй дасчихаад
Зовлон гэдгээс нь хугасалж үргэлж дэргэд байх юм шиг
Томоо болсон хирнээ дундардаггүй хайранд нь өлгийдүүлсээр
Толио нь муудсан ижийдээ эрхэлж суудаг сэтгэл минь

Даанч гэнэн юмдаа хүн ижиитэйгээн байхад
Дассан сэтгэлийг нэг л өдөр хагацал нөмөрөхийг мэдэхгүй юм
Зоосон наран шиг эх хайр дэргэд мандаж байхад
Зовлонтойхон дурлалд бэтгэртлээ гуниж шүлэг хэлхэх ч гэждээ

Хайрлаа ч үгүй хараа ч үгүй хэн нэгний төлөө
Хамаг байдгаан зориулж амиа тавих дөхдөг хирнээ
Бүртийх ч саргүй үдэш оройтоод ороход минь
Бүлээн цайтай суудаг ижиигээ яагаад магтаагүй юм

Намайг хүн болгох гэж насаа гээж яваа
Намхан буурал хөгшин эргэж хэзээ ч олдохгүй
Орчлонд өөрийгөө мартаж бүгдийг хайрладаг ганц л хүн байдаг
Охиндоо хүслээ ,насаа ,зүсээ өгсөн ижий тэнгэр тэрээ

Зул бүгээн үдшээр эрхиний бөөр имэрч
Зуун насыг биш үрийнхээ л ирээдүйг
Төрийн сүлд газар тэнгэртээ даатгасан
Төрлөх Монгол эхийн эвийн тахилгатай гар дээр

Бүүвэйн дуу хурайлуулж хүн болсон бүхэн
Бүтэн нэртэйгээ мөнхрөх энэрэл хайрыг дуулдаг
Урсан урсан өнгөрөх он цагийн түрлэгээс
Урьтаж яаран ижийдээ шад шүлэг бичьё дээ

Харамч хатуу хорвоо өгсөнөө эргээд авчихдаг юм чинь
Хайраар бичсэн мөрүүдээрээ ашдын заяаг нь аргамжаад
Халуун дулаан сэтгэлд нь мөнхийн зул болж
Халхын буяныг дээдэлдэг ижийгээн хайралж явья даа

1999 он

No comments:

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.