Friday, December 11, 2009

Монголын хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй асуудал

Таньд ашигтай ажиллах бизнесийн санаа байгаад түүнийг санхүүжүүлэх мөнгөн хөрөнгө хэрэгтэй байна уу? Аль эсвэл таньд мөнгө байгаад юунд зарцуулж, ямар үйл ажиллагаа эрхэлж хөрөнгөө өсгөхөө мэдэхгүй байна уу?
Хөрөнгийн зах зээл бол дээрх этгээдүүдийн ашиг сонирхлыг нэгтгэж нэг хэсгийнх нь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр нөгөө хэсэгт нь ашигтай хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө өсгөх боломжийг олгодог зах зээл юм. Энэ боломж 1990 оны эхээр Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр бидэнд бий болсон. Тухайн үед нийгэм, эдийн засгийн хувьд алдаа оноотой олон шинэчлэлүүдийг хийсний нэг нь Монголын хөрөнгийн бирж байгуулагдаж бүх нийтээрээ хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болох эхлэлийг тавьсан Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичиг ард иргэдэд тараасан явдал юм. Энэ үйл ажиллагааг ард иргэд, мэргэлжийн хүмүүс янз бүрээр л дүгнэсэн байдаг. Энэ бол өнгөрсөнд болсон үйл явц...
Тэгвэл хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн энэ 18 жилийн хугацаанд бид юу хийв? ямар үр дүнд хүрсэн бэ? Цаашид юу хийх хэрэгтэй вэ? гэсэн асуултууд ар араасаа гарч ирнэ. Бидний өнгөрсөн хугацаанд хийсэн үйл ажиллагааны үр дүн (гадаад эдийн засгийн нөлөөлөл байгаа) нь өнөөгийн хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлыг бий болгоод байна.

Энэ нөхцөл байдлыг товчхон авч үзвэл:
  • Хөрөнгийн зах зээлийн хэмжээ (market capitalization) дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувьтай тэнцүү. (Банкны салбарын ноёрхол давамгайлж байна гэхэд буруудахгүй)
  • Үйл ажиллагаа нь идэвхитэй бус.
  • Хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй.
  • Дэд бүтэц, техник технологийн хөгжил сул.
  • Иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл банктай харьцуулахад бага (ХОЭБичиг тэдэнд таагүй дурсамж үлдээсэн).
  • Мэдээллийн ил тод байдал муу (мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах боломж бага)
  • Томоохон хувьцаат компаниуд (Спирт бал бурам, Петровис) нь хааллтай компани болж эхлээд байна.
  • Эдийн засгийн хямралын нөлөөгөөр хөрөнгө оруулалт буурсан.
Үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?
Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар болох уул уурхайн салбарын компаниудын хувьцааг монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалах, үндэсний нээлттэй хувьцаат компани бий болгох. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг Euroasiacapital, Frontier зэрэг андеррайтер, брокер диллерийн компаниуд эхлүүлээд байгаа боловч илүү ихийг хийх хэрэгтэй байна. Мөн иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, улмаар тэднийг энэ зах зээлд татан оруулах. Хөрөнгө оруулалгчдад үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь хүргэх нэгдсэн сүлжээ бий болгосноор хөрөнгө оруулалт илүү үр ашигтай болж эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Төр засгаас хууль эрх зүй, техник технологийн асуудлыг шийдвэрлэснээр тодорхой бус байдал багассанаар энэ зах зээлд оролцогчдийн тоо, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ.
Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр хөрөнгийн зах зээл хөгжих урьдач нөхцөлүүд нь бүрэлдэж хөрөнгө оруулагч болон хөрөнгө татаж буй пүүс, компаниийн аль алиных нь ашиг сонирхол бүрэн утгаараа хэрэгжих юм.

Монголын ирээдүйн хөгжлийг бүтээх оюутан та ч гэсэн эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө одооноос эхлэн өөрийгөө бэлдээрэй.

No comments:

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.