Showing posts with label Шүлэг. Show all posts
Showing posts with label Шүлэг. Show all posts

Tuesday, September 22, 2009

Ц. Хулангийн шүлгүүд

Хичээлийн шинэ жил эхлээд нэлээн ачаалалтай байна шүү. Урьд жилүүдэд эхний хэдэн долоо хоног нэлээн завтай байдаг байсан бол энэ жил төгсөх курс гээд ч тэр юмуу хичээлийн даалгавар эхнээсээ ундраад л байна. Бас 2 дадлагын тайлан өгөх гэж нэлээн л юм болж байна.
Ойрд блогтоо бичлэг хийгээгүй хүмүүс бүр тоохоо больжээ. хэ хэ. Энэ байдалд нэг хүний санаа зовоод надад их гоё шүлэгнүүд явуулсныг та бүхэндээ хүргэж байна. Мөн надад сайхан шүлэг явуулсанд баярлалаа.
Саяхан гэрээсээ ирсэн болоод ч тэр юмуу энэ шүлгийг уншсан чинь гэрийнхнийгээ санаж байна шүү.

Цоодолын Хулан. 1994 оны Болор цомын тэргүүн байр.

Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэх ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныгаа би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосоон
Ганцхан намайг л гэж ижий минь та
Газар дээр хичнээн олон мэргэжил солидог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэл
Балчраас минь өдийг хүртэл Та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан гэлтэй
Орон дээрээс маань намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч нь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа, алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад улаан цайм “онц” тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулсан лам...
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь Та мөртлөө
Даамай их хайр нь аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж
Зовлонгоос намайг гэтлэгдэгээ
Элбэр их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилүүдийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт насалж хайрла!

2000 оны Болор цомын 3-р байр.

Аавдаа


Сайхан залуу аавынхаа тэргүүнд
Буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би
Тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчганд нь нэмэгдэх мөнгөн сорны тоолонд
Жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даан ч болохгүй явнаа ааваа...
Бүүвэйт хонгор ижийгийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ!
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас надад чихэр хармаалж “шараа болгоно”
Аав минь тэгэхгүй ээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Асын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ сомботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисч байгаа юм шиг ээж нар
Цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар
Духыг нь л ганц үнэрлээд болдог
Адгаж ээж нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг л хэлэх гэж аав нар
“Сумын узель” шиг хааяа нэг дугарна
Айл гэртээ хангинаж ээж нар даралтаа ихэсгэдэг
Аав болгоны зан юм хойно
Монголыгоо бодохоор л зовж гүйцдэг
Бие өвдлөө гэж ээж нар
Хүүхдүүдээ аргагүй нэг айлгана
Битүүхэн дотроооо нурж аав нар
Чимээгүйхэн өтөлнө...
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж “жүжиглэдэг”...
Гадаа навчис хаялж он жил биднийг
Унасан навчис шиг орхиж одно
Гаагүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж
Өөрийгөө хуурна
Ганцхан зүрхнийх нь цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл
Мөнх бишийг сануулдаг аа...
Энгэрийг нь тэмтэрч хормойг нь зуурч боссон
Энэрэл ачлалын наран саран хоёр
Эндүүрээд надад эрж зарцлагдсан
Миний хоёр бурхан
Ижий минь сүүтэй цайндаа жаргал
Эцэг минь шүлгэн дуундаа жаргаж
Ижилхэн хоюулаа наддаа зовж суудаг аа

Ирээдүй анирдахын бадаг

Илд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан
Ижий түүхийн мөр нь тунгалагшинхан урсана
Ирээд одосны араас гуниглах амархаан
Ирээдүйн чинь тухай бодох шиг зовлон алгаа эх орон минь!
Цоолбор шаргал үүл намрын тэнгэр барлана
Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна
Цохлоод ирдэг үйлийн үр Ирээдүйн тухай бодол
Цоолдоод миний энгэрийг нулимас шиг хавж унанаа
Ирээдүйгээс би
Илиадыг хол давсан Гэсэр Жангарын туулиа нэхнэ
Их засаг тохинуулсан чин шудургуу хуулиа нэхнэ
Дэлүүн Болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ би
Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснээ
Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж
Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснээ
Ирээдүйгээс би
Норвилон цэнхэр говиосоо улаахан хацартай охид төрж
Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана
Ноорхой эвий нэг Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд
Нодготой төрийн минь алга тэнийж одонгоо шагнахыг үзнээ
Ирээдүйгээс би
Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй
Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн
Манжийн дарлал шиг цаг үеэсээ өндийж
Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг үзнээ
Ирээдүйгээс би
Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалийн дөлнөөс тастаж
Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар
Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөө
Тусгаар тогтнолоо зарласан цагаан лавайн эгшигээр
Айл гэрийн хоймрыг би дуу шиг дүүргэнэ
Амьсгалын тоолонгоор Монголчууд бид суу мэт амьдрана
Сүү шиг алдраар эх орноо мялааж
Сүлд шиг төрөөр өөрсдийгөө бид шагнанаа Ирээдүйд.

Нэргүй шүлэг
Сайрхах юм даанч биш дээ
Санчгандаа бууралтай эр хүнд би хайртай
Жаргахын өмнө зул бадамлан асдаг шиг
Дөч хүрсэн эр хүн үнэнч л баймаар даа
Намар оройн жимс гашуун болоод амттай
Надад дурласан та минь “хаан бугуйвчаар дөнгөлөөтэй”
Янаг зөөлөн харцны чинь аясаар
Ятга хуур шиг хөглөгдөх дуртай
Уруулын минь будгийг цамцныхаа хээнээс
Угааж орхидог муухай зантай ч
Урваж хөрөвдөг насны минь айлыг
Уучланхан боддогт тань би таньд хайртай
Дурлал гэдэг зугаа бишийг
Дуулим орчлонд одоо л ойлгоно
Дутуу хайрласан ханиа аргадахаар
Дурлаад хоцорсон намайгаа ч мартана
Сүслэн залбирдаг гараараа тэвэрч
Шүлэг хэлдэг уруулаараа үнсэхэд минь
Сүүлчийн болоод анхны хайр гэж байдаггүйг
Сүүрс алдан ухаарах болноо.
Цааш унших...

Monday, August 10, 2009

Баатарын Галсансүх. "Нүдийг минь нээмүү"


Царцаахайн мөнгөн царгиа салхины алтан сэрчигнээтэй нийлээд
Цам харайх тогорууны бүжгэнд хүн байтугай хулгана хүртэл мансуураад
Нуурын дээрээс манан халамцан хөөрөхөд нугас ангир дуугараад
Нуугин шуугих нарсан ойн гоо үзэмж нүдийг минь нээмүү

Дэнж нугыг дамжин багваахай цэцгийн цагаан тоос манараад
Дэлүүн болдогоос наашаа эрвээхэйн сүрэг солонго татуулан жуулчлаад
“Далий ягаан“ цэцгэсийн дунд мансуурахад уушиг цээж цэлмээд
Тэнхлэг горхины тунгалаг хүйтэн ус цагаан шүдийг хага ташаад
Тэргэл саран гурван нуурын мандалд гурав хувилаад нүдийг минь нээмүү

Моносон төгөл өврөө нээхэд цалин цагаан биенээс нь сайхан үнэр түгээд
Морьтой хүн “Балжийн” голоос наашаа шогшиход хуучин буриад дуу уйлаад
Баянбулагийнхаа усанд шумбан эрхэлэхийг багачууд хүүхдүүд хүсэмжлээд
Битүү хусан ойн төгөлд нүдэн нуур мэлтэлзээд нүдийг минт нээмүү

Цаст ханы овоон дээр цас будрахад эмээгийн минь мөр тодроод
Цайрах Ононгийн гялтгар мөсөн дээр загас жараахай гилтэгнээд
Дүнзэн байшингийн пийшин дээр шимийн архины охь халаад
Дүлий ертөнцийг цочоосон удган эгчий минь хэнгэрэгийн дэлдэлт нүдийг минь нээмүү
Цааш унших...

Friday, August 7, 2009

Ц.Бавуудорж "Монголын их амар амгалан"


Мордож буй улаан дээлтэй өвгөн-
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Өндөр цагаан үүлс
Монголын их амар амгалан
Гэсэр жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гол мөрөн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Эрдэнийн сормуусаа униарт дүрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хүн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Алтай хангай
Монголын их амар амгалан
Арван тавны саран
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн торгон суунаг
Монголын их амар амгалан
Ганган харцтай бүсгүйчүүд
Монголын их амар амгалан
Жаргаж гуних
Монголын их амар амгалан
Зангирсан нулимс дотогшоо урсах
Монголын их амар амгалан
Хөх хөх аргалын дөл
Монголын их амар амгалан
Хөсөг нүүдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Хүү мөлхөх
Монголын их амар амгалан
Тогоонтөмөр хаан
Монголын их амар амгалан
Амар болоочийг ачсан
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бүүвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран, саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж
Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалан.
Цааш унших...

Д.Оюундэлгэр "Ээждээ"

Одоо болтол ижийдээ яагаад шүлэг бичээгүй юм бол
Ондоо бүр надад хайргүй залууст хичнээн их зориулав
Од буудалсан гүн шөнийн тэнгэрт миний маргаашийг залбирч
Олон шөнийн нойроо сэтгэлийн зовлонгоор солисон доо

Зөөлөн гарых нь цайнд ижил үгүй дасчихаад
Зовлон гэдгээс нь хугасалж үргэлж дэргэд байх юм шиг
Томоо болсон хирнээ дундардаггүй хайранд нь өлгийдүүлсээр
Толио нь муудсан ижийдээ эрхэлж суудаг сэтгэл минь

Даанч гэнэн юмдаа хүн ижиитэйгээн байхад
Дассан сэтгэлийг нэг л өдөр хагацал нөмөрөхийг мэдэхгүй юм
Зоосон наран шиг эх хайр дэргэд мандаж байхад
Зовлонтойхон дурлалд бэтгэртлээ гуниж шүлэг хэлхэх ч гэждээ

Хайрлаа ч үгүй хараа ч үгүй хэн нэгний төлөө
Хамаг байдгаан зориулж амиа тавих дөхдөг хирнээ
Бүртийх ч саргүй үдэш оройтоод ороход минь
Бүлээн цайтай суудаг ижиигээ яагаад магтаагүй юм

Намайг хүн болгох гэж насаа гээж яваа
Намхан буурал хөгшин эргэж хэзээ ч олдохгүй
Орчлонд өөрийгөө мартаж бүгдийг хайрладаг ганц л хүн байдаг
Охиндоо хүслээ ,насаа ,зүсээ өгсөн ижий тэнгэр тэрээ

Зул бүгээн үдшээр эрхиний бөөр имэрч
Зуун насыг биш үрийнхээ л ирээдүйг
Төрийн сүлд газар тэнгэртээ даатгасан
Төрлөх Монгол эхийн эвийн тахилгатай гар дээр

Бүүвэйн дуу хурайлуулж хүн болсон бүхэн
Бүтэн нэртэйгээ мөнхрөх энэрэл хайрыг дуулдаг
Урсан урсан өнгөрөх он цагийн түрлэгээс
Урьтаж яаран ижийдээ шад шүлэг бичьё дээ

Харамч хатуу хорвоо өгсөнөө эргээд авчихдаг юм чинь
Хайраар бичсэн мөрүүдээрээ ашдын заяаг нь аргамжаад
Халуун дулаан сэтгэлд нь мөнхийн зул болж
Халхын буяныг дээдэлдэг ижийгээн хайралж явья даа

1999 он
Цааш унших...

Saturday, August 1, 2009

Р.Ичинхорлоо "Тэнгэр"

Миний монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм.

Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй

1990 оны "Болор цом"-д уншсан тэргүүн байрын шүлэг
Цааш унших...

Ц.Хулан "Эрх чөлөө"


Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай!
Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай!
Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай!
Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй
Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй
Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэн
Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай!
Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог
Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог
Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог
Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?
Цааш унших...

Ц.Хулан "Зүгээр л нэг амьдрах юмсан"


Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . .
Цааш унших...

О.Дашбалбар "Амьддаа бие биеэ хайрла..."


Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

1980 он, Москва хот.
Цааш унших...

О.Дашбалбар "Тэнгэр шиг бай"


Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...
Цааш унших...

Эдийн засгаас жаахан ангид байх хэрэгтэй ш дээ..

Энэ блог бол миний үзэл бодол, сонирхол, хийсэн ажил, хийх гэж байгаа ажлыг минь хүмүүст таниулах нэг ёсондоо МИНИЙ ЕРТӨНЦ юм. Тийм болохоор өөрийн унших дуртай богино хэмжээний өгүүлэлгүүд болон шүлгүүдээ оруулж байнаа.
Цааш унших...