Friday, April 23, 2010

Хэзээ ч мартахгүй тус буюу Орос хэлний туслагч...

2006 оны намар МУИС-ЭЗСургуулийн Банкны нэгдүгээр ангид элсэн ороод байсан үе. Шинэ анги хамт олон, шинэ найз нөхөд, шинэ сургууль гээд бүх л зүйл шинэ байлаа.


Нэгдүгээр курст олон хичээлтэй (бараг 11 хичээл байсан санагдана.) уншаад байхад дуусахгүй, хийгээд байхад цаана нь даалгавар ихтэй юм шиг санагддаг байсан. Мөн Орос, Англи хэлийг зэрэг долоо хоногт 4, 6 цагаар ордог. Англи хэлийг нэг юм өөрөө болгоод байна. Харин орос хэлийг бол үгээ зөв уншихаас эхлээд л асуудалтай тулгардаг байлаа(арван жилд орос хэл үзэж байгаагүй миний хувьд амаргүй даваа).
Ядаж байхад муугаа мэдэхгүй хамгийн эхний эгнээний, эхний ширээнд суудаг(бүтэн жил суусан даа), багш (одоогийн УИХ гишүүн Алтай гуайн эхнэр Гандисүрэн багш) хамгийн түрүүнд надаас асууж, би буруу хариулж багшийн уурийг хүргээд багш цаашлаад бусад хүмүүсийг загнаж гарна. Эхний нэг, хоёр сар нэг иймэрхүү байдалтай өнгөрсөн. Гэхдээ байнга загнуулаад байна гэж юу байхав өөрөө хичээж, олон сайн найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр дараа дараагийн саруудад арай бага загнуулж, багш маань ч намайг хамгийн түрүүнд биш, хамгийн сүүлд асуудаг болсон.

Найзуудын дундаас Өлзийхутаг маань надад хамгийн их тус болж, надтай бүтэн жил нэг ширээнд суусанд нь би одоо болтол баярладаг юм. Чадахгүй, ойлгохгүй байгаа зүйлийг маань зааж өгдөг, наддаа л мундаг туслагч, аврагч маань байсан даа.
Бусад хүмүүсийн хувьд, магадгүй Өлзийгийн хувьд хичээл дээр ганц хоёр зүйл хэлж өгөх нэг их гайхмаар, сүртэй зүйл байгаагүй байж болно. Гэхдээ миний хувьд үнэхээр том тус байсан, үүний хажуугаар Өлзийгийнхөө олон сайхан зан чанарыг таньж нэг сайн найзаа олж авсандаа үргэлж баярладаг юм.Монгол ардын сайхан зүйр үг байдаг даа.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас
Тэвдэж явахад тэвнээр тусла гэж...
Найз маань 2008 онд Унгар улсад улсын тэтгэлэгээр суралцахаар хөлгийн жолоо залаад 2 жил өнгөрчээ. Бид уулзаагүй 2 жил болж, хааяаа хааяаа мессенжерт таарахаараа олон зүйлийн талаар ярилцана. Хичээл ном, хайр сэтгэл, ангийнхан, ирээдүй зорилго зорилт гээд л ...
Мөн нэгнийгээ урамын үгээр тэтгэдэг хүмүүс дээ. Өлзий маань миний хувьд сайн найз төдийгүй хүндэлж явдаг хүн маань. Харин найздаа би сайн найз байж тус нэмэр болж чадсан эсэхээ мэдэхгүй юм.
Өчигдөр найз маань 21 нас хүрсэн. Найздаа алсаас ч болов төрсөн өдрийн мэнд хүргэнэ гэж олон өдрийн өмнөөс бодсон хэрнээ чадсангүй.
Ингээд хайрт найздаа хожимдсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе.

Хичээгээд л байгаарай миний найз, хэнээс ч дутахгүй чадвар чамд байгаа.

Найз нь 2 жилийн өмнө явахад нь тэмдэглэлийн дэвтэр дээр нь бичиж байсан үгээ дахиад бичье: Миний найз гадаад оронд Сундуйн Өлзийхутаг гэдэг хүний хувиар биш Монгол улсын чадварлаг залуучуудын төлөөлөл болж байгаа шүү найздаа амжилт хүсье.

Харин орос хэлний хувьд гэвэл би орос хэлийг ус цас шиг сураагүй ч хичээлийн дүн гарах болоход сайн дүн авч чадсан, багш маань ч надад уурлахаа больсон. Бүтэн жил тэвчээр гаргаж хамгийн эхний ширээнд суусан гэж магтсан шүү. хэхэ

1 comment:

Ulziikhutag said...

hi naizdaa bayarlalaa ,yamar goyo tursun udriin beleg bainaa :)naizdaa khairtai shuu amjilt khuseye, urgelj sain naizuud kheveeree baina shuu

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.