Saturday, April 10, 2010

"Банкны бүтцийн шинэчлэл дэхь бусад улсуудын туршлага" сэдэвт хуралд суулаа.

Хэдэн өдрийн өмнө сургуулийн нэг давхарын зарлалын самбар дээр нэгэн нээлттэй хурлын зарыг хараад бүртгэх хугацаа нь дуусахаас өмнө амжиж мэйл бичиснээр Монголбанк болон Дэлхийн банкнаас хамтран зохион байгуулсан “Банкны бүтцийн шинэчлэл дэхь бусад улсуудын туршлага” сэдэвт хуралд суух боломж олдсон юм.

Уг хурал нь 4 сарын 8-нд болох байсан боловч илтгэл тавигчдын нислэгт цаг агаарын саатал гарснаас болж нэг өдрөөр хойшилж өчигдөр буюу 4 сарын 9-ны Баасан гаригт Монголбанкны хурлын танхимд болж өнгөрлөө.

Энэхүү хуралд илтгэл тавихаар банкны бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийг дэлхийн бусад улс орнуудад өөрийн биеээр хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч чадсан гурван мэргэжилтэн иржээ. Тэднийг товчхон танилцуулах юм бол:
Ноён Матс Жосефссон: Исланд, Турк, Тайланд зэрэг орнуудын банкны тогтолцоонд бүтцийн өөрчлөлт хийхэд чухал нөлөөтэй ажилласан эдийн засагч
Ноён Карл Линдгрен: Санхүүгийн салбарын шинэчлэл, банкны бүтцийн өөрчлөлт болон банкны асуудлыг шийдвэрлэх талаар мэргэшсэн дэлхийн шилдэг мэргэжилтэн. Линдгрен банкны салбарын хямралын үед олон улс орнуудын засгийн газарт банк санхүүгийн салбарын шинэчлэл хийх асуудлаар зөвлөгөө өгч ажиллаж байсан.
Ноён Энгин Акчакожа: Турк Улсын Банкны Зохицуулалт, Удирдлага Хяналтын Байгууллага болон Хадгаламжийн Даатгалын Сангийн Тэргүүн асан. Акчакожа нь Турк улсын банкны хямралын үеэр банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх үйл ажиллагаанд биечлэн оролцсон.

Хурлын гол зорилго нь монгол улсын банкны системд тулгамдаад байгаа асуудалтай адил асуудлыг бусад улс орнууд хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар улс орнуудын туршлагыг судлаж монголын банкны системд хийх бүтцийн өөрчлөлтийн стратегийг боловсруулахад хувь нэмэр оруулахад оршиж байсан юм.
Уг хуралд нийт олон нийтийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн, монголын болон гадны улсуудын банкны салбарын холбогдох мэргэжилтнүүд зэрэг нийт 200 орчим хүн оролцсон юм.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саиед хэлэхдээ энэхүү хэлэлцүүлгээр монголын банкны системийнд бүтцийн өөрчлөлт хийхэд ямар боломж, ямар асуудал байна, үүнийг бусад орнууд хэрхэн шийдвэрлэж ирсэн талаарх туршлагыг ярилцахад оршиж байгааг тодруулж хэлж байсан юм.

Ингээд уг хуралд сууж өөрийн ойлгож, тэмдэглэж авсан зүйлсээ чадан ядан сийрүүлж бичихийг оролдлоо.

Санхүүгийн хямарлын хор уршиг дэлхийн улс орнуудын туршлагаас хараад байхад ихэнхдээ банкны салбарт учирч байдаг. Учир нь банк гэдэг бол улс орны санхүүгийн системийн нэг томоохон бүрэлдэхүүн төдийгүй бүхий л мөнгө, санхүүтэй холбоотой бүхий л төлбөр тооцоо банкаар дамжин хийгдэж байдаг.
Банк нь хадгаламж эзэмшигч болон зээлдэгчдийн ашиг сонирхолыг хангах зорилгоор зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа нь харилцагчдын итгэлцэл дээр тогтож байдаг. Тиймдээ ч банкны систем бол ихээхэн мэдэрмтгий нэг нэгнээсээ ихээхэн хамааралтай байдаг. Нэг банкнид гарсан үйл ажиллагааны доголдол нь бусдынхаа үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Үүний нэг жишээ нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд монголын банкны системийн томоохон байр суурь эзэлдэг банкууд болох Анод, Зоос банкуудын үйл ажиллагааны доголдолоос болоод иргэдийн банкинд итгэх итгэл суларсан.
Тиймдээ ч үүсч болох эрсдэлээс сэргийлэх эхний алхам бол хямралыг эртхэн илрүүлж бодит эдийн засаг(хувийн хэвшилийн үйл ажиллагаа болон иргэдийн амьдралд)-т нөлөөлөл үзүүлэхээс нь өмнө арга хэмжээ авах явдал юм гэдгийг илтгэгчид дуу нэгтэйгээр хэлж байсан. Хямралыг эртхэн илрүүлснээр түүнээс хүлээх алдагдал, зардал төдий чинээ бага байх болно.
Сүүлийн 15 жилийн хугацаанд нийт банкны салбарын 2/3-т нь хямрал их бага хэмжээгээр гарч байсан.

Улс орнуудын эдийн засгийн бүтэц, банкны систем нь өөр өөрийн гэсэн онцлогтой боловч тулгамдаад байгаа асуудал нь ерөнхийдөө адилхан байдаг. Үүнд:
• Валютын ханшны эрсдэл
• Хууль, дүрэм журмын хэрэгжилт муу
• Банкны системийн оновчгүй бүтэц
• Зээлийн эрсдэл
o Чанаргүй зээлийн өсөлт
o Зарим салбарт хэт их зээл олгох
o Судалгаа шинжилгээ хийлгүй улс төрийн шахалтаар их хэмжээний зээл олгох
o Зээлийн эргэн төлөлтөнд тавих хяналт муу
o Холбоотой этгээдүүдийн зээлийн өсөлт г.м асуудлуудаас үүдэн бий болдог.

Улс орны банк, санхүүгийн салбарт хямрал эхэлсэн тохиолдолд төрийн зүгээс банкны систем төдийгүй эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс зарим нэгэн тодорхой бодлогын чанартай дэмжлэгийг үзүүлдэг.

Ихэнх улс орнуудад дараах төрлийн дэмжлэгийг төрөөс үзүүлдэг. Үүнд:
  • Хадгаламжинд төрөөс батлан даалт гаргах. Энэ нь урт хугацаанд үр өгөөжгүй бөгөөд улсын төсөвт хүндрэл учруулдаг. Турк улсын хувьд 2000 оны хямралаар 2.5 жил хадгаламжийн даатгалын системийг хэрэгжүүлсэн.
  • Өргөн хүрээний бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх /Төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, банкны системийг эрүүл байлгах бүтцийг бий болгох. Шаардлагатай тохиолдолд шинэ институцийг сангийн яам, төв банкны үйл ажиллагаатай уялдуулан үүсгэн байгуулж ч болно. Монгол улсын хувьд Монголбанк бүтцийн өөрчлөлтийг бүрэн чадвартай институци ./.
  • Банкны үйл ажиллагааг дэмжих буюу удирдлагын чадавхийг сайжруулах.
Банкны системд төрөөс дэмжлэг үзүүлэхдээ төр дараах зарчмыг баримтлах хэрэгтэй байдаг.
Үүнд:
  • Зохицуулах хууль, дүрэм журмыг сайжруулах.
  • Нээлттэй ил тод байх.
  • Өрсөлдөгч нарт ижил тэгш хандах / төрөөс хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бүгдэд нь бус тодорхой шаардлага хангасан банкуудад даатгал гаргах г.мэт/
Банкны хувьд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд улс төрийн маргаан байх ёсгүй. Улс төрийн хэмжээнд үүссэн маргаан нь иргэдийн банкинд итгэх итгэлийг улам бууруулж, хямралыг даамжруулах нэг шалтгаан болдог. Хямралын эцсийн үр дүн нь түүнээс үүдэн бий болох зардлын хэмжээгээр, ашгийн бууралтаар хэмжигдэж байдаг.
Турк улсын хувьд 1999 онд онд хямралын шинж тэмдэг илэрч байсан боловч тухайн үед ямарч арга хэмжээ аваагүйгээс үүдэн 2000 онд гадаадаас 16 тэрбум долларын зээл авсан, тухайн үед төр нь төрийн банкнаас 26 тэрбум долларын зээлийг авсан, судалгаагүй зээлийн хэмжээ 14 тэрбус долларт хүрсэн зэрэг нь зээлийн эрсдэл бий болсноор хямрал гүнзгийрсэн.

Тухайн үед Турк улсын төрийн зүгээс хямралын эсрэг арга хэмжээг 4 үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн.
  1. Эхний ээлжинд төрийн банкуудад дэмжлэг үзүүлсэн /Төрийн банкууд давамгайлж байсан/
  2. Хүндрэлтэй байгаа хувийн хэвшилийн банкуудыг тодорхойлж дэмжлэг үзүүлсэн.
  3. Эрх зүйн орчныг сайжруулсан /хадгаламжийн даатгалын системийн хуулийг батласан. Мөн банкинд үзүүлэх дэмжлэгийг тодорхой дүрэм журмаар зохицуулсан/.
  4. Төв банк болон хөндлөнгийн аудитын байгууллагаас тавих хяналт шалгалтыг сайжруулсан.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс Туркын төрийн банкнаас 27.7 тэрбум долларыг зарцуулж, мөн хувийн банкуудыг санхүүжүүлэх зорилгоор бонд гаргасан.

Банкны системийн эрүүл байдлыг хангах үүднээс банкуудыг :
• Нэгтгэх
• Худалдах
• Төр худалдан авах
• Дампуурлыг зарлах /банкны дампуурлын хуулийг шинээр баталсан/ үйл ажиллагааг явуулсан.
Илтгэл тавьсан судлаачдын зарим нь монголд одоохондоо хямрал хүнд шатандаа ороогүй байгаа учраас аль болох хурдан арга хэмжээ авсан тохиолдолд хямралыг аль болох зардал багатай даван туулахболомж нөхцөл байна гэж хэлсэн.

Монголын банкны салбарын хувьд тулгамдаад байгаа асуудлыг дараах байдлаар багцлан авч үзвэл:
  • Хөрөнгөжилт / банкнуудад стресс тест хийж хөрвөх чадвараа хангаж чадах хэмжээний хөрөнгөтэй байгаа эсэхийг тодорхойлох, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангаж байгаа эсэхэд хяналт тавих/
  • Чанаргүй зээл / 2009 оны байдлаар монголын арилжааны банкуудын нийт чанаргүй зээлийн хэмжээ 17.4 хувьтай байгаа бөгөөд зээлийн болзошгүй эрсдэлийн сангийн хэмжээ 337 тэрбум төгрөгт хүрээд байна./
  • Эрсдэлийн нарийн бодлого /ялангуяа зээлийн эрсдэлд /
  • Дүрэм журмыг шинэчлэх шаардлага
  • Томоохон зээлийг зохицуулах явдал болоод байна.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд бусад улс орнуудын хувьд хямралын үед авч байгаа бодлого нь ижил төстэй байдаг бөгөөд хамгийн гол нь хямралыг алт болох эхний үе шатанд нь илрүүлж, шуурхай арга хэмжээ авснаар хямралаас хүлээх зардал болон бодит эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулж чадах болно.
Монгол улсын хувьд төрөөс зарим нэг арга хэмжээнүүдийг жишээ нь төрөөс арилжааны банкууд дахь хадгаламжийг батлан дааснаар иргэдийн банкинд итгэх итгэлийг сэргээсэн нь оновчтой арга хэмжээ болсон. Мөн банкны системд хүндрэл үүсгэсэн Зоос банкыг төр өөрийн мэдэлд авч Төрийн банк болгосон. Гэвч төр банкыг удаан хугацаанд эзэмшилдээ байлгах нь банкны системд сөргөөр нөлөөлдөг учир тодорхой хугацааны дараа хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй.
Банкны системийн эрүүл байдлыг хангах үүднээс төв банкны зүгээс хяналт шалгалтыг оновчтой хийх хэрэгтэй. Монголбанкны зүгээс Дэлхийн банктай хамтран арилжааны 15 банкинд хөндлөнгийн хяналт шалгалтыг хийж эхлээд байна.

Дээрх хурал дээр тавигдаж байсан асуултын ихэнх нь монгол улсын хувьд яах хэрэгтэй вэ? Гэсэн асуултанд илтгэл тавигчдын зүгээс хямралын урьдач нөхцөлүүд үүссэн учир хурдан арга хэмжээ авах хэрэгтэй, цаг алдах хэрэггүй гэдгийг нэг дуугаар хэлсэн. Мөн зарим асуултанд судалгаа хийж мэдээлэл цуглуулаагүй учраас тодорхой хэлэх боломжгүй байгаагаа илэрхийлсэн.

No comments:

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.