Showing posts with label Өгүүллэг. Show all posts
Showing posts with label Өгүүллэг. Show all posts

Monday, December 14, 2009

Э.Үржинханд "Аз жаргалын эрэлд"

“...-Заза, тэгээд өөр захих юм байхгүй юу, одоо уйлж болохгүй шүү... Би Мөнгөөнөөг аваад явж байна. Удахгүй очлоо.” хэмээн Гэрлээд нялх хүүхэд аргадах мэт учирлангүй хэлээд эмнэлгээс холгүйхэн хүүг нь хөтлөн алхаж явтал:
“-Ундрал“ хэмээн чангаар дуудахад цочих шахан эргэж харвал өндөр цагаан залуу танимхайран баяр хөөр болсон инээмсэглэлээр угтаж зогсоно. Ундрал хэн болохыг тааж ядан:

“-Ямартай ч харсан царай мөн дөө” гэхээс биш хаана, хэзээ харсан талаархи дүрслэл хараахан орж ирсэнгүй. Чингэтэл илүүг бодохын ч зуургүй:

“-За, сайн уу. найз минь” хэмээн өнөөх залуу их л өөриймсөг инээмсэглэсээр ирж гараа сунгахад, Ундрал бяцхан хүүг хөтлөнгөө залууг таниж ядан:
“-Сайн сайн ” хэмээн үл мэдэг түгдрээд гараа чихэндээ хүргэж:
“-За байз, Юу билээ?” гээд асуучихав.
“-Тулгаа л байна шүү дээ. Гантулга. -Өө, 10 жилийн андыгаа танихгүй байгаа юмуу?” хэмээн гомдох тунихын алин болох нь үл мэдэгдэм хэлэхэд сая л нэг түүнийг таньсан Ундралын харцанд нь гэрэл туяарах мэт инээмсэглэж:
“-Хүүе ээ, тийм байна. Ямар сонин хүн бэ” гэсээр багын андууд баярлалдан уулзаж, элдвийг хөөрөлдөж гарлаа. Тулгаа:
“-За, энэ муухай жаал чинь хэн бээ? Яасан хөөрхөн орос хүүхэлдэй шиг хүүхэд вэ?” хэмээн өхөөрдөнө. Чингээд арав гаруй жил уулзалдаагүй багын найзуудад дуулгах сонин алийг тэр гэх вэ. Ойролцоох зоогийн газар сууж энэ тэрийг хуучилж гарлаа.
Хөвгүүдтэй тэр болгон нийлдэггүй ч бас жожиг биш, мөн сургуульдаа хамгийн сурлагатайд тооцогдож, багш нар хүртэл хэрсүүг нь гайхан магтдаг, даруухан туранхай бор хөвгүүн байсан Тулгаа одоо нүдэнд дулаахан өндөр цагаан залуу болжээ. Энэ удаан хугацааны дараа нэг нэгнээ хичнээн өөрчлөгдсөнийг гайхан байж энэ тэрийг ярилцана
. Сургуульдаа Тулгаа, Гэрлээ, Ундрал гурав сурлагаараа тэргүүлдэг сурагчид байлаа.
Бие муутай ээжийгээ асрахын хажуугаар ахынхаа хоёр хүүхдийг харна гээд Тулгаа үнэхээр завгүй хүүхэд байж билээ. Заримдаа Гэрлээ, Ундрал хоёр тэднийд хамтдаа хичээлээ давтана. Түүний амьдралыг мэдэх тул хааяа хамт усанд нь явж, бэлэг өгөх нэрийдлээр үзэг, дэвтэр гээд ойр зуурхан зүйлсээр тусладаг тийм л сайн найзууд байлаа. Тулгаа Гэрлээ хоёр үерхэлийн зурвас солилцож, дунд сургуулиа төгсөөд хамгийн сайхан хосууд болсон билээ. Гэвч төдөлгүй Гэрлээ ахынхаа эрхэлдэг гэх гадаад хэлний дамжаанд суралцаж эхэлсэн цагаасаа Тулгаагаас холдохын хүслэн болж, энэ тухайгаа Ундралд аминчилж ярьдаг болсон :
“-Манай англи хэлний багш Эдвард гэдэг дажгүй залуу надад үнэхээр сайн юм аа, намайг Лондон руу авч явна гэсэн. Харин чи Тулгаад битгий хэлээрэй” гэж ирээд л догдлон ярих бүрийд Ундрал дотроо эмзэглэсэн ч нууцаа дэлгэн буй найзыхаа итгэлийг алдаж яахин болох билээ. Харин Тулгаа:
“-Гэрлээтэйгээ л хамт байвал бусад нь болно, ээж бид хоёр одоохондоо айлын хашаанд байгаа ч яваандаа би хуримаа хийнэ, сайхан байшинтай ч болно. Тэгээд л Гэрлээгээ баярлуулна даа. Яаж ийж байгаад ээжийгээ эмчлүүлчихвэл..., тэгээд хажуугаар нь их сургуулиа төгсчихвөл ч...” гээд л үнэн сэтгэлээсээ ярина. Тэд ийнхүү бие биедээ хэлдэггүй нандин нууцаа Ундралд л ярьдаг байлаа. Бас заримдаа хэн хэн нь өөрсдийн нууцыг тас нуухыг аминчлан захина. Ийм байхад хоёр найзынх нь бодол бүхэн алган дээр дэлгэсэн мэт илхэн, тэдний анхны хайр цэнгэг ус мэт тунгалаг ариун гэдгийг Ундрал хамгийн сайн мэднэ. Гэрлээ хааяа:
“-Тулгаадаа би сайн л даа. Гэхдээ л түүнтэй гэрлэж болохгүй. Гэрийхэн маань хүлээн зөвшөөрөх ч үгүй.” хэмээн гуниглангуй хэлэх хэрнээ төдөлгүй өнөөх шар үст Эдвардын тухай элдвийг ярьж гарна. Харсаар байтал нүднийх нь өмнө хайр сэтгэлээрээ холбогдсон хоёр найзыхаа энэ байдлалд эмзэглэх Ундрал заримдаа:
“-Тулгаа чамд үнэхээр хайртайг чи мэднэ дээ. Миний найз, гадаад хүн гэж байхаар хайртай хүнтэйгээ байвал яасан юм бэ дээ” гэх зэргээр учирлах ч хоёр хүний хайр сэтгэлийн асуудлыг өөрсдөөс нь өөр хэн аврах билээ. Очиж үзээгүй газар, шинэ сонирхолтой амьдрал, шар үст харийн залууд тэмүүлсэн Гэрлээгийн хувьд Тулгаа бол ээж дүү нараа асарч тойлсон жирийн л нэгэн бор торхон залуу, мөн түүнтэй гэрлэх ямар ч бодолгүйгээ Ундралаас үл нууна.
“-Би гадаад явна. Аз жаргалынхаа эрэлд гарна даа” гэж ирээд л хөгжилтэй инээмсэглэх бүрт Ундрал яах учраа олохгүй дэмий л инээмсэглэлээр хариу барьдаг байв.
Модод навчсаа гөвж, шиврээ бороо үе үе уйлах мэт намирах тэр намартаа Гэрлээ хол газар эрдэм суралцахаар явж байгаа нэрийдлээр, харийн залуу түүнийг угтан авах тухай нууцаа мэдээж Тулгаад хэлсэнгүй. Харин онгоцны буудал дээр Тулгааг тусгайлан дуудаж, заавал түүнийг явсаны дараа нээж үзэх болзол тавиад гарт нь нэгэн бяцхан зүйл атгуулчихаад явж одсон.
Тулгаа Гэрлээг үдэхдээ цөхрөлтгүй хүлээхийн төлөөх гэгээн сэтгэл өвөрлөн үлдэж, алсыг зорин нисэх мөнгөн цагаан онгоцыг тэнгэрт шингэн уустал нь харж билээ. Анхны хайраа холын замд үдэх тэр л мөчид зүрхээ эгшээн санаа алдах Тулгаа, харийн залууд тэмүүлэн одох найзыгаа сэтгэл шимшрэн үдэж буй Ундрал хоёр нулимс дүүрэн харцаар гараа далласаар хоцорсон цаг өчигдөрхөн мэт.
Буцах замдаа Тулгаа мөнөөх зүйлийг нээж үзээд цохиулсан мэт чимээгүй болсоноо замын турш дуугаа хураасан. Чингээд салах болоход Ундрал руу тийм гэхийн тэмдэггүй харцаар харж байснаа өнөөх зүйлээ өгчихөөд гүйгээд явчихаж билээ. Гайхаж хоцорсон Ундрал алган дээрхи бяцхан цагаан хайрцагийг үнэхээр сайн таниж байлаа.
“-Энийг хараач, Тулгаа надад бэлэглэсэн” гээд тэртээ нэгэн өдөр эгдүүтэй хос бамбарууш бүхий хүзүүний зүүлтийг зүүж, толины өмнө эргэлдэн догдлон байсан Гэрлээгийн инээмсэглэх дүр дурсамж дундаас илхэн харагдана. Цаасыг задлан үзвэл: “-Тулгаа минь, би чамд эргэж ирэхгүйгээр аз жаргалынхаа эрэлд явлаа. Чи ч гэсэн аз жаргалаа олох болтугай. Сайн сайханыг хүсье” гэсэн байв. Хожим нь Гэрлээд энэ зүүлтийг эргүүлэн өгөхөд тэрээр анхны хайраа буцаасандаа үгээр хэлшгүй ихээр харамсаж билээ.
Цаг хугацаа гэдэг хүлээсэн үед бол зогссон мэт алгуур санагдах ч, хувирашгүй жигд хурдаар өртөөлөн урагшилсаар хүүхэд насны үерхэл нөхөрлөлийн жигүүрээр дэвсэн тэр л мөчөөс хойш даруй арваад жилийг ардаа үджээ. Ийнхүү урсахдаа олон ч зүйлийг өөрчлөх ер бусын чадалтай аж. Харин одоо Тулгаа хоёр хүүгийн аав, улсын эмнэлгийн нэртэй эмч болсон байх юм. Эхнэр хүүхдийхээ зургийг үзүүлээд бахдан ярих нь үнэхээр аз жаргалтай явааг нь бэлхэнээ илтгэнэ.
Элдэвийг ярилцсаны эцэст тэрээр үл ялиг гунигласанаа шүүрс алдаж:
“-Гэрлээ та хоёр холбоотой байдаг уу?” хэмээн болгоомжтойхон асуулаа.
Эдвард хэмээх шар үст залуугаасаа хэцүү нэрт өвчин аваад, өчнөөн жил шаналж яваа найзыхаа тухай алинаас эхэлж, юу хэлэх учираа олохгүй Гэрлээгийн хонгор шаргал үстэй бяцхан хүү болох Мөнгөөнөө рүү нэг, Тулгаа руу нэг бүлтгэнэн харж байтал гэнэт Тулгаагийн гар утас жингэнэн дугарав. Ямар нэгэн яаралтай ажил гарсан бололтой:
“-Аан за, арван минутын дараа очлоо. Өвчтөний бүртгэлийг хийгээд байж байгаарай” гэв. Ундрал сэтгэл зовнин байж:
“-Яаралтай ажил гарав уу?” гэхэд
“-Шинээр хүнд өвчтөн ирсэн байна. Би явалгүй бол болохгүй нь” гээд өршөөл эрсэн харцаар Ундрал руу харахад:
“-За бид хоёр ч гэсэн явъя. Тэгж байгаад тухтай уулзъя” гээд гарцгаалаа.
Ундрал Мөнгөөнөөг хөтлөн эмнэлгийн зүг алхтал, Тулгаа мөн тэр зүгт алхах нь тэр.
“-Өө, та хоёр ийшээ явж байсан юм уу?” гэхэд:
“-Тийм ээ, Бид хоёр хүн эргэхээр явж байгаа юм. Дэлгүүр орж бага сага юм аваад орно доо”
“-Найз нь энд ажилладаг юм...” гээд дөнгөж хэлж дуусмагц гар утас нь дахин жингэнэв. Тулгаа үнэхээр яарсан бололтой гараа далласаар эмнэлэг рүү гүйхээрээ явж ороход хойноос нь харж зогссон Ундрал:
“-Гэрлээгийн маань өнөөдөр хэвтсэн эмнэлэгт ажилладаг байх нь ээ. Энэ чинь харин найздаа дуулгах жинхэнэ мэдээ байна шүү” хэмээн бодсоор алхаж одлоо.
Тулгаа яаран сандарсаар өрөөндөө орж эмнэлгийн халатаа сольж өмсөөд өвчтөний бүртгэлийг анхааралтай гэгч нь уншиж:
“-Буянбатын Гэрлээ, 30 настай, өвчний шинж тэмдэг......ммм, ...аанха” хэмээн амандаа бувтанаж байснаа гэнэт арга нь барагдсан хүний цөхрөнгүй байдлаар шүүрс алдаад чагнуураа зүүж , бэлтгэлээ базаан ажилдаа гарлаа.
Өвчиндөө шаналан хэвтэх бүсгүй их л ядруу харагдана. Хамаг бие нь тамирдан хөлөрч, халуундаа ямар нэг зүйл амандаа бувтанан омголтож хатсан уруулаа өмөлзүүлэн ёолох өвчтөнийг үзэхээр унтлагын торгон цамцны энгэрийг үл ялиг сөхмөгц танил дотно хос бамбарууш бүхий эгдүүтэй зүүлт Гэрлээгийн орооцолдон ширэлдсэн гэзгэн дундаас анхны хайрын дурсамж сөхөх мэт гунигтайяа ширтэх авай.

2009 он


Сонсох


Цааш унших...

Wednesday, August 12, 2009

О.Баяраа ''Нэг л амьдрах хорвоо''

Үдэш

Цагийн зүү чаг хийн урагшилна. Бүсгүй байн байн санаа алдан цагийн зүү ширтэн,орцонд чимээ гарах бүр хаалга руу очин дурангаар харна. Гэвч тэр ирсэнгүй. Үүр гэгээртэл нойргүй хүлээсэн бүсгүй тэсвэр алдан зүүрмэглэх мөчид хаалга торхийн дуугарч тэр орж ирлээ. Гэхдээ түүний бие нь ирсэн боловч бүсгүйг гэх сэтгэлээ хаа нэгтээ гээгээд иржээ.чимээгүйхэн алхасаар орж ирээд хажууд нь цаашаа харан хэвтэх түүнийг хараад бүсгүйн нойр сэргэв. Үүрийн гэгээ нээлттэй салхивчаар алгуурхан тусахад хажууд нь хэвтэх тэр эрийн мөрөн дээр арилгаж амжаагүй уруулын будаг тамгалсан юм шиг дурайна. Бүсгүй аажуухан түүн лүү дөхнө. Урьд нь нарийхан мэт санагддаг ор нь түүнд маш өргөн мэт түүнд хүрэх нь ихээ хол мэт санагдана. Нуруунд нь хүрч ядан байхдаа тэр түүнийх биш харин өөр хүнийх болсоныг мэдэрч бүлээн нулимс шанхыг нь даган урсахад өөр бүсгүйн нялуун сүрчигний үнэрт ухаанаа алдатлаа бялуурсан эр тайван амьсгалан унтаж байлаа. Хайрын баланд ханатлаа мансуурч байсан цаг саяхан мэт. Орцных нь үүдэнд оровч гаравч хүлээж байдаг тэр залууг одоо ингээд алдах вий гэхээс бүсгүй айж байлаа. Би чамайг хэзээ ч өөрөөсөө явуулахгүй, чи минийх гэж бүсгүй шивнээд унтахыг хичээв.


Өглөө

Залуу сэрээд миний хөөрхөн бялзуухай босоорой хайрт минь намайг их хүлээсэн үү? Ажил амжсангүй шөнөжин суулаа гээд түүнийг үнслээ. Бүсгүй түүний худал ярьж буйг мэдэж байгаа ч түүнийгээ ил гаргахыг хүссэнгүй. Хариуд нь өчнөөн үг хэлмээр байсан ч хэлээ хазаад өнгөрөхөөр шийдлээ.

Харин:


-Миний ханиа өнөөдөр эрт ирнэ биздээ? Гэртээ ганцаараа байх их эвгүй юм. Хайрт нь орой амттай хоол хийгээд чамайгаа хүлээж байя. Чи ямар хоол идэх вэ? Гэхэд

-Юу ч байсан яахав, чи дандаа л амттай хоол хийдэг шүү дээ.За найз нь ажилдаа явахгүй бол болохгүй нь. Орой эрт ирнээ гээд залуу бослоо. Бүсгүй яг яах ёстойгоо мэдэхгүй байлаа. Анхны хайр,анхны үнсэлт,анхны учрал гээд нандин бүхнээ түүнд л зориулж байсан.гэтэл одоо ингээд амьдралаа нураах уу? Аль эсвэл насаараа сэтгэлийн дарамттай амьдарах уу? Гэдгээ шийдэж чадахгүй. Хайран сайхан амьдралаа бусниулаад яахав хэмээн бодоод ямар ч байсан нэг хэсэг харзнахаар шийдэв.

Өдөр

Ажлынхаа том толинд өөрийгөө хараад бүсгүй зог тусав. Тэр их өөрчлөгджээ. Ганц хоёрхон жилийн өмнөх гэрэлтсэн сайхан царай,галтай цогтой харц нь түүнд одоо алга. Яагаад? Би түүнд хайртай хэдий ч тэр намайг хайрладаг билүү? Гэж бүсгүй өөрөөсөө асуув. Чамгүйгээр амьдарч чадахгүй нь надтай гэрлээч гэж хайр дүүрэн нүдээр ширтэж байсан залуугийн харц нэгэнт өөрчлөгдсөнийг хичнээн олон шөнө нойргүй хонуулсныг бүсгүй нэхэн саналаа. Нэгэнт нуран унах ёстой гэрлэлт бол одоо залууг чөлөөлөх цаг иржээ. Сүлийн хэдэн сар тэр байнга оройтож ирдэг байсан. Тэгээд ажил дээрээ суугаад оройтчихлоо гэдэг байсан. Худлаа гэдгийг нь зөнгөөрөө мэддэг ч нэгэнт хараагүйгээс хойш ханиасаа салаад яах билээ гэж сэтгэлээ хуурсаар өдийг хүрсэн нь буруу байжээ. Би чамаас холдох ёстой юм бол одоо л яг тэр цаг..... Бүсгүй шийдлээ.

Үдэш

Залуу гэртээ ирэхэд хэн ч хаалга тайлж өгсөнгүй .Түлхүүрээ гарган хаалгаа нээхэд түүнийг харанхуй хөндий хоосон гэр. Гэрлээ асаан зочны өрөөнд ортол нямбай нугалсан цаас ширээн дээр байлаа. Захиаг задалтал би явлаа гэсэн хоёрхон үг.Гэрийнх нь тавилгууд байр байрандаа хөдөлгөөнгүй дүнсийнэ. Одоо тэд л залууд хань болж үлдсэн байна.

Залуу бүсгүйг хайсаар цөхрөнгөө баржээ. Бүсгүйн найз нөхөд,гэр бүлийнхэн, ажлынхан гээд бүсгүйн ойр тойрныхноос хэн нь ч түүнд тодорхой хариулт хэлсэнгүй.

Хоёр жилийн дараа

Залуу ихэд өөрчлөгдсөн юм. Ажлаа араас нь гүйдэг сайхан хүүхнүүдтэйгээ хамт алджээ. Гудамж метрлэн алхах тэр эрд зах нь үрчийсэн цамц.индүүдлэггүй өмд өнгөлөөгүй гуталнаас өөр юу ч үлдсэнгүй. Хажууханд нь нэг л танил дотно хоолой сонсогдлоо. Тэр минь байна,тэр амьд байна хэмээн залуу бодов. Харин яг урдхан талд нь юу ч хэлэлгүй явсан хань нь гэргий нь хэн нэгэнтэй утсаар эрхлэнгүй ярин алхана. Бүсгүй жаргалтай харагдаж байв. Залуу өөрийн мэдэлгүй түүнийг дагалаа. Гэхдээ залуу өөрийг нь харчих вий гэж болгоомжилсоор.... Бүсгүй явсаар нэгэн хуучирч муудсан нийтийн байр луу орчихов залуу ч даган орлоо. Нуугдан байж бүсгүйн орсон хаалгыг мэдлээ. Одоо л алдвал дахиад түүнтэйгээ хэзээ ч уулзахгүй юм шиг санагдаж гүйхээрээ очин хаалгыг нүдэхэд бүсгүй хаалгаа нээгээд чимээгүйхэн зогслоо. Харин ард нь “ээдээ, ээдээ” гэх хүүхдийн цовоо дуу цангинан. Залуу буцааж түүнийгээ өөрийн болгоход дэндүү оройтжээ гэж санаад эргэхэд бүсгүй” миний хүү аав нь ирж....”...

Тв инфо сэтгүүлийн “Шилдэг өгүүллэг” уралдааны гуравдугаар байрын эзэн О.Баяраа
Цааш унших...

Saturday, August 1, 2009

Эдийн засгаас жаахан ангид байх хэрэгтэй ш дээ..

Энэ блог бол миний үзэл бодол, сонирхол, хийсэн ажил, хийх гэж байгаа ажлыг минь хүмүүст таниулах нэг ёсондоо МИНИЙ ЕРТӨНЦ юм. Тийм болохоор өөрийн унших дуртай богино хэмжээний өгүүлэлгүүд болон шүлгүүдээ оруулж байнаа.
Цааш унших...