Saturday, March 27, 2010

Сайн байна уу? Сургууль минь ...

Өнөөдрөөс яг 8 долоо хоногийн өмнө МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн төгсөх курсын оюутнууд үйлдвэрлэлийн дадлагадаа гарсан билээ. Харин өнөөдөр дадлагын маань сүүлийн өдөр дууслаа.

Оюутан бүр өөрийн эзэмшиж байгаа мэргэжлийнхээ онолын мэдлэгээ практикт бататгаж илүү ихийг сурч мэдсэн, шинэ санаа санаачлагаар дүүрэн дадлага болсон байх гэдэгт найдаж байна. Уг дадлагыг хийлгэхийн гол зорилго нь ч энэ билээ.

Банкны менежмент мэргэжлээр 3.5 жил сурчаад заримдаа мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй байгаа ч юм шиг санагдаад байдаг байлаа. Дадлага хийгээд энэ бодол маань жаахан ч гэсэн өөрчлөгдөж нээрээ энэ мэргэжлээр ажиллавал зүгээр ч юмуу гэж бодогдох болсон шүү (нуух юун ‼).

Миний хувьд Голомт банкны 5-р салбарын Зээлийн төв дээр Цагаан сарын шинийн 7-с эхлэн 3 сарын 26-ны хооронд дадлагаа хийлээ. Оройхон гараад ширүүхэн дарсан дадлага маань олон зүйлийг сурсан чамлахааргүй үр бүтээлтэй дадлага байлаа. Дадлагын оюутан хүний туулах ёстой замыг бараг л туулсан болов уу? (гэхдээ цай, кофе ганц ч удаа зөөж байгаагүй шүү.)

Анх 2009 оны хавар “Голомт” банкны ОЭШБХуралд дэд байр эзлэж , уг банкинд үнэгүй дадлага хийх эрхтэй болсон юм (ОЭШБХуралд амжилттай оролцсон, Шилдэг 100 оюутан хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд). Ингээд 2009 оны зун танилцах дадлага, 2010 оны хавар үйлдвэрлэлийн дадлагаа “Голомт ” банкинд хийлээ.

Дадлагууд маань миний хүлээж байсан хүлээлтээс илүү их сэтгэл ханамжийг надад өгч байсан болохлоор энэ банкны үйл ажиллагаа, удирдлагын менежмент, хамт олны талаар магтахгүй байхын аргагүй юм.

За ингээд дадлагын хугацаанд юу хийсэн тухайгаа товч тайлагнавал:

Эхний долоо хоногт
“Орон сууцны зээлийн нээлттэй өдөрлөг” болж энэхүү өдөрлөгөөр орон сууцны зээлийн талаар харилцагчдад уг бүтээгдэхүүний талаар тайлбар өгч, шаардлагатай тооцооллийг нь хийж өгсөн. Энэ өдөрлөгт оролцсоноор уг зээлийн болон бусад зээлийн бүтээгдэхүүний талаар илүү сайн ойлголттой болсон. Мөн одоогийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдалд харилцагчдийн зээлийн эрэлт хэрэгцээ ямар байгааг тодорхой хэмжээнд мэдэрсэн.

Хоёр дахь долоо хоногт
зээлийн судалгаа, болон хувийн хэрэг бүрдүүлэлт, зээлийн эргэн төлөлт, зээлд тавигдах хяналт, зээлийн хорооны хурал хэрхэн болдог талаар дэлгэрэнгүй ойлголттой болсон (ер нь бол зээлийн мэргэжилтэн ямар ажил хийдгийг бараг л сураад авсан шүү. Туршлага л байхгүй болохоос ). Хамгийн гол ойлгож авсан зүйл гэвэл зээлдэгчийн сэтгэл зүй, түүнтэй хийх ярилцлага зэргийг хэрхэн өрнөдөг талаар бодит ойлголттой болж авсан явдал юм.

Гурав дахь долоо хоногт
Төвөөс ирсэн дотоод аудитын газрынхны ажилд туслаж дотоод хяналт шалгалт хэрхэн хийдэг. Хяналт шалгалтаар гарч байгаа зөрчил,дутагдлууд түүнийг хэрхэн засч залруулж байгаатай биеээр танилцсан (үнэнийг хэлэхэд жаахан уйтгартай ажил юм байна лээ. Гэхдээ их хариуцлагатай). Дотоод аудитын газрынхны товч нэр нь ДАГ-нхан гэнэ. Бүгдээрээ их даргархуу хүмүүс байх хэрэгтэй юм шиг санагдсан (хийж байгаа ажил нь ийм байхыг шаарддаг гэх үү дээ).
ДАГ-ынхан бол банкны зүгээс салбар тооцооны төвүүд, тэнд ажиллаж байгаа ажилчдын үйл ажиллагаанд дотоод дүрэм журам хэрхэн мөрдөгдөж байгааг шалгаж дүгнэлт өгөх үүрэгтэй. Манай салбарынхны хувьд энэхүү шалгалтаар сайн гэсэн үнэлгээ авсан гэсэн (ДАГ-ынхны дүгнэлт тайланд сууж үзэхийг хичээсэн боловч дотоод журамд нь хориотой байдаг гээд суулгаагүй).

Дөрөв дэхь долоо хоног
бол танилцах дадлагаараа хийж сураагүй ажлаа хийсэн шүү. Хүнд нэг туулах ёстой зам гэж байдаг даа. Тойрч гарч болдоггүй. Энэ бол “эдийн засаг, санхүүгийн чиглэлээр дадлага хийж байгаа оюутан бүр баримт үдэж дугаарлаж сурах ёстой” (заримдаа ямар их баримт вэ . Энэ дадлага хурдан дуусаасай гэж бодох үе байсан шүү. Гэхдээ л дугаарлаад дууссан даа )гэдэг зам юм. Баримт дугаарлахын хажуугаар заримдаа тайлангаа жаахан явуулсан шиг өнгөрсөн долоо хоног.

Төгсгөлийн долоо хоног :
Дадлагын удирдагч маань манайг сайн дадлагаа хийж байгаа (бас сайн баримт дугаарлаж өгсөн гэж) гэж урамшуулж надад хажуу талын байгууллагын wireless интернэтийн нууц кодыг олж өгч баярлуулсан даа. Интернэттэй болсноор би гэдэг хүн өөрийн блогоо өнгө зүс оруулж, мэдээ мэдээлэл нэмж, банкны маркетинг хичээлийнхээ зах зээлийн судалгааны мэдээллийг цуглуулж, судалгааны ажилтайгаа холбоотой мэдээлэл цуглуулах, хажуугаар нь бас мессенжерээр чатлахаа мартсангүй (хувийн ажлаа жаахан хэтрүүлсэн байх талтай).

Гэхдээ бас эрт баярлах болоогүй байжээ. Арай гэж баримтуудаа дугаарлаж дууссан чинь бурхан багш намайг илүү сайн дугаарлаж сур гэж байгаа юм шиг сүүлийн хоёр өдөр дахин баримт дугаарлав. Ингээд Баасан гаригийн орой 18 цагтай уралдан баримтаа дугаарлаж ч дууслаа, тодорхойлолт маань ч бэлэн болжээ. Ингээд үйлдвэрлэлийн дадлага маань дуусч “Сайн байна уу хайрт сургууль минь” …. Хичээл 4 сарын 5-нд орно гэсэн тэр болтол амралттай.

Шигтгээ: Дадлагын хугацаанд долоо хоног 23 хавтас, 10687 хуудас баримтан дээр 27507 цифр бичсэнийг минь үнэлж дадлагын тодорхойлолтны төгсгөлд “Холбогдох бичиг, баримтыг эмхлэн цэгцэлж үдэж сурсан болно” гэсэн урмын үг (дадлагын тодорхойлолтонд миний ямар ажил хийж, юуг сурч авсныг бодитоор ) бичсэнд ихэд баярлав.
2010 оны 3 сарын 26

No comments:

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.