Monday, December 14, 2009

Утсаа алдах шахлаа ш дээ..

Манай гэр сургуулиасаа 10 минут яваад хүрэх газар байдаг болохлоор би оюутны виза хэрэглэлгүй мөн автобусанд нэг их олон суулгүй оюутны 3 жилийг өнгөрүүлжээ. Гэр сургуулийн хооронд ихэнхдээ явдаг болохоор визаны хэрэг ч гардаггүй. Энэ нь зарим талаараа сайн боловч зарим нэг талаараа дутагдалтай юмаа. Жишээ нь: ихэнхдээ гэр сургууль гэсэн маршруттай надад заримдаа өөр чиглэлд явах хэрэг гарахад адаглаад л ямар автобусанд суухаа хааяаа мэдэхээ больчихно, олон дахин автобусанд суувал мөнгөө бодож жаахан харамсана.

Би ажилдаа өглөө 9:00 гэхэд очсон байх ёстой. Уг нь нэг их цаг бүртгээд байдаггүй ч би өөртөөө хариуцлагатай байх үүднээс цагаа барихыг их хичээнэ. Ингэхлээр хааяаа цаг маань дөхөөд хоцрох шинжтэй болвол аль эсвэл хүйтэн даарах гээд байвал сэтгэлээ хуурч автобусанд мөнгө төлж суух юм. Автобусанд суухдаа би даарахгүй, алхаснаас хурдан ажилдаа очно гэсэн сайхан бодлууд өвөртлөөд л.. Даанч автобуснаас буухдаа энэ бодол маань яах гэж би автобусанд суувдаа зүгээр л тэсээд алхах байж гэсэн бодлоор солигдоно гээч. Учир нь би адхвал 30 минут яваад л ирдэг газар автобус намайг 40-50 минутын хугацаанд авчирдаг (ажилдаа 10-20 минут хоцордог), шахцалдаад хөлөн дээрээ бол гурваас олон удаа гишгүүлж (гишгэсэн хүнд гомдохдоо ямар их шахдаг юм гэж бухимдаж эсээ үхүүлнэ)халтар гуталтай бууна. Ёстой л нээрэн Хүрлээгийн "Эргэлзээ" жүжиг шиг яваад ч байгаа юм шиг, явахгүй ч байгаа юм шиг автобусанд суугаад цаг хэмнээд ч байгаа юм шиг, хэмнээгүй ч юм шиг байх юм даа. Энэ бол автобусанд суухын сөрөг тал.

Давуу тал нь юу гээч?? мэдрэмжтэй, тэнцвэртэй, тэвчээртэй болох. Миний суусан автобус тийм байдаг юмуу аль эсвэл бүх автобус тийм байдаг юмуу замын эргэлт болохоор би бараг согтуу хүн шиг л гуйвна(харин ойрдоо эрүүл болоод байгаа), зогсоогоороо хөдлөхгүй удаан хугацаанд байна гэдэг бас тэвчээр шүү (автобусанд суудал дээр сууна гэдэг бол миний хувьд их азтай өдөр гэсэн үг), өнөөдөр би утсаа алдахаа шахсан (куртикныхаа кармаанд утсаа хийчээд цахилгаандчихсан байсан чинь тайлагдчихсан байхлаар нь гайхаад дахиад цахилгаандсан чинь дахиад тайлагдчихсан байдаг байгаа. Тэгэхээр нь цахилгаандчаад ажиглаад байсан чинь хажууд явж байсан нэг залуу кармаа руу маань гараа явуулж байдаг байна шүү.) гэхдээ хулгайчыг цаг алдалгүй барьж авсан. Харин хулгайч надаас гар хоосон байсангүй, автобусны хариулт 200 төгрөгийг минь хулгайлсан (утасны дэргэд гайгүй байгаа биз.. Автобуснаас буучаад хариултаа бодсон чинь кармаанд утастайгаа хийснээ санав)байна лээ.

Үүнд хэн ч буруугүй зүгээр ч би автобусанд сууж сураагүйдээ л ийм байдалд орж байгаа байх. Нэгдүгээр курсээсээ автобусанд сууж явдаг байсан бол дээрх зүйлс зүгээр л жирийн асуудал байхгүй юу. Удахгүй автобус, халаасны хулгайч 2-н занг таньж дасан зохицох байхаа (ер нь хаа ч явсан болгоомжтой явахад буруудахгүй юм байна шүү). Өдөрт хэдэн арван оюутан, залуус утас, түрийвчээ энэ халаасны хулгайч нарт алддаг болдоо. Цаанаа тэдний ажиллах хүчээ шавхаж байж олсон аль эсвэл аав эжийнх нь сарын цалин байсан гэдгийг бодохоор дургүй хүрч байна.

No comments:

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.