Friday, May 28, 2010

Би энэ нутагт төрсөн



Галуутын хавцал
Нутгийн хүмүүсийн домог яриагаар одоогоос 200-аад жилийн өмнө "Тоть" нуурын ус Галуутын хавцал үүссэн хотгороор ганцхан шөнө их дуу чимээ гарган нүүж одсон гэгдэх энэ хавцал нь гадаад дотоодын хүмүүсийн очих дуртай газрын нэг билээ.
Галуутын хавцал нь дунджаар 200-400 метр гүн, 50-200 метр өргөн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол ус үертэй үед хүчтэй сүрлэг хүрхрээ боргио үүснэ.

Говийн үзэсгэлэнт байгаль
Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 км-т их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Монголын говийн хамгийн том нуурууд болох Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамарана.
Их говийн чимэг болсон Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь их говийн элсэн манхнууд болон говь нутийн чимэг болсон заган шугуйд, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг бэлчиж, нүүдлийн соёл иргэншлийн томоохон төлөөлөгч болсон төв халхын малчин ардууд ажиллаж амьдарч байдаг нь гадаадын аялагчдын сонирхлыг өөрийн ирэхгүй татдаг билээ.
Орог нуурын хаяанаас дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ түүх соёлын нандин өв болох олон зуун хиргэсүүр, булш бунханууд нуурын зүүн хаяагаар ярайн байдаг.
Баянхонгорын говь нутаг нь энэ дэлхийн анхны хүн амьдарч байсан буурал түүхийн гэрч болохын зэрэгцээ аварга биет үлэг гүрвэлийн чулуужсан яс, түүний амьдарч байсан ул мөр болон дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавууд нь Баянхонгорын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг илтгэх болно.

Бичигт хад
Баянлиг нурууны Их Бичигтийн аманд эдүүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галарей бий.
Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг. Энэ зургийг МЭӨ - мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзэхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхлэж байсны нотолгоо юм. Иймээс энэ зураг нь Дэлхий дээр хамгийн анх түрүүн тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монгол гэдгийг харуулж байгаагийн илэрхийлэл гэж нэгэн судлаач хэлсэн байдаг.

Цагаан булаг
"Цагаан булаг"-ийн хадны дүрс зургууд нь хүүхдийн сэдвээс бүрдсэн зургуудын цогцолбор дурсгал юм. Энд хүүхэд гулгасаар байгаад хадыг хонхойлгон мөлгөр гадаргуутай болгосон боловуу гэмээр гулсуур хад, 3-4 настай хүүхэд хадыг хонхойлгон /хэв гарган/ гишгээд явсан гутлын мөр, хадан дээр хэв гарган бүтээсэн хэвтэж байгаа хүүхдийн дүрс зэрэг олон зургууд байдаг. Уг хүүхдийн зургийн онцлог нь гарын дунд хуруунд нь бусад хуруунуудаасаа хоёр дахин урт бөгөөд үзүүр дээрээ том товгортой, толгой дээрээ цагираг хэлбэрийн антен боловуу гэмээр дүрстэй, чих нь урт нарийн, хөл нь майга бөгөөд богинхохон, ахар сүүл нь урт дүрс байдаг. Мөн морины дүрс ч бий. Түүний хажуу талын хадан дээр хар өнгөөр бичсэн дүрс үсгийн бичээсүүд байдаг.

Түүх соёлын хосгүй нандин энэ дурсгалыг судалж байгаа зарим эрдэмтэд эдгээр дурсгалыг өөр гариг ертөнцийн оюун ухаантны бүтээл байж болох юм гэж үзсэн нь бий.

Шатар чулуу
Эрдэнэцогт сумын "Шатар чулуу" нь Монголд анх шатар үүссэн гэдгийг нотолсон баримт юм.
Эрдэнэцогт сумын нутагт байдаг "Шатар чулуу"-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм. Шатар чулууны домог нь Монгол овогтны нэгэн том шатар тоголдог хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн чулуун шатар хийн өрж тавьж байсан гэдэг. Энэ домгийг нотлох сүг зураг сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, Монгол шатрын дүрс хэлбэрүүд болох олон янзын чулуун сийлбэрүүд байдаг

Цагаан агуй
Баянлиг сумын Цагаан агуй нь дэлхий дээр хүн амьдарч байсан хамгийн цаад хугацаа юм. Энэ нь Баянхонгор аймаг хүний үүслийн өлгий нутаг гэдгийг харуулж байна.
Монгол улс тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг болохыг эрдэмтэд нотолсоор байна. 1996 онд Америк, Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан экспедицийн олсон олдвор нь дэлхий дээр одоогоос 750000 жилийн тэртээ хүн амьдарч байсныг нотолжээ. Энэ олдвор нь одоогоор дэлхий дээр олдоод байгаа олдворуудаас хамгийн эртнийх нь юм. Иймээс Баянхонгор аймаг нь хүн төрөлхтний өвөг дээдсийн өлгий нутаг юм.




No comments:

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.