Tuesday, November 24, 2009

“Эдийн засгийн онол ба байгаль орчин” судалгааны ажлын уралдаан

1. Уралдааны зорилго:

Макро болон микро эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн онолд байгаль орчинг externalities /гадаад хүчин зүйл/-д оруулж пүүс, өрх гэр, капитал, хөдөлмөр гэх мэтийн хүрээнд адилтган авч үздэг. Гэтэл орчин үеийн эдийн засгийн амьдралд “байгаль орчин” гэсэн хүчин зүйл улам бүр тодорхойлох үүрэгтэй болж тогтвортой хөгжил, тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ гэх мэт практик ойлголт, үйл ажиллагаанууд эдийн засгийн амьд практик болж “ногоон эдийн засаг” гол хандлага болох төлөвтэй байна. Гэтэл бид “хүрэн эдийн засгийн” онолын ойлголтуудад тулгуурласан эдийн засгийн хөгжил, эдийн засаг хэмээн ярьсан хэвээр л байна. Иймээс шинэ загвар шаардлагатай болж байгаа бөгөөд энэхүү загварт гол нь байгаль орчинг externality биш, харин бүх суурь загварын дотор нь internality буюу “үйлдвэрлэлийн ба хэрэглээний хүчин зүйл” байдлаар оруулах хэрэгтэй боллоо.

Өнөөдөр дэлхий нийтээр яригдаж буй тогтвортой хөгжил /sustainable development/ гэдэгт байгаль, түүний нөөц баялгийг ирээдүй хойчдоо сөрөг үр дагвар үзүүлэхгүйгээр хэрхэн үр ашигтай зөв зохистой ашиглан баялгийг бүтээх процессыг ойлгож байна. Гэхдээ энэхүү тогтвортой хөгжил нь нийгэм, байгаль орчин, эдийн засаг гуравт тулгуурлах ёстой. Гэтэд өнөөгийн байдлаар хийсэн зүйл бага байна.

Байгалийн нөөц баялаг ихтэй, эдийн засаг нь түүнээс шууд хамааралтай манай орны хувьд хүний болон эдийн засгийн үйл ажиллагаанаас хамааран байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөллүүдийг /агаарын болон орчны бохирдолт, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, гол мөрний ширгэлт гэх мэтийг/ багасгах, нөхөн үл сэргээгдэх байгалийн нөөц баялгуудыг үр ашигтай, зохист хэмжээнд ашиглах, байгаль орчны зүгээс эдийн засагт үзүүлэх нөлөөллийг онолын хувьд гаргаж ирэх, бодит практик нөхцөл байдалтай харьцуулах шаардлага зүй ёсоор гарч байна.

Иймээс энэхүү уралдааны зорилго нь байгаль орчны зүгээс эдийн засагт үзүүлэх нөлөөлөл болон эсрэгээр буюу эдийн засгийн хүчин зүйлийн байгаль орчин буюу экологийн системд үзүүлж буй нөлөөллийг онолын хувьд тодорхойлох, эдийн засгийн загварчлал гаргах замаар энэхүү асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх арга замыг эрж хайхад судалгаа шинжилгээний ажлаа чиглүүлэхийг эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш нар, эдийн засагчид, оюутнуудын анхаарлыг хандуулах, энэ чиглэлээр хийж буй тэдний судлалгаа шинжилгээ, эрдмийн ажлыг олны хүртээл болгох, дэмжин урамшуулах явдал юм. Ялангуяа эдийн засгийн шинжлэх ухааны салбарт шинэ бүтээл, онолын судалгаа, асуудал дэвшүүлсэн шинэ санаа, оноо гаргах, монголын эрдэмтэн судлаачдын онолын бүтээл, судалгааг дэлхий нийтэд түгээн таниулахад уралдааны нэг гол зорилт чиглэгдэнэ.


2. Уралдааны сэдэв

Economics буюу эдийн засгийг байгаль орчны хүчин зүйл, нөхцөл байдалтай уялдуулан өөр байдлаар, өөр өнцгөөс авч үзэх явдал судалгааны ажлын цөм болох бөгөөд энэхүү зорилтын хүрээнд эдийн засгийн бусад асуудлууд, тухайлбал дараах сэвдүүдийг хөндөх, харгалзан үзэх, ашиглах, асуудал дэвшүүлэх боломжтой. Үүнд:

• Байгаль орчны эдийн засгийн онол, практикийн асуудлууд / Environmental economics in theory and practice/
• Экологийн эдийн засаг / Ecological economics/
• Ногоон эдийн засаг / Green economics/
• Байгаль орчны ба байгалийн нөөцийн эдийн засаг / Environmenta and natural resource economics/
• Тогтвортой хөгжил / sustainable development/ ба тогтвортой амьжиргаа
/ sustainable prosperity/
• Сэргээгдэх нөөц баялаг / renewable resources/
• Байгалийн баялгийн эдийн засаг / natural resource economics/


3. Тавигдах шаардлага

• Уралдаанд ирүүлэх материалыг Arial mon фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, А4 хуудасны хэмжээтэй, 20 хүртэл хуудсанд багтаасан байна.
• Уралдаанд ирүүлэх материал нь бэлэн онол, практикын асуудлуудыг хуулбарлаагүй, тодорхой оноллын асуудал дэвшүүлж түүнийг шийдэх арга замыг тодорхойлсон, шинэлэг, бодит үр өгөөжтэй байх ёстой


4. Уралдаанд хэн оролцож болох вэ?

• Эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд
• Их дээд сургуулийн багш нар
• Судлаач, эдийн засагчид
• Их дээд сургууль, коллежийн оюутнууд

5. Шалгаруулах журам

Уралдааны 2 үе шаттайгаар шалгаруулна.

I шат: Уралдаанд ирүүлсэн бүх материалуудтай танилцаж 5 ажлыг сонгон шалгаруулна.

II шат: “Эдийн засгийн онол ба байгаль орчин” сэдэвт онол-практикийн бага хурал зохион байгуулж эхний шатнаас шалгарсан 5 бүтээлээр илтгэл тавиулна. Уралдааны комисс илтгэлүүдийг байр эзлүүлэн дүнг танилцуулна.

Шалгарсан бүтээлийг өдөр тутмын хэвлэл мэдээллийн болон Танхимын хэвлэлүүдээр дамжуулан олон нийтэд хүргэнэ. Шалгарсан бүтээлүүд болон уралдаан ирсэн бүтээлүүдийг нэгтгэн товхимол болгон гаргана.


6. Шагнал

1 байрт нэг бүтээл: 1000000 төгрөг
2 байрт нэг бүтээл: 600000 төгрөг
3 байрт нэг бүтээл: 400000 төгрөг
Тусгай байрт 2 бүтээл: тус бүр 250000 төгрөг


7. Материал хүлээн авах хугацаа

2009 оны 11-р сарын 16-наас 2009 оны 12-р сарын 18


8. Материал хүлээн авах газар

Материалыг “Эдийн засгийн онол ба байгаль орчин” уралдаанд хэмээн хаяглан дараах хаягаар биеэр авчирч өгөх буюу шуудангаар илгээнэ.

МҮХАҮТ
Улаанбаатар хот-17011, Хан-уул дүүрэг
1-р хороо, М.Гандийн гудамж
МҮХАҮТ-ын байр, 407 тоот
УБ шуудан-10101100


9. Холбоо барих хаяг

Утас: 976-11-310619
Факс: 976-11-324620
Гар утас: 99833670, 98658510
Е-мail: nergui@mongolchamber.mn gereltuya.b@mongolchamber.mn

No comments:

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.