Wednesday, March 24, 2010

Хувьцааны ханшийн өсөлтийн судалгаа

Монголын хөрөнгийн биржийн Арилжаа судалгааны газраас Хувьцааны ханшийн өсөлтийн судалгаа хийснийг та бүхэндээ хүргэж байна.

Энэхүү судалгаагаар 2010 он гарсаар арилжааны тоо үнийн дүн нэмэгдэх хандлагыг судлан хийж уг өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлов.
Энэхүү судалгаанд Монголын хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлт болох МХБ-ын ТОП-20 индексийн 2010 оны 1 дүгээр сарын 1-ээс 3 дугаар сарын 11-ийг хүртэлх хугацаанд хийсэн арилжааны үнийн дүн, тоо ширхэг болон ханшийн өсөлт бууралтын мэдээллийг үндэслэн хийв.

Сонгож авсан хугацаанд ТОП-20 индекс 153,26 хувь өссөн байна. Энэ нь тус индекс 2007 оноос хойш 50% буюу 3150 нэгжээр өсч байгаа 2 дахь тохиолдол болоод байна.

2010 оны 1-р сарын 1-ний өдрөөс ТОП-20 индексийн сагсыг шинэчилсэн юм. Судалгааны хугацаанд уг сагсыг бүрдүүлж буй 20 үнэт цаасны 19 нь өсөж өсөлтийн дундаж нь 37,11%-тай байна. Жишээ нь: АПУ хувьцаат компаний хувьцаа 136.51%, Баянгол ЗБ ХК 64,71%, Говь ХК 62,5%, МЦХ ХК 52,84%, МахИмпекс ХК 52,17% тус тус өссөн байна.

МХБ дээр үнэт цаас гаргасан компаниуд дунд АПУ ХК 2009 онд олсон ашиг, орлогоороо тэргүүлж 2010 эхний 3 сарын хугацаанд хамгийн өндөр хувиар өссөн. АПУ хувьцаат компанийн ханшийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн.
Үүнд:

  • АПУ ХК 2009 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлт, ногдол ашиг тараах шийдвэр (Өнгөрсөн оны санхүүгийн тайлангаар АПУ ХК 8,06 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, үүнээс 1,4 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргаад байгаа билээ. )
  • Тус компанийн FUSION брэнд Швейцари улсын Женев хотноо зохион байгуулагдсан “World Beverage Competition” тэмцээнээс алтан медаль авсан нь хувьцааны ханшийн өсөлтөд мөн нөлөөлсөн.
  • Ханшийн өсөлтөөр удаалж Баянгол ЗБ ХК орж байгаа ба тус компани МХБ дээр үнэт цаас гаргасан компаниуд дунд 2009 онд олсон ашиг орлогоороо 2-р байр эзлэн 2,4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ нь 1 дүгээр сард 17,000 байсан хувьцааны ханш хоёрдугаар сард 28,000 болж 64.7% өсөхөд нөлөөлсөн гэж үзэж байна.
Ханшийн өсөлтөд нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл нь МХБ ХК-д бүртгэлтэй зарим нэг компани аж ахуйн нэгжийнхээ хэлбэрийг өөрчилж хувьцаат компанийн хэлбэрээс ХХК-ийн хэлбэрт шилжсэн явдал юм. Жишээ нь : НИК ХК аж ахуйн нэгжийн хэлбэрээ өөрчилж ХХК болох үйл явц эхэлсэн бөгөөд тус компаний хувьцааны ханшийг 1180 төгрөгөөр тооцож хөрөнгө оруулагчдаас хувьцаагаа татан авч, төлбөрийг олгож эхэлсэн. Ингэснээр НИК ХК хөрөнгө оруулалт хийсэн иргэд, аж ахуйн нэгж энэхүү мөнгөн хөрөнгөө бусад компаний үнэт цаас худалдан авахад зарцуулж эрэлт үүсгэж байх магадлалтай юм.
Ханш өсөхөд нөлөөлсөн нэг гол хүчин зүйл нь гадаадын хөрөнгө оруулагчдын идэвх нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Хүснэгт 1. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын арилжааны үнийн дүнд эзлэх хувь

Дээрх хүснэгтээс харахад гадаадын хөрөнгө оруулагч, тэр дундаа аж ахуйн нэгжүүдийн оролцоо хоёрдугаар сард үнэмлэхүй өсөжба тэдний арилжаанд оролцсон нийт үнийн дүн 85 хувьд хүрчээ.
Энэхүү ханшийн өсөлт нь хувьцаат компаниудын хувьцааны төвлөрлөөс үндэслэлтэй байж болзошгүй хэмээн ТОП-20 индексийн сагсын хувьцаат компаниудын үнэт цаасны төвлөрлийн судалгааг ТТТХТ-ийн 2009 он, 2010 оны эхний улиралын хувьцаа эзэмшигчдийн тархалтын мэдээлэл дээр үндэслэн хийв. Нийт 20 хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл хамрагдсанаас 13 үнэт цаас хэвийн ямарч өөрлөлт ороогүй, 7 хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо, эзэмшиж буй хувьд өөрчлөлт орсон байгаа болов ч эдгээр нь төвлөрлт бус тархалт болох хандлагатай байна уу гэсэн бодол төрүүлж байна. Учир нь өөрчлөлт орсон эдгээр компанийн хувьд 0-5% эзэмшигчдийн тоо, эзэмшиж буй хувь нь нэмэгдэх мөн 33.3%-аас дээш хувь эзэмшигч үгүй болж 5-10%, 10-33.3% эзэмшигчид нэмэгдэх хандлагатай болсон байна.Жишээ нь:
1. Женко Тур Бюро -0-5% эзэмшигчдийн хувь 1.80% нэмэгдэж 25,24 байснаа 27.07 болсон байна.
2. Туул Сонгино Усны Нөөц- 2009 онд тус компанийн 87,38%-ийг нэг хүн эзэмшиж байсан бол энэ жил 71,26%-ийг 3 хүн, 19,83%-ийг 3 хүн эзэмшиж байна.
3. Таван толгой- 2009 онд тус компани нь 10-33.3% эзэмшигчид 33.88% эзэмшигчтэй байсан бол 2010 онд энэ хувь багсаж 29.60% болсон ба уг хасагсан хувь буюу 4.28% 0-5% эзэмшигчдийн хувь дээр нэмэгдэж байна.
Гэсэн хэдий ч “НИК” ХК болон “Шарын гол ХК -ийн хувьд жижиг хувь эзэмшигчдийн эздэх хэмжээ багасч томоохон хувьцаа эзэмшигчдийн хувь нэмэгдсэн байна. “НИК” ХК 84.74%-ийг нэг хүн дангаараа эзэмшиж байсан бол 1.30% нэмэгдэж 86.10% болсон. Дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгтээс харна уу.
Хүснэгт 2.2009, 2010 оны эхний байдлаар ТОП-20 индексийн хувьцаа эзэмшигчийн судалгаа
Дүгнэлт
Дээрх судалгаанаас харахад 2010 он гарсаар ТОП-20 индекс өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын дунд үе буюу Цагаан сар хүртэл аажим өссөнөө ажиглагдаж сарын дундаас эхлэн огцом өсөх хандлагатай болсон байна. Энэ жилийн хувьд богино хугацаанд огцом өсч байгаа нь томоохон хувьцаат компаниудын 2009 оны санхүүгийн тайлан ашигтай гарсан, 50 орчим хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан, ногдол ашиг тараах болсон зэрэг хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц үйл явдал багагүй өрнөж, улмаар гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгаатай холбоотой байна. Мөн манай ТОП-20 индекс нь хоёрдугаар сард өсөлттэй байдгийг сүүлийн 3 жилийн туршлага харуулж байгаа юм.Эх сурвалж: www.mse.mn

3 comments:

Anonymous said...

Чиний бичлэгүүдийг чинь уншлаа, хэрэгтэй мэдээлэл их байна аа. Хөрөнгийн зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг брокер диллерүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч туслаач. Монголд интернэтээр арилжаанд оролцдог уу

Anonymous said...

хэрэгтэй мэдээллүүд зөндөө байна. баярлалаа. гэхдээ энд байгаа хүснэгтүүдийг татаж авч болохгүй юм уу

Anonymous said...

ёстой хэрэгтэй мэдээлэл байна
жил болгон иймэрхүү мэдээлэл гаргаж байвал сайн сан би нилээн оройтож уншлаа

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.