Monday, December 14, 2009

Э.Үржинханд "Аз жаргалын эрэлд"

“...-Заза, тэгээд өөр захих юм байхгүй юу, одоо уйлж болохгүй шүү... Би Мөнгөөнөөг аваад явж байна. Удахгүй очлоо.” хэмээн Гэрлээд нялх хүүхэд аргадах мэт учирлангүй хэлээд эмнэлгээс холгүйхэн хүүг нь хөтлөн алхаж явтал:
“-Ундрал“ хэмээн чангаар дуудахад цочих шахан эргэж харвал өндөр цагаан залуу танимхайран баяр хөөр болсон инээмсэглэлээр угтаж зогсоно. Ундрал хэн болохыг тааж ядан:

“-Ямартай ч харсан царай мөн дөө” гэхээс биш хаана, хэзээ харсан талаархи дүрслэл хараахан орж ирсэнгүй. Чингэтэл илүүг бодохын ч зуургүй:

“-За, сайн уу. найз минь” хэмээн өнөөх залуу их л өөриймсөг инээмсэглэсээр ирж гараа сунгахад, Ундрал бяцхан хүүг хөтлөнгөө залууг таниж ядан:
“-Сайн сайн ” хэмээн үл мэдэг түгдрээд гараа чихэндээ хүргэж:
“-За байз, Юу билээ?” гээд асуучихав.
“-Тулгаа л байна шүү дээ. Гантулга. -Өө, 10 жилийн андыгаа танихгүй байгаа юмуу?” хэмээн гомдох тунихын алин болох нь үл мэдэгдэм хэлэхэд сая л нэг түүнийг таньсан Ундралын харцанд нь гэрэл туяарах мэт инээмсэглэж:
“-Хүүе ээ, тийм байна. Ямар сонин хүн бэ” гэсээр багын андууд баярлалдан уулзаж, элдвийг хөөрөлдөж гарлаа. Тулгаа:
“-За, энэ муухай жаал чинь хэн бээ? Яасан хөөрхөн орос хүүхэлдэй шиг хүүхэд вэ?” хэмээн өхөөрдөнө. Чингээд арав гаруй жил уулзалдаагүй багын найзуудад дуулгах сонин алийг тэр гэх вэ. Ойролцоох зоогийн газар сууж энэ тэрийг хуучилж гарлаа.
Хөвгүүдтэй тэр болгон нийлдэггүй ч бас жожиг биш, мөн сургуульдаа хамгийн сурлагатайд тооцогдож, багш нар хүртэл хэрсүүг нь гайхан магтдаг, даруухан туранхай бор хөвгүүн байсан Тулгаа одоо нүдэнд дулаахан өндөр цагаан залуу болжээ. Энэ удаан хугацааны дараа нэг нэгнээ хичнээн өөрчлөгдсөнийг гайхан байж энэ тэрийг ярилцана
. Сургуульдаа Тулгаа, Гэрлээ, Ундрал гурав сурлагаараа тэргүүлдэг сурагчид байлаа.
Бие муутай ээжийгээ асрахын хажуугаар ахынхаа хоёр хүүхдийг харна гээд Тулгаа үнэхээр завгүй хүүхэд байж билээ. Заримдаа Гэрлээ, Ундрал хоёр тэднийд хамтдаа хичээлээ давтана. Түүний амьдралыг мэдэх тул хааяа хамт усанд нь явж, бэлэг өгөх нэрийдлээр үзэг, дэвтэр гээд ойр зуурхан зүйлсээр тусладаг тийм л сайн найзууд байлаа. Тулгаа Гэрлээ хоёр үерхэлийн зурвас солилцож, дунд сургуулиа төгсөөд хамгийн сайхан хосууд болсон билээ. Гэвч төдөлгүй Гэрлээ ахынхаа эрхэлдэг гэх гадаад хэлний дамжаанд суралцаж эхэлсэн цагаасаа Тулгаагаас холдохын хүслэн болж, энэ тухайгаа Ундралд аминчилж ярьдаг болсон :
“-Манай англи хэлний багш Эдвард гэдэг дажгүй залуу надад үнэхээр сайн юм аа, намайг Лондон руу авч явна гэсэн. Харин чи Тулгаад битгий хэлээрэй” гэж ирээд л догдлон ярих бүрийд Ундрал дотроо эмзэглэсэн ч нууцаа дэлгэн буй найзыхаа итгэлийг алдаж яахин болох билээ. Харин Тулгаа:
“-Гэрлээтэйгээ л хамт байвал бусад нь болно, ээж бид хоёр одоохондоо айлын хашаанд байгаа ч яваандаа би хуримаа хийнэ, сайхан байшинтай ч болно. Тэгээд л Гэрлээгээ баярлуулна даа. Яаж ийж байгаад ээжийгээ эмчлүүлчихвэл..., тэгээд хажуугаар нь их сургуулиа төгсчихвөл ч...” гээд л үнэн сэтгэлээсээ ярина. Тэд ийнхүү бие биедээ хэлдэггүй нандин нууцаа Ундралд л ярьдаг байлаа. Бас заримдаа хэн хэн нь өөрсдийн нууцыг тас нуухыг аминчлан захина. Ийм байхад хоёр найзынх нь бодол бүхэн алган дээр дэлгэсэн мэт илхэн, тэдний анхны хайр цэнгэг ус мэт тунгалаг ариун гэдгийг Ундрал хамгийн сайн мэднэ. Гэрлээ хааяа:
“-Тулгаадаа би сайн л даа. Гэхдээ л түүнтэй гэрлэж болохгүй. Гэрийхэн маань хүлээн зөвшөөрөх ч үгүй.” хэмээн гуниглангуй хэлэх хэрнээ төдөлгүй өнөөх шар үст Эдвардын тухай элдвийг ярьж гарна. Харсаар байтал нүднийх нь өмнө хайр сэтгэлээрээ холбогдсон хоёр найзыхаа энэ байдлалд эмзэглэх Ундрал заримдаа:
“-Тулгаа чамд үнэхээр хайртайг чи мэднэ дээ. Миний найз, гадаад хүн гэж байхаар хайртай хүнтэйгээ байвал яасан юм бэ дээ” гэх зэргээр учирлах ч хоёр хүний хайр сэтгэлийн асуудлыг өөрсдөөс нь өөр хэн аврах билээ. Очиж үзээгүй газар, шинэ сонирхолтой амьдрал, шар үст харийн залууд тэмүүлсэн Гэрлээгийн хувьд Тулгаа бол ээж дүү нараа асарч тойлсон жирийн л нэгэн бор торхон залуу, мөн түүнтэй гэрлэх ямар ч бодолгүйгээ Ундралаас үл нууна.
“-Би гадаад явна. Аз жаргалынхаа эрэлд гарна даа” гэж ирээд л хөгжилтэй инээмсэглэх бүрт Ундрал яах учраа олохгүй дэмий л инээмсэглэлээр хариу барьдаг байв.
Модод навчсаа гөвж, шиврээ бороо үе үе уйлах мэт намирах тэр намартаа Гэрлээ хол газар эрдэм суралцахаар явж байгаа нэрийдлээр, харийн залуу түүнийг угтан авах тухай нууцаа мэдээж Тулгаад хэлсэнгүй. Харин онгоцны буудал дээр Тулгааг тусгайлан дуудаж, заавал түүнийг явсаны дараа нээж үзэх болзол тавиад гарт нь нэгэн бяцхан зүйл атгуулчихаад явж одсон.
Тулгаа Гэрлээг үдэхдээ цөхрөлтгүй хүлээхийн төлөөх гэгээн сэтгэл өвөрлөн үлдэж, алсыг зорин нисэх мөнгөн цагаан онгоцыг тэнгэрт шингэн уустал нь харж билээ. Анхны хайраа холын замд үдэх тэр л мөчид зүрхээ эгшээн санаа алдах Тулгаа, харийн залууд тэмүүлэн одох найзыгаа сэтгэл шимшрэн үдэж буй Ундрал хоёр нулимс дүүрэн харцаар гараа далласаар хоцорсон цаг өчигдөрхөн мэт.
Буцах замдаа Тулгаа мөнөөх зүйлийг нээж үзээд цохиулсан мэт чимээгүй болсоноо замын турш дуугаа хураасан. Чингээд салах болоход Ундрал руу тийм гэхийн тэмдэггүй харцаар харж байснаа өнөөх зүйлээ өгчихөөд гүйгээд явчихаж билээ. Гайхаж хоцорсон Ундрал алган дээрхи бяцхан цагаан хайрцагийг үнэхээр сайн таниж байлаа.
“-Энийг хараач, Тулгаа надад бэлэглэсэн” гээд тэртээ нэгэн өдөр эгдүүтэй хос бамбарууш бүхий хүзүүний зүүлтийг зүүж, толины өмнө эргэлдэн догдлон байсан Гэрлээгийн инээмсэглэх дүр дурсамж дундаас илхэн харагдана. Цаасыг задлан үзвэл: “-Тулгаа минь, би чамд эргэж ирэхгүйгээр аз жаргалынхаа эрэлд явлаа. Чи ч гэсэн аз жаргалаа олох болтугай. Сайн сайханыг хүсье” гэсэн байв. Хожим нь Гэрлээд энэ зүүлтийг эргүүлэн өгөхөд тэрээр анхны хайраа буцаасандаа үгээр хэлшгүй ихээр харамсаж билээ.
Цаг хугацаа гэдэг хүлээсэн үед бол зогссон мэт алгуур санагдах ч, хувирашгүй жигд хурдаар өртөөлөн урагшилсаар хүүхэд насны үерхэл нөхөрлөлийн жигүүрээр дэвсэн тэр л мөчөөс хойш даруй арваад жилийг ардаа үджээ. Ийнхүү урсахдаа олон ч зүйлийг өөрчлөх ер бусын чадалтай аж. Харин одоо Тулгаа хоёр хүүгийн аав, улсын эмнэлгийн нэртэй эмч болсон байх юм. Эхнэр хүүхдийхээ зургийг үзүүлээд бахдан ярих нь үнэхээр аз жаргалтай явааг нь бэлхэнээ илтгэнэ.
Элдэвийг ярилцсаны эцэст тэрээр үл ялиг гунигласанаа шүүрс алдаж:
“-Гэрлээ та хоёр холбоотой байдаг уу?” хэмээн болгоомжтойхон асуулаа.
Эдвард хэмээх шар үст залуугаасаа хэцүү нэрт өвчин аваад, өчнөөн жил шаналж яваа найзыхаа тухай алинаас эхэлж, юу хэлэх учираа олохгүй Гэрлээгийн хонгор шаргал үстэй бяцхан хүү болох Мөнгөөнөө рүү нэг, Тулгаа руу нэг бүлтгэнэн харж байтал гэнэт Тулгаагийн гар утас жингэнэн дугарав. Ямар нэгэн яаралтай ажил гарсан бололтой:
“-Аан за, арван минутын дараа очлоо. Өвчтөний бүртгэлийг хийгээд байж байгаарай” гэв. Ундрал сэтгэл зовнин байж:
“-Яаралтай ажил гарав уу?” гэхэд
“-Шинээр хүнд өвчтөн ирсэн байна. Би явалгүй бол болохгүй нь” гээд өршөөл эрсэн харцаар Ундрал руу харахад:
“-За бид хоёр ч гэсэн явъя. Тэгж байгаад тухтай уулзъя” гээд гарцгаалаа.
Ундрал Мөнгөөнөөг хөтлөн эмнэлгийн зүг алхтал, Тулгаа мөн тэр зүгт алхах нь тэр.
“-Өө, та хоёр ийшээ явж байсан юм уу?” гэхэд:
“-Тийм ээ, Бид хоёр хүн эргэхээр явж байгаа юм. Дэлгүүр орж бага сага юм аваад орно доо”
“-Найз нь энд ажилладаг юм...” гээд дөнгөж хэлж дуусмагц гар утас нь дахин жингэнэв. Тулгаа үнэхээр яарсан бололтой гараа далласаар эмнэлэг рүү гүйхээрээ явж ороход хойноос нь харж зогссон Ундрал:
“-Гэрлээгийн маань өнөөдөр хэвтсэн эмнэлэгт ажилладаг байх нь ээ. Энэ чинь харин найздаа дуулгах жинхэнэ мэдээ байна шүү” хэмээн бодсоор алхаж одлоо.
Тулгаа яаран сандарсаар өрөөндөө орж эмнэлгийн халатаа сольж өмсөөд өвчтөний бүртгэлийг анхааралтай гэгч нь уншиж:
“-Буянбатын Гэрлээ, 30 настай, өвчний шинж тэмдэг......ммм, ...аанха” хэмээн амандаа бувтанаж байснаа гэнэт арга нь барагдсан хүний цөхрөнгүй байдлаар шүүрс алдаад чагнуураа зүүж , бэлтгэлээ базаан ажилдаа гарлаа.
Өвчиндөө шаналан хэвтэх бүсгүй их л ядруу харагдана. Хамаг бие нь тамирдан хөлөрч, халуундаа ямар нэг зүйл амандаа бувтанан омголтож хатсан уруулаа өмөлзүүлэн ёолох өвчтөнийг үзэхээр унтлагын торгон цамцны энгэрийг үл ялиг сөхмөгц танил дотно хос бамбарууш бүхий эгдүүтэй зүүлт Гэрлээгийн орооцолдон ширэлдсэн гэзгэн дундаас анхны хайрын дурсамж сөхөх мэт гунигтайяа ширтэх авай.

2009 он


Сонсох

1 comment:

Г.Отгончимэг said...

Аз жаргал гэгч тэртээ хол америк, японд биш зөвхөн бидний зүрх сэтгэлд байдаг гэж би боддог. Харин та бүхэн юу гэж боддог вэ? үзэл бодлоо хуваалцаарай.

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.