Saturday, September 26, 2009

Отгон хүүхэд отгон байхаа больсон нь ..

Би гэж нэг хүн 10 жил айлын бага хүүхэд гэж нэрлэгдэн, Отгончимэг нэрэндээ таарсан отгон хүүхэд байлаа. Тэгтэл Отгон хүүхэд байх хугацаа маань дуусч, айлын том охин болж эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй болчихсон шүү. Анхандаа айлын бага хүүхдийн аашаа орхихгүй ээж аавдаа эрхэлдэг л байлаа. Дүүтэй байж сураагүй болохоор хоёр дүүгээ асрах гэж нэлээн юм болно бас гаргах гаргахгүй ааш гаргаж ээж, аавдаа жаахан зандруулна. За ингээд эгч болсон хүн чинь дүүгээ асрах ажилд томилогдох нь тэр. Ээж ажилдаа яваад би гэж хүн дүүгээ харах гэж нэлээн будилна. Уйлахлаар нь л ээж нь ирж байна уу гэж дэмий л хашааны гадаа гарч гудамжны үзүүр ширтэнэ. Амихандаа олон хараад байвал ээж хурдан ирчих юм шиг санагдаад. Энэ мэтээр эгчийн ажилд суралцаж эхэлсэн дээ. Хийх ажил, хариуцлага нэмэгдээд нэг ёсондоо бол хоёр дүүгээ хариуцсан албан тушаалтан болсон доо. Яваандаа хоёр дүүдээ улам хайртай болж энэ хоёрыгоо л би сайн хүн болгох ёстой бүр энэ бол миний үүрэг гэж бодох болсон.
Өдөр цаг урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд эгч нь оюутан болж, хоёр дүү маань сургууль, цэцэрлэгт орлоо. Нэгдүгээр курсын оюутан хүнд хамгийн хэцүү зүйл бол гэрээ санах. Анх удаа гэрээсээ холдож биеээ дааж амьдарлд хөл тавих гэдэг бол хүн бүхний туулдаг амаргүй үе. Тэр үед манай сургууль арай дэндүү олон хичээл ордог байсан (одоо санахын 11 хичээл, философи, монголын түүх, соёл судлал гээд унших юм ихтэй хичээлүүдийг нэг семистрт бөөнөөр нь орно гээч). Гэрээ санахын эхлэл нь хоёр дүүгээ санахаас эхлэнэ дээ. Утсаар ярьж уйлна, шөнө зүүдэлнэ гээд л.
Жил ирэх тусам миний дүү нартаа хандах хандлага, тэднийхээ төлөө хийх зүйл, хийе гэж бодох зүйлүүд маань өөрчлөгдсөөр л улам л ихийг бодож байна.
Анхандаа тэднийгээ асрах гэж нэлээн тэвддэг байсан бол одоо харин яаж зөв хүн, сайн хүн болгох вэ? гэдэг миний хийх зүйл болжээ.
Өнгөрсөн зуны амралтуудад гэртээ богино хугацаагаар очдог байсан бол энэ жил бүр зорилготойгоор хичээлээ тараад дадлагаа хийж дуусгаад л очсон. Энэ зуны амралт бол миний хувьд ямар нэгэн зүйлд суралцах, ажил хийж мөнгө олох зорилготой байсангүй. Харин гэр бүлийнхээ асуудалд нэлээн төвлөрсөн амралт болсон. Ингэснээрээ ч олон зүйлийг шийдвэрлэж чадсан гэж бодож байна.
Охин дүүг маань багаасаа дүүтэй байсан болохоор нэг их эрх биш ер нь биеээ даасан шинжтэй болохоор түүндээ найдаад эгч нь бага санаа зовно. Зарим хүмүүс дүүг маань хараад яг Жижиг Отгоо шүү.. энэ байж байгаа нь гээд л эгч дүү хоёрыг адилсгана.
Харин эрэгтэй дүү маань их хөдөлгөөнтэй, ёстой л нэг дүрсгүй шар толгой доо. Том толгойтой гэж хүмүүс шоглохлоор нь ухаантай хүний толгой нь том байдаг юм хэмээн өмөөрдөг эгчийн дүү. Өнгөрсөн хавраас 6 настай нэгдүгээр ангийн дүү маань РС гэдэг тоглоомын газар луу байж байгаад явах боллоо гэж ээж аав хэлэх болсноор эгчийнх нь санаа дахиад л зовж эхлэв. Утсаар ярих гэхээр эгчээсээ эмээгээд ярихгүй. Дэмий л ээж аавдаа, охин дүү, ахдаа л захиж тэднийгээ зэмлэнэ.
2дүүтэйгээ зуны амралтын хэсэгхэн хугацаанд жаахан хичээл хийх гэж оролдсон. Энэ хугацаанд тэднийхээ аливаа зүйлд хэрхэн ханддаг болон аливаа зүйлийг сурахдаа хэрхэн хандаж байгааг нь, цаашид яах хэрэгтэй байгаа талаар бага ч гэсэн ойлгож, эгч хүний хувьд яаж дэмжиж өгөх хэрэгтэй вэ? гэдгээ ойлгож авсан. Эрэгтэй дүү маань хүлээж байснаас хурдан хугацаанд хүрдээ сайн цээжлэж, үржих үйлдэл, баганан бичлэгийг сайн сурч байсан нь эгчдээ барьсан том бэлэг байсан.Эмэгтэй дүү маань ямар ч зүйлд идэвхитэй ханддаг, давтлагаа нэг ч удаа тасдаагүй нь түүний хариуцлагатай хандаж байсан нь эгчийн хувьд баярламаар зүйл болж байлаа.
Надад ийм хөөрхөн хоёр дүүтэй болгож өгсөн ээж аав хоёртоо үргэлж би талархаж байдаг.
Эгч нь 2 дүүгээсээ хол байгаа боловч та 2-ынхоо төлөө үргэлж санаа зовж байдаг шүү.
Том эгчийн хичээл зүтгэл 2 дүүгийн авьяас чадвар хэзээ нэгэн цагт биднийг амжилтанд хүргэж Гансүхийн хүүхдүүд гэсэн тодотголыг бидэнд авчирч, эцэг эхээ баярлуулах өдөр ирнэ гэдэгт эгч нь итгэж байна.

Санаа тавих, хүнтэй байна гэдэг сайхан шүү.

1 comment:

Цагаан said...

Энэ нийтлэлийг хэзээ бичээд оруулчихсан юм бол доо. Ариунболд бол АВЪЯАСТАЙ хүн л дээ. Би дуучин, математикч 2 тэнгэрээс заяадаг гэж хэлээд байдаг. Миний амнаас "авъяастай" гэдэг үг дуулсан хүн ч их цөөхөн дөө. Сэрчмааг л гэхэд би авъяастай гэдэггүй ш дээ, зэвэрсэн амьтан миний гар дээр ирсэн л дээ. Ариунболд бол их олон талын давуу байдалд байгаа хүүхэд. Надад гэхэд л улсын болон олон улсын олимпиадны түвшинд хүрсэн ийм олон дэмжигч, зөвлөгч байсан бол ч... гэх сэтгэгдэл төрж байна ш дээ. Хэзээ нэг өдөр миний хүүхдийн нагац ах нь олон улсын олимпиаднаас медаль авчрах байлгүй дээ, авчраасай гэж би хүсч байна. Бэлтгэл сайн хийсэн хүнийг бурхан мартдаггүй л дээ...

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.