Tuesday, November 3, 2009

"Тэнгэр санхүүгийн нэгдэл" ХХК өөрийн хөрөнгөө 7.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.

2009.11.02. Улаанбаатар хот, Монгол Улс.
ХасБанкны толгой компани ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК өөрийн хөрөнгөө 7.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувь нийлүүлэгчид 2009 оны 5 дугаар сард хуралдаж, шинээр хувьцаа нэмж гарган Компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Нийт 7.5 тэрбум төгрөгийг Компанийн хувь нийлүүлэгчдээс татаж байгаа бөгөөд үүнээс 5 тэрбум төгрөгийг ХасБанкны дүрмийн санг нэмэгдүүлэхэд, үлдсэн 2.5 тэрбум төгрөгийг ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн гадаад дахь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх охин компани болох ТэнГэрЛиг Инвестментс ХХК-ийг хөрөнгөжүүлэхэд тус тус зориулах юм.
Шинэ хувьцаа захиалах ажиллагаа энэ оны 10 дугаар сард дууссан бөгөөд ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувь нийлүүлэгчдээс:
- Олон Улсын Санхүүгийн Корпораци
- БлюОрчард Хөрөнгө Оруулалтын Сан
- Триодос Банк Групп
- Европын Сэргээн Босголт
- Хөгжлийн Банк
- ИАйТи Капитал Менежмент ХХК энэхүү хөрөнгө нэмэгдүүлэх ажиллагаанд оролцов.

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК болон ХасБанкны удирдлагын хувьд энэхүү хөрөнгө нэмэгдүүлж байгаа ажиллагааг хувь нийлүүлэгчдийн зүгээс ХасБанкны Монгол Улс дахь үндсэн үйл ажиллагааг улам бүр өргөжүүлж, тус Банкны амжилт, туршлагыг бүс нутгийн орнуудын банк, санхүүгийн байгууллагуудад нэвтрүүлж, улмаар ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын олон улсын нэгдэл болгох ажлыг бүрэн дэмжиж байгаагийн илрэл гэж үзэж байна.
ХасБанкны Гүйцэтгэх Захирал ноён М.Болд “Энэхүү шинэ хөрөнгө орж ирснээр ХасБанкны найдвартай байдал улам батжиж, өөрийн үйлчилгээг Монголын олон арван мянган өрх гэр, бизнес эрхлэгчдэд шинээр нэмж хүргэх таатай нөхцөл бүрдэж байна.” хэмээн цохон тэмдэглэлээ.
Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК нь 1999 онд үүсгэн байгуулагдсан.
- ХасБанк
- ХасЛизинг ХХК
- ХасСекьюрити ХХК
- Хорус Нүүдлийн Шийдэл ХХК (Horus Nomadic Solutions Inc) гэсэн банк, санхүүгийн түрээс, хамгаалалт, аюулгүй байдал, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьцааг эзэмшигч хөрөнгө оруулалтын толгой компани юм. Тус компани нь өөрийн хөгжлийн дараагийн үе шат болох бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын олон улсын групп болох зорилгоор олон улсын хэмжээнд өргөжин тэлэх ажлаа 2009 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын “МолБулак Финанс” санхүүгийн компанид анхны хөрөнгө оруулалт хийснээр эхлүүлсэн бөгөөд одоо Төв Азийн улсууд, ОХУ болон БНХАУ-ын санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна.

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувь нийлүүлэгчид нь ИАйТи Капитал Менежмент ХХК, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Мерси Корпс, Голландын Триодос Банк Групп, Люксембургийн Вант Улсын БлюОрчард Хөрөнгө Оруулалтын Сан болон дотоодын зарим төрийн бус байгууллагууд зэрэг дотоод, гадаадын нэр хүндтэй байгууллагууд байдаг.

ХасБанк нь өөрийн 72 салбар нэгжээр дамжуулан Монгол Улс даяар санхүүгийн хүртээмжтэй, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа хүргэж буй Монгол Улсын томоохон банкуудын нэг юм. ХасБанк иргэд, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч 300 гаруй мянган харилцагчдад санхүүгийн цогц үйлчилгээ хүргэн ажиллаж байна.
ХасБанкны эрхэм зорилго бол эрдэнэт хүн, эх дэлхий, эрүүл ашгийг эрхэмлэн ажиллаж Монгол улсын хүн ардын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, нийгэм, эдийн засаг, байгалийн тэнцвэртэй хөгжлийг хангахад хувь нэмэр оруулах явдал болно.

No comments:

Post a Comment

Та өөрийн санал бодлоо бичээрэй.