Showing posts with label Амьдралаа гэж.... Show all posts
Showing posts with label Амьдралаа гэж.... Show all posts

Sunday, April 11, 2010

Бүрхэг тэнгэр...

Жавхлангийн "Чи минь байгаа хойно" гэдэг дууг ойрийн хэдэн өдөр, бас өнөөдөр өдөржин сонслоо. Яагаадыг нь мэдэхгүй, сонсоод л байна. Бодоод байхнээ аравдугаар ангид байхдаа Таke Off хамтлагийн “Цасан дээр” гэдэг дууг боломж олдвол сонсдог, оюутан болоод ч сонсохоо болиогүй, харин өнгөрсөн жил нөтбүүкээ порматлаж байхдаа устгаснаас нэг дууг ингэж олон удаа сонсоогүй юм байна шүү. Бүр зарим хүнд зун байхад өвлийн тухайн дуу сонслоо гэж шоолуулдаг байсан маань санаад орчихлоо.
Бүрхэг тэнгэртэй, бүүдгэр өдөр ч дуусах дөхөж байна. Маргаашын тэнгэр үүлгүй байгаасай. Ядаж байхад ойрын хэдэн өдөр жаахан даарсан юм байлгүй. Бүтэн амьсгаа авч болохгүй юм. Юу нь ч тээглээд тэгээд байгаан бүү мэд.

Цааш унших...

Thursday, April 8, 2010

Хайранд хүртэл диверсификаци хэрэгтэй гэнэ шүү.

Дадлагын хугацаа дуусч энэ долоо хоногоос хичээл орж эхлэж байна. Төгсөх курсынхны хувьд дипломын ажлаас гадна мэргэшүүлэх 2-3 хичээл орж байгаа. Манай ангид л гэхэд Монголбанкаас мэргэжлийн хичээл мөн Бичил санхүү гэсэн хоёр хичээлийг үзэж байгаа.
Өнөөдөр Батжаргал багшийн бидэнд орох "Бичил санхүү" гэдэг хичээлийн удиртгал хичээл орлоо.
Багш маань бичил санхүүгийн онцлогийн талаар олон сайхан зүйл ярьлаа. Бичил санхүүгийн зорилго бол нийгмийн бага орлоготой иргэдэд чиглэсэн санхүүгийн үйл ажиллагаа үзүүлдэг санхүүгийн институциудын нэгдэл, эрсдэл өндөр байгаа тохиолдолд хүүг багаар тогтоодог гэх мэтээр нөгөө санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалтын бидний үзсэн онолоос эсрэг зүйл ярьж гарваа.
Тэр битгий хэл зарим улс орнуудад жендерийн асуудлыг шийдвэрлэх үүднээс бичил санхүүгийн үйл ажиллагааг чиглүүлдэг. Энэ нь ихэвчлэн азийн хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудад өрх толгойлсон эмэгтэйчүүд их байдаг учраас тэдний санхүүгийн асуудлыг шийдвэрлэх үүднээс бичил санхүүгийн үйл ажиллагааг түүнд чиглэсэн маягаар явуулдаг гэх мэтчилэн. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн талаарх багшийн яриа явсаар байгаад охид хөвгүүдийн хайр сэтгэлийн асуудал болж хувирав.
Багш : "Манай улсад ч гэсэн энэ асуудал сүүлийн жилүүдэд хөндөгдөх болсон энэ нь манай охидууд өөрийн хөрөнгө оруулалт(хайртай хүнээ)-аа оновчгүй хийж (сонгож)байгаатай холбоотой. Охидууд ер нь өөрийн хайр сэтгэлийн багцаа эхний ээлжинд, богино болон дунд хугацаанд олон хөвгүүнд хуваарилах хэрэгтэй шүү. Эрсдэлийг тараан байршуулж байж тухайн хөрөнгө оруулалт (тухайн хөвгүүнд байршуулсан хайр нь юмуу даа) хэр эрсдэлтэй байгаа, цаашид дахин урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх ирээдүй байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй шүү. Битгий юу юугүй нэг багцад хамаг хөрөнгөө байршуунлчихаарай даа өгөөж өндөртэй ч гэсэн түүнийг дагаад эрсдэл мөн өндөр байдаг. Хөвгүүд ч гэсэн охидуудыг өөрт нь хөрөнгө оруулалт хийж байгааг бас мэдэрч хөрөнгө оруулалтаа алдахгүйн тулд боломжийн нөхцөлтэй хөрөнгө оруулалт байгаа тохиолдолд аль болох дахин нэмэлт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Бидний үед бол олон төрлийн хөрнгөнд багцаа байршуулсан охин бол жаахан онцгүй нэр зүүдэг байсан одоо бол харин өөр шүү. Сайн, ирээдүйтэй хөрөнгө оруулалт хийхийн тулд сайн судалгаа хийх хэрэгтэй." гээд хэрхэн зөв хөрөнгө оруулалт хийх (хайртай хүнээ зөв сонгох) талаар санхүүч хүний үүднээс сайхан л зөвлөгөө өглөө. "
Нобелийн шагналт Харри Маркович гэдэг энэ эрдэмтэн санхүүгийн шинжлэх ухаан төдийгүй амьдралын олон зүйлд хэрэглэгдэх "Багц сонголтын онол"-г үндэслэсэнд түүнд талархмаар санагдлаа.

Өнөөдөр СЭЗДСургуулийн эрдэм шинжилгээний хурлыг тараад явж байх зуураа сургуулийнхаа судлаач хэдэн найз нартайгаа энэ талаар жаахан ярилцлаа. Миний хувьд нэг найзынхаа хамт аль хэдийн урт хугацааны хөрөнгө оруулалтаа хийсэн бөгөөд бид хоёрын хувьд одоо бараг буцааж татах боломжгүй болсон. Харин эрсдэлээс хэрхэн сэргийлэх, хэрхэн хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах талаар цаашид анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ. Ер нь бол хөрөнгө оруулалт багшийн зөвлөсөн үе шатаар бус шууд л хөрөнгө оруулалт хийсэн гэхүү дээ. Нэг ёсондоо эрсдэлтэй хөрөнгө (venture investment)оруулалт хийсэн.Гэхдээ миний хувьд оруулсан хөрөнгө оруулалтаа хэзээ ч оновчгүй хөрөнгө оруулалт гэж бодож байсангүй. Харин нэг найз маань багцаа ерөнхийдөө тараан байршуулаад оновчтой багцаа (бидний оновчтой багцыг нэг хүн л бүрдүүлнэ) бүрдүүлэх шатандаа орж байгаа, нөгөө нэг нь хөрөнгө оруулалтын зарчмын дагуу багцаа байршуулаад эрсдэлээ тооцоод л явж байх жишээний.

Эрдэм шинжилгээний хурлын шагналын мөнгөөрөө дээрээс авах гээд санхүүгийн бололцоо болж өгөхгүй байсан нэг номоо авлаа. Солонгосын зохиолч Нам Ин Сүкийн "Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг" гэсэн нэртэй. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгө оруулалтын үр, ашгийг оновчтой байлгахын тулд олон зүйлийг судлаж, мэдэж эрсдэлээ бууруулах нь зөв болов уу гэж бодном.


Дээрхтэй адил хайрын тухай валютаар зүйрлэсэн нэгэн нийтлэл байна. Discount Rate of Love ... Хаа сайгүй...

Цааш унших...

Sunday, April 4, 2010

Дүүгийн төрсөн өдөр ба "Помогите нам"

Манай ээж айлын арван хүүхдийн хамгийн том нь, харин ах бид хоёр бол ээжийн дүү нарын хүүхдүүдийнх нь том агаа, аниа нар нь гэх үү дээ.
Зарим хүмүүс оюутны байранд байж үзээгүй оюутныг оюутан гэдэггүй юм гээд л байдаг юм. Би гэдэг хүн нэгдүгээр курсээсээ л эхлээд ээжийнхээ дүүгийнд оюутны 4 жилийг өнгөрөөж байна даа. Хүмүүс намайг оюутан биш гэхгүй л байна (Амьдралд хандах хандлага, биеээ авч явах гээд олон зүйлээр ялгардаг байх л даа).Эгч маань охин хүү хоёртой.Эгчийндээ энэ дөрвөн жилийн хугацааг өнгөрүүлэхдээ хэзээ ч би өөрийгөө өөр айлын хүүхэд гэж бодож явсангүй. Хоёр дүүгээ ч гэсэн төрсөн дүү шигээ л бодож явлаа.

Дүү Хишигт маань өнөөдөр 18 нас хүрч байгаа.
Багаасаа бие нь өвдөөд хичээл номондоо жаахан тааруу хүүхэд байсан болохлоор тийм сайн сурлагатай байгаагүй ч гэсэн өөрийн хичээл зүтгэлээрээ сонирхож байсан сургуульдаа элсэн орсон. Дүүгийн маань зан гэвэл хүний төлөө их санаа зовдог, өөрөө нэмэр болж чадахгүй ч гэсэн дандаа санаа зовж өөрийгөө бухимдуулдаг (яг л ээж шигээ. Эгч маань бас л хүн болгонд санаа зовж явдаг юм). Бас жаахан ууртай (уурлаад шалихгүйээ удаад л нэг цаг болдийн).

Өчигдөр өглөө босоод л "Би оройны хоол хийнэ шүү, Отгоо эгч та өдрийн хоол хийгээрэй" гэхээр нь нэг их тоогоогүй тэгээрэй гэсн юм яриад л өнгөрсөн. Орой нь та нар миний 17 насны сүүлийн хоолийг идэж байна шүү дахиад идье гэсэн ч боломжгүй гэсэн наргиан болоод л өнгөрсөн.

Зурхайд итгэдэг, Эгчтэйгээ үеийн найз охинтойгоо ярьж байгаа юм шиг л хамаагүй ярьчихдаг, хөлбөмбөг хамтдаа үздэг дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсээд төрсөн өдрийн мэнд хүргэе.


Өнөөдөр 2 эрэгтэй дүүтэйгээ дүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж цуг "Помогите нам" гэдэг киног үзлээ. Ойрд кино театрт кино үзээгүй болохлоор сайхан л байлаа.
"Помогите нам"-н хувьд гэвэл, Энэ кинонд 1990-ээд оны дунд үеийн урагшаа БНХАУ, хойшоо ОХУ-руу гарч наймаа хийдэг хүмүүсийн тухай, тэдний амьдралын төлөө тэмцэл, хүн чанар, нэг нэгэндээ итгэх итгэлийг 23-р хурдан галт тэргэнд суусан 20 орчим хүний үйл хөдлөлөөр дажгүй дүрсэлжээ.
Нэг үзчихэд буруудахгүй байх гэж бодож байна.


Цааш унших...

Saturday, March 27, 2010

Сайн байна уу? Сургууль минь ...

Өнөөдрөөс яг 8 долоо хоногийн өмнө МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн төгсөх курсын оюутнууд үйлдвэрлэлийн дадлагадаа гарсан билээ. Харин өнөөдөр дадлагын маань сүүлийн өдөр дууслаа.

Оюутан бүр өөрийн эзэмшиж байгаа мэргэжлийнхээ онолын мэдлэгээ практикт бататгаж илүү ихийг сурч мэдсэн, шинэ санаа санаачлагаар дүүрэн дадлага болсон байх гэдэгт найдаж байна. Уг дадлагыг хийлгэхийн гол зорилго нь ч энэ билээ.

Банкны менежмент мэргэжлээр 3.5 жил сурчаад заримдаа мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй байгаа ч юм шиг санагдаад байдаг байлаа. Дадлага хийгээд энэ бодол маань жаахан ч гэсэн өөрчлөгдөж нээрээ энэ мэргэжлээр ажиллавал зүгээр ч юмуу гэж бодогдох болсон шүү (нуух юун ‼).

Миний хувьд Голомт банкны 5-р салбарын Зээлийн төв дээр Цагаан сарын шинийн 7-с эхлэн 3 сарын 26-ны хооронд дадлагаа хийлээ. Оройхон гараад ширүүхэн дарсан дадлага маань олон зүйлийг сурсан чамлахааргүй үр бүтээлтэй дадлага байлаа. Дадлагын оюутан хүний туулах ёстой замыг бараг л туулсан болов уу? (гэхдээ цай, кофе ганц ч удаа зөөж байгаагүй шүү.)

Анх 2009 оны хавар “Голомт” банкны ОЭШБХуралд дэд байр эзлэж , уг банкинд үнэгүй дадлага хийх эрхтэй болсон юм (ОЭШБХуралд амжилттай оролцсон, Шилдэг 100 оюутан хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд). Ингээд 2009 оны зун танилцах дадлага, 2010 оны хавар үйлдвэрлэлийн дадлагаа “Голомт ” банкинд хийлээ.

Дадлагууд маань миний хүлээж байсан хүлээлтээс илүү их сэтгэл ханамжийг надад өгч байсан болохлоор энэ банкны үйл ажиллагаа, удирдлагын менежмент, хамт олны талаар магтахгүй байхын аргагүй юм.

За ингээд дадлагын хугацаанд юу хийсэн тухайгаа товч тайлагнавал:

Эхний долоо хоногт
“Орон сууцны зээлийн нээлттэй өдөрлөг” болж энэхүү өдөрлөгөөр орон сууцны зээлийн талаар харилцагчдад уг бүтээгдэхүүний талаар тайлбар өгч, шаардлагатай тооцооллийг нь хийж өгсөн. Энэ өдөрлөгт оролцсоноор уг зээлийн болон бусад зээлийн бүтээгдэхүүний талаар илүү сайн ойлголттой болсон. Мөн одоогийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдалд харилцагчдийн зээлийн эрэлт хэрэгцээ ямар байгааг тодорхой хэмжээнд мэдэрсэн.

Хоёр дахь долоо хоногт
зээлийн судалгаа, болон хувийн хэрэг бүрдүүлэлт, зээлийн эргэн төлөлт, зээлд тавигдах хяналт, зээлийн хорооны хурал хэрхэн болдог талаар дэлгэрэнгүй ойлголттой болсон (ер нь бол зээлийн мэргэжилтэн ямар ажил хийдгийг бараг л сураад авсан шүү. Туршлага л байхгүй болохоос ). Хамгийн гол ойлгож авсан зүйл гэвэл зээлдэгчийн сэтгэл зүй, түүнтэй хийх ярилцлага зэргийг хэрхэн өрнөдөг талаар бодит ойлголттой болж авсан явдал юм.

Гурав дахь долоо хоногт
Төвөөс ирсэн дотоод аудитын газрынхны ажилд туслаж дотоод хяналт шалгалт хэрхэн хийдэг. Хяналт шалгалтаар гарч байгаа зөрчил,дутагдлууд түүнийг хэрхэн засч залруулж байгаатай биеээр танилцсан (үнэнийг хэлэхэд жаахан уйтгартай ажил юм байна лээ. Гэхдээ их хариуцлагатай). Дотоод аудитын газрынхны товч нэр нь ДАГ-нхан гэнэ. Бүгдээрээ их даргархуу хүмүүс байх хэрэгтэй юм шиг санагдсан (хийж байгаа ажил нь ийм байхыг шаарддаг гэх үү дээ).
ДАГ-ынхан бол банкны зүгээс салбар тооцооны төвүүд, тэнд ажиллаж байгаа ажилчдын үйл ажиллагаанд дотоод дүрэм журам хэрхэн мөрдөгдөж байгааг шалгаж дүгнэлт өгөх үүрэгтэй. Манай салбарынхны хувьд энэхүү шалгалтаар сайн гэсэн үнэлгээ авсан гэсэн (ДАГ-ынхны дүгнэлт тайланд сууж үзэхийг хичээсэн боловч дотоод журамд нь хориотой байдаг гээд суулгаагүй).

Дөрөв дэхь долоо хоног
бол танилцах дадлагаараа хийж сураагүй ажлаа хийсэн шүү. Хүнд нэг туулах ёстой зам гэж байдаг даа. Тойрч гарч болдоггүй. Энэ бол “эдийн засаг, санхүүгийн чиглэлээр дадлага хийж байгаа оюутан бүр баримт үдэж дугаарлаж сурах ёстой” (заримдаа ямар их баримт вэ . Энэ дадлага хурдан дуусаасай гэж бодох үе байсан шүү. Гэхдээ л дугаарлаад дууссан даа )гэдэг зам юм. Баримт дугаарлахын хажуугаар заримдаа тайлангаа жаахан явуулсан шиг өнгөрсөн долоо хоног.

Төгсгөлийн долоо хоног :
Дадлагын удирдагч маань манайг сайн дадлагаа хийж байгаа (бас сайн баримт дугаарлаж өгсөн гэж) гэж урамшуулж надад хажуу талын байгууллагын wireless интернэтийн нууц кодыг олж өгч баярлуулсан даа. Интернэттэй болсноор би гэдэг хүн өөрийн блогоо өнгө зүс оруулж, мэдээ мэдээлэл нэмж, банкны маркетинг хичээлийнхээ зах зээлийн судалгааны мэдээллийг цуглуулж, судалгааны ажилтайгаа холбоотой мэдээлэл цуглуулах, хажуугаар нь бас мессенжерээр чатлахаа мартсангүй (хувийн ажлаа жаахан хэтрүүлсэн байх талтай).

Гэхдээ бас эрт баярлах болоогүй байжээ. Арай гэж баримтуудаа дугаарлаж дууссан чинь бурхан багш намайг илүү сайн дугаарлаж сур гэж байгаа юм шиг сүүлийн хоёр өдөр дахин баримт дугаарлав. Ингээд Баасан гаригийн орой 18 цагтай уралдан баримтаа дугаарлаж ч дууслаа, тодорхойлолт маань ч бэлэн болжээ. Ингээд үйлдвэрлэлийн дадлага маань дуусч “Сайн байна уу хайрт сургууль минь” …. Хичээл 4 сарын 5-нд орно гэсэн тэр болтол амралттай.

Шигтгээ: Дадлагын хугацаанд долоо хоног 23 хавтас, 10687 хуудас баримтан дээр 27507 цифр бичсэнийг минь үнэлж дадлагын тодорхойлолтны төгсгөлд “Холбогдох бичиг, баримтыг эмхлэн цэгцэлж үдэж сурсан болно” гэсэн урмын үг (дадлагын тодорхойлолтонд миний ямар ажил хийж, юуг сурч авсныг бодитоор ) бичсэнд ихэд баярлав.
2010 оны 3 сарын 26

Цааш унших...

Monday, December 14, 2009

Утсаа алдах шахлаа ш дээ..

Манай гэр сургуулиасаа 10 минут яваад хүрэх газар байдаг болохлоор би оюутны виза хэрэглэлгүй мөн автобусанд нэг их олон суулгүй оюутны 3 жилийг өнгөрүүлжээ. Гэр сургуулийн хооронд ихэнхдээ явдаг болохоор визаны хэрэг ч гардаггүй. Энэ нь зарим талаараа сайн боловч зарим нэг талаараа дутагдалтай юмаа. Жишээ нь: ихэнхдээ гэр сургууль гэсэн маршруттай надад заримдаа өөр чиглэлд явах хэрэг гарахад адаглаад л ямар автобусанд суухаа хааяаа мэдэхээ больчихно, олон дахин автобусанд суувал мөнгөө бодож жаахан харамсана.

Би ажилдаа өглөө 9:00 гэхэд очсон байх ёстой. Уг нь нэг их цаг бүртгээд байдаггүй ч би өөртөөө хариуцлагатай байх үүднээс цагаа барихыг их хичээнэ. Ингэхлээр хааяаа цаг маань дөхөөд хоцрох шинжтэй болвол аль эсвэл хүйтэн даарах гээд байвал сэтгэлээ хуурч автобусанд мөнгө төлж суух юм. Автобусанд суухдаа би даарахгүй, алхаснаас хурдан ажилдаа очно гэсэн сайхан бодлууд өвөртлөөд л.. Даанч автобуснаас буухдаа энэ бодол маань яах гэж би автобусанд суувдаа зүгээр л тэсээд алхах байж гэсэн бодлоор солигдоно гээч. Учир нь би адхвал 30 минут яваад л ирдэг газар автобус намайг 40-50 минутын хугацаанд авчирдаг (ажилдаа 10-20 минут хоцордог), шахцалдаад хөлөн дээрээ бол гурваас олон удаа гишгүүлж (гишгэсэн хүнд гомдохдоо ямар их шахдаг юм гэж бухимдаж эсээ үхүүлнэ)халтар гуталтай бууна. Ёстой л нээрэн Хүрлээгийн "Эргэлзээ" жүжиг шиг яваад ч байгаа юм шиг, явахгүй ч байгаа юм шиг автобусанд суугаад цаг хэмнээд ч байгаа юм шиг, хэмнээгүй ч юм шиг байх юм даа. Энэ бол автобусанд суухын сөрөг тал.

Давуу тал нь юу гээч?? мэдрэмжтэй, тэнцвэртэй, тэвчээртэй болох. Миний суусан автобус тийм байдаг юмуу аль эсвэл бүх автобус тийм байдаг юмуу замын эргэлт болохоор би бараг согтуу хүн шиг л гуйвна(харин ойрдоо эрүүл болоод байгаа), зогсоогоороо хөдлөхгүй удаан хугацаанд байна гэдэг бас тэвчээр шүү (автобусанд суудал дээр сууна гэдэг бол миний хувьд их азтай өдөр гэсэн үг), өнөөдөр би утсаа алдахаа шахсан (куртикныхаа кармаанд утсаа хийчээд цахилгаандчихсан байсан чинь тайлагдчихсан байхлаар нь гайхаад дахиад цахилгаандсан чинь дахиад тайлагдчихсан байдаг байгаа. Тэгэхээр нь цахилгаандчаад ажиглаад байсан чинь хажууд явж байсан нэг залуу кармаа руу маань гараа явуулж байдаг байна шүү.) гэхдээ хулгайчыг цаг алдалгүй барьж авсан. Харин хулгайч надаас гар хоосон байсангүй, автобусны хариулт 200 төгрөгийг минь хулгайлсан (утасны дэргэд гайгүй байгаа биз.. Автобуснаас буучаад хариултаа бодсон чинь кармаанд утастайгаа хийснээ санав)байна лээ.

Үүнд хэн ч буруугүй зүгээр ч би автобусанд сууж сураагүйдээ л ийм байдалд орж байгаа байх. Нэгдүгээр курсээсээ автобусанд сууж явдаг байсан бол дээрх зүйлс зүгээр л жирийн асуудал байхгүй юу. Удахгүй автобус, халаасны хулгайч 2-н занг таньж дасан зохицох байхаа (ер нь хаа ч явсан болгоомжтой явахад буруудахгүй юм байна шүү). Өдөрт хэдэн арван оюутан, залуус утас, түрийвчээ энэ халаасны хулгайч нарт алддаг болдоо. Цаанаа тэдний ажиллах хүчээ шавхаж байж олсон аль эсвэл аав эжийнх нь сарын цалин байсан гэдгийг бодохоор дургүй хүрч байна.
Цааш унших...

Saturday, December 5, 2009

Өнөөдөр 2009 оны 12 сарын 05. Бямба гариг

Ер нь амралтын өдрүүүдэд оюутан ч бай ямар ч эмэгтэй хүний хувьд гэр бүлийнхэндээ өдрийн хоол хийж өгөөд л хичээлээ жаахан сөхөж харчаад телевизор үзэж, гэр орны ажил хийх ч хааяаа сайхан амралт болдог шүү. Даанч миний хувьд долоо хоног болгоны энэ өдөр ажлын өдөр шиг байх юмдаа.
Энэ өнгөрч буй долоо хоногийг дүгнэвэл нэлээн ачаалалтай долоо хоног болж өнгөрлөө. Өчигдөр гэрээ байгуулж ажилд ороод нэг сар болж буй өдөр. Энэ ажилд ороод миний хувьд ажил хийх, сургуульд сурах гэдэг ямар ялгаатайг ойлгож эхэлж байнаа. Сургуульд бид хэн нэгний өмнө буруу зүйл хийлээ гэж хариуцлага хүлээдэггүй. Мөн алдсан зүйлээ дахин хийж алдаагаа залруулах боломжтой байдаг. Харин ажил дээр миний хийж байгаа үйлдэл бүхэн надад ямар нэгэн их бага хэмжээний хариуцлагыг үрүүлж бас бусдын ажилд нөлөөлдөг болохлоор алдах эрхгүй гэдгээрээ сургуулиас ялгаатай юм байна гэдгийг ойлгож авч байна даа. Жижиг энгийн зүйлийг ч гэсэн жижиг гэлтгүй сураад мэдээд авбал хэзээ нэгэн цагт хэрэг болдог юм байна шүү.
Энэ долоо хоногт миний хичээл ажлынхаа хажуугаар нэлээн цаг гаргаж хийсэн зүйлээ бусдад дүгнүүлэх өдөр буюу МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн "Санхүүгийн тэнхим"-ийн намрын улирлын оюутны эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө. Бидний хийсэн судалгааний бүтээл маань Хөрөнгийн зах зээлтэй холбоотой асуудлыг хөндсөн ажил байсан бөгөөд 2010 оны 1 сард болох Хөрөнгийн биржийн эрдэм шинжилгээний хуралд зориулан хийж байгаа ажил юм. Эхний ээлжинд тэнхим, сургуульдаа сорьж эрдэмтэй багш нарыхаа үнэтэй санал зөвлөмжийг авах зорилготой хэлэлцүүлсэн. Гэвч бидний хүсэн хүлээсэн санал, зөвлөмж тэнхимд маань гараагүйд жаахан сэтгэл дундуур байна. Сургуулийн хуралд өөр байна байхаа. Мэдээж тэнхимийн хуралын үр дүн гарсан 3-р курсын дүү нар маань түрүүлсэн тэдний хувьд биднээс илүү сонирхолтой, цаг үеээ олсон сэдвийг хөндсөн нь надад болон бусдад таалагдсан. Бидний судалгааны ажил хоёрдугаар байранд орсон. Том төгсөх курсын ах, эгч нар байж 3-нханыхаа дүү нарын ард ороод гэж зарим нэг нь гайхаж магадгүй л юм. Гэхдээ л тэд биднээс илүү сонирхолтой, цаг үеээ олсон сэдвийг хөндөж чадсан шүү.
Ер нь бодоод байсан чинь бид тэнхимийнхээ эрдэм шинжилгээний хуралд зориулж ямар нэгэн зүйлийг хийж байгаагүй юм байна шүү. Өнгөрсөн жилийн өвөл Санхүүгийн зохицуулах хорооны хуралд, хавар нь Голомт банкны хуралд зориулсан, энэ намар Хөрөнгийн биржид зориулж хийсэн зүйлээ хэлэлцүүлсэн. Хавар оролцвол бас яах бол доо Голомтод болов уу дипломын ажилдаа зориулаад л хийсэн зүйлээрээ оролцох байхдаа. хэ хэ.. Үүнийг бас бодож үзэх хэрэгтэй шүү.

Харин өнөөдрийн хувьд гэвэл би хичээлийн өдрүүдийнхээ алжаалыг тайлж нэг сайхан 10 хүртэл унтчихаад ажил дээрээ Чинбатын "Ээждээ очих юмсан" дууг дахин дахин сонсоод ээжийгээ санаад, өчигдрийн чөлөө авсан ажлаа нөхөж хийгээд л сууж байна даа. Маргааш бол өөр шүү гэрээсээ цухуйх ч үгүй. Дүү нартаа өдрийн хоолийг нь хийж өгч, гэрээ цэвэрлэж сайн эгчийнхээ үүргийг гүйцэтгэнэ ш дээ.

Удахгүй шинэ жил боллоо гэж . . .

Цааш унших...

Wednesday, October 7, 2009

Дэлдэн бор найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Одоогоос яг 21 жилийн өмнө миний найз Дашка маань Баянхонгор аймгийн төрөх тасагт Төмөрчөдөр гэдэг айлын бага хүү болон мэндэлсэн билээ. Харин би түүнийг мэдэх болоод 15 жил болж байна. 5 билүү 6 настай байхад ахтайгаа урд гудамжны хүүхдүүдтэй элсээр гэр барьж, чоно болж хөөцөлдөж тоглодог байлаа. Энэ үед Дашка бас тэнд тоглодог, нэг удаа ахтайгаа нийлээд нэг дэлдэн бор бандийг жаахан шоглож байснаа хальт мульти санадаг юм. Харин Дашка түүнийг санадаггүй гэсээн.
Нэгдүгээр ангиасаа эхлээд аравдугаар ангиа төгсөх хүртлээ нэг ангид сурч чадахгүй мэдэхгүй зүйлээ нэг нэгнээсээ асууж, олимпиад, ерөнхий шалгалт гээд бүх л зүйлд хамтран бэлддэг байлаа.
Дашка маань эссе их гоё бичдэг. 8-р ангидаа би математикийн аймгийн олимпиад, найз маань Монголын түүхийн олимпиадад орох гээд их олон эссе бичнэ. Эссегээ ямаршуухан болсныг багшдаа шалгуулахаас гадна би бас уншиж шүүмжлэл өрнүүлнэ. Аравдугаар анги төгсөх жил би математикийн аймгийн олимпиадад сургуулиа төлөөлөн орж чадаагүй харин найз маань орох эрхтэй болсон юм. Мэдээж надаас сайн байсан болоод л тэр шүү дээ. Нэг өдөр намайг дуудсанаа найзынхаа оронд олимпиадад ор гэж хэлж байсан нь санаанаас ердөө гардаггүй юм. Гэхдээ энэ бол найзын сайхан сэтгэл байсан харин би бол энэ үйлдлийг эрс эсэргүүцсэн. Сургуулиа төлөөлж орох гэж байгаа хүн бол тэр сургуулийн шилдэг нь байх ёстой тэрнээс шилдэгийн сайн найз хоёрдогч, гуравдахь байранд орсон хүн байх ёсгүй шүү дээ.

Мэдээж арван жилийн хүүхдүүдийн дунд үерхэл олон янзаар өрнөнө харин Дашка бид хоёрын нөхөрлөл бол АНДЫН НӨХӨРЛӨЛ байсан, байсаар ч байх болно.
Бидний нөхөрлөж өнгөрүүлсэн арван таван жилийн хугацаанд сайхан дурсамжууд, зөв буруу шийдвэрүүд олон байгаа энэ бүхнийг эргээд дурсахад сайхан байна. Амьдралын зам олон салаатай аав, ээжийн хүүхдүүд нэг замаар явдаггүйн адил 2006 оны 6 сарын 30-ны өдөр хамтдаа сургууль амлах асуудлаа шийдэх шийдвэр гаргасан тэр цагаас эхлэн бидний алхах зам, нэг ангид сууж инээж хөхрөх үе дууссан. Гэхдээ бид МУИС гэсэн том сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудад хамтдаа суралцаж өөрийн гэсэн орон зайгаа бий болгон Хонгор нутгийн хүүхдүүд хэнээс ч дутахгүй гэдгийг харуулсаар байна. Бидний уулзах давтамж цөөрсөөр байгаа боловч ярих ярианы маань сэдэв харин улам өргөн болж амьдралаас илүү ихийг сурч мэдэх, хөгжиж дэвших, төрсөн нутгаа гэсэн нэгэн сэтгэлээр нэгдэн нийлж байдаг.

Яагаад ч юм ямар нэгэн хэцүү зүйл тохиолдвол Дашкад хэлж байж, эсвэл түүнтэй зөвлөлддөж байж шийддэг нь миний итгэлтэй, сайн найз гэдгийг минь үргэлж сануулж байдаг. Харин би найздаа сайн найз нь байж чадсан эсэхээ мэдэхгүй юм.
Бидний нөхөрлөлийн мааш товч түүх нэг иймэрхүү, Дашка маань найз нарынхаа тухай нэг ном гаргана гэж байсан тэр үед харин найз нь өмнөх үгийг нь бичиж өгөх хүсэлтэй байгаагаа бас илэрхийлье.

За ингээд Төмөрчөдөрийн Дашдорж хэмээх дэлдэн бор найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе.
2009 оны 10 сарын 7 өдөр

Цааш унших...

Wednesday, September 30, 2009

Хугацаа нь дууссах гэж байгаа үнэгүй (хямдхан) бүтээгдэхүүн хэрэглэх үү? яах уу?

Сүүлийн үед компаниудын маркетингийн бодлого нь улам л нарийн болоод байх шиг.
Өчигдөр хичээлдээ иртэл ангийнхан бүгд л MCS-ийн "Гоо жүрж" барьчихсан Отгоо чи үнэгүй ундаа авсан уу? үүдэнд өгч байна гэхлээр нь гүйгээд очсон чинь ундаа амсаж үзээд хоёрхон асуулттай судалгаа бөглөөд л нэг жүүс өгч байна. Эхэндээ ямар дажгүй арга вэ? гэж бодоод судалгаа авах аргаа дажгүй сэтгэсэн байна гэж үнэлж, судалгаагаа арай олон асуулттай байлгахгүй ийм асуултанд хариулт авахын тулд нэг ундаа өгөх ч арай л их зардал гаргаад байгаа юм шиг санагдлаа. Хүүхдүүд ч эхний ундаагаа үнэгүй юм болохлоор нь бүгд л сэтгэл ханамжтай уулаа амт нь жаахан тиймэрхүү ч гэсэн. Зарим нэг хүүхдүүд дахин очиж үнэгүй ундаа авч уусан боловч хоёр дахь ундаагаа эхний ундаагаа уусны дараа эхний сэтгэгдэл алга болов уг нь үнэгүй олдож байгаа ш дээ. Тэгсэн ч сүүлдээ уух хүн бараг олдсонгүй шүү. Заримд нь ундааны амт үнэхээр таалагдаагүй бололтой хугацаа нь дуусах гэж байгаа борлогдоогүй ундаагаа тараасан гэх мэтийн олон л зүйлүүдийг ярилцаж, заримынх нь гэдэс ундаанаас болсон уу? идсэн хоолноос нь болсон уу? жаахан эвгүйрхэж эхэлсэн юм. Ундааны үйлдвэрлэсэн хугацааг хартал үнэхээр л 10 сарын 6-нд хугацаа нь дуусахаар байлаа. За энэ ч яахав ашиггүй зардал гаргаж байхаар борлогдохгүй болохоос нь өмнө өөрсөддөө хэрэгтэй зүйл болгоод л авлаа гэж бодоод өнгөрөв.
Орой хичээлээ тараад гэртээ ирсэн чинь гэрт миний уух дуртай кальцитай сүү нэлээн хэдийг эгч аваад ирсэн байв. Эгчийн маань гүйлгээ өнөөдөр сайн байсан юм гэж бодоод сүүнээс нь ууж гарлаа. Харин манай дүү уусангүй кальцитай сүү гэхээр амаа олохгүй уудаг хүн чинь. Тэгсэн чинь юу гэсэн гээч эгч өнөөдөр энэ кальцитай сүүг үйлдвэрлэдэг компанийн 10 жилийн ой болж байгаа гээд 800 төгрөгөөр зардаг сүүгээ тал үнээр нь зараад явж байхаар нь эгч нь аваад ирсэн гэлээ. Харин дүү дурамжхандуу наад сүүний чинь хугацаа нь маргааш 9 сарын 30-нд дуусах юм байна лээ тэгээд л хямдхан зарж байхгүй юу гэдэг байгаа.
Хадгалах хугацаа нь дуусах гэж байгаа бүтээгдэхүүнээ ингэж хямдруулж зарж байгаа нь зөвүү одоо хугацаа нь дуусахад нэг хоногийн, долоо хоногийн өмнө зарж байна дараа нь хугацаа нь дуусаад нэг хоногийн , долоо хоногийн дараа хямдруулаад зарж байж мэдэх л юм. Үнэгүй хямдхан зүйлд дурлахдаа бас учрыг нь олж дурлах хэрэгтэй юм шиг санагдлаа.
Дээр нь нэг зүйлийг нэмж хэлэхэд та бүхэн ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа заавал үйлдвэрлэсэн он, хадгалах хугацааг нь харж байгаарай гэж зөвлөе.
Цааш унших...

Saturday, September 26, 2009

Отгон хүүхэд отгон байхаа больсон нь ..

Би гэж нэг хүн 10 жил айлын бага хүүхэд гэж нэрлэгдэн, Отгончимэг нэрэндээ таарсан отгон хүүхэд байлаа. Тэгтэл Отгон хүүхэд байх хугацаа маань дуусч, айлын том охин болж эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй болчихсон шүү. Анхандаа айлын бага хүүхдийн аашаа орхихгүй ээж аавдаа эрхэлдэг л байлаа. Дүүтэй байж сураагүй болохоор хоёр дүүгээ асрах гэж нэлээн юм болно бас гаргах гаргахгүй ааш гаргаж ээж, аавдаа жаахан зандруулна. За ингээд эгч болсон хүн чинь дүүгээ асрах ажилд томилогдох нь тэр. Ээж ажилдаа яваад би гэж хүн дүүгээ харах гэж нэлээн будилна. Уйлахлаар нь л ээж нь ирж байна уу гэж дэмий л хашааны гадаа гарч гудамжны үзүүр ширтэнэ. Амихандаа олон хараад байвал ээж хурдан ирчих юм шиг санагдаад. Энэ мэтээр эгчийн ажилд суралцаж эхэлсэн дээ. Хийх ажил, хариуцлага нэмэгдээд нэг ёсондоо бол хоёр дүүгээ хариуцсан албан тушаалтан болсон доо. Яваандаа хоёр дүүдээ улам хайртай болж энэ хоёрыгоо л би сайн хүн болгох ёстой бүр энэ бол миний үүрэг гэж бодох болсон.
Өдөр цаг урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд эгч нь оюутан болж, хоёр дүү маань сургууль, цэцэрлэгт орлоо. Нэгдүгээр курсын оюутан хүнд хамгийн хэцүү зүйл бол гэрээ санах. Анх удаа гэрээсээ холдож биеээ дааж амьдарлд хөл тавих гэдэг бол хүн бүхний туулдаг амаргүй үе. Тэр үед манай сургууль арай дэндүү олон хичээл ордог байсан (одоо санахын 11 хичээл, философи, монголын түүх, соёл судлал гээд унших юм ихтэй хичээлүүдийг нэг семистрт бөөнөөр нь орно гээч). Гэрээ санахын эхлэл нь хоёр дүүгээ санахаас эхлэнэ дээ. Утсаар ярьж уйлна, шөнө зүүдэлнэ гээд л.
Жил ирэх тусам миний дүү нартаа хандах хандлага, тэднийхээ төлөө хийх зүйл, хийе гэж бодох зүйлүүд маань өөрчлөгдсөөр л улам л ихийг бодож байна.
Анхандаа тэднийгээ асрах гэж нэлээн тэвддэг байсан бол одоо харин яаж зөв хүн, сайн хүн болгох вэ? гэдэг миний хийх зүйл болжээ.
Өнгөрсөн зуны амралтуудад гэртээ богино хугацаагаар очдог байсан бол энэ жил бүр зорилготойгоор хичээлээ тараад дадлагаа хийж дуусгаад л очсон. Энэ зуны амралт бол миний хувьд ямар нэгэн зүйлд суралцах, ажил хийж мөнгө олох зорилготой байсангүй. Харин гэр бүлийнхээ асуудалд нэлээн төвлөрсөн амралт болсон. Ингэснээрээ ч олон зүйлийг шийдвэрлэж чадсан гэж бодож байна.
Охин дүүг маань багаасаа дүүтэй байсан болохоор нэг их эрх биш ер нь биеээ даасан шинжтэй болохоор түүндээ найдаад эгч нь бага санаа зовно. Зарим хүмүүс дүүг маань хараад яг Жижиг Отгоо шүү.. энэ байж байгаа нь гээд л эгч дүү хоёрыг адилсгана.
Харин эрэгтэй дүү маань их хөдөлгөөнтэй, ёстой л нэг дүрсгүй шар толгой доо. Том толгойтой гэж хүмүүс шоглохлоор нь ухаантай хүний толгой нь том байдаг юм хэмээн өмөөрдөг эгчийн дүү. Өнгөрсөн хавраас 6 настай нэгдүгээр ангийн дүү маань РС гэдэг тоглоомын газар луу байж байгаад явах боллоо гэж ээж аав хэлэх болсноор эгчийнх нь санаа дахиад л зовж эхлэв. Утсаар ярих гэхээр эгчээсээ эмээгээд ярихгүй. Дэмий л ээж аавдаа, охин дүү, ахдаа л захиж тэднийгээ зэмлэнэ.
2дүүтэйгээ зуны амралтын хэсэгхэн хугацаанд жаахан хичээл хийх гэж оролдсон. Энэ хугацаанд тэднийхээ аливаа зүйлд хэрхэн ханддаг болон аливаа зүйлийг сурахдаа хэрхэн хандаж байгааг нь, цаашид яах хэрэгтэй байгаа талаар бага ч гэсэн ойлгож, эгч хүний хувьд яаж дэмжиж өгөх хэрэгтэй вэ? гэдгээ ойлгож авсан. Эрэгтэй дүү маань хүлээж байснаас хурдан хугацаанд хүрдээ сайн цээжлэж, үржих үйлдэл, баганан бичлэгийг сайн сурч байсан нь эгчдээ барьсан том бэлэг байсан.Эмэгтэй дүү маань ямар ч зүйлд идэвхитэй ханддаг, давтлагаа нэг ч удаа тасдаагүй нь түүний хариуцлагатай хандаж байсан нь эгчийн хувьд баярламаар зүйл болж байлаа.
Надад ийм хөөрхөн хоёр дүүтэй болгож өгсөн ээж аав хоёртоо үргэлж би талархаж байдаг.
Эгч нь 2 дүүгээсээ хол байгаа боловч та 2-ынхоо төлөө үргэлж санаа зовж байдаг шүү.
Том эгчийн хичээл зүтгэл 2 дүүгийн авьяас чадвар хэзээ нэгэн цагт биднийг амжилтанд хүргэж Гансүхийн хүүхдүүд гэсэн тодотголыг бидэнд авчирч, эцэг эхээ баярлуулах өдөр ирнэ гэдэгт эгч нь итгэж байна.

Санаа тавих, хүнтэй байна гэдэг сайхан шүү.
Цааш унших...

Monday, September 7, 2009

А.Эйнштейний хэлсэн 10 ухаалаг сургаал


1.Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгэхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгэхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.

2. Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертєнц болон хvн тєрєлхтєний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертєнцийн тухайд эргэлзэж байна.

3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурахад оршино.

4. Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.

5. Би огтхон ч ирээдvйн тухай боддоггvй. Учир нь удахгvй єєрєє ирнэ.

6. Надад єєр шинэ зvйл сурахад саад болдог ганц зvйл бол миний ємнє нь сурсан хуучин зvйлсvvд.

7. Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох магад.

8. Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.

9. Би юу ч мэдэхгvй, надад юу ч хамаагvй, тэгсэн ч энэ нь ямар ч єєрчлєлтєнд хvргэхгvй!

10. Эхлээд чи тоглоомынхаа дvрмийг сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хvмvvсээс хамаагvй илvv сайн тоглох хэрэгтэй.
Цааш унших...

Monday, July 20, 2009

Амьдралын хуулийн шалтгаан үр дагавар

Бид өглөг өгөх тусмаа - Сэтгэл тэнэгэр болдог
Бид санаачлагай байх тусмаа - Үнэ цэнэтэй болдог
Аливааг сонирхож чадвал - Амьд цовоо болдог
Анхааран хандаж чадвал - Гэгээлэг хүмүүн болдог
Сайн үйлчилж чадвал - Бид чинээлэг болдог
Сайхан найрсаг байвал - Тусч болж чадна
Цөхрөшгүй шаргуу байвал - Улам амжилт ирнэ
Талархаж сурахын хирээр - Улам бурханлаг болно
Уучилж сурахын хирээр - Бид чөлөөтэй болдог
Сүслэн залбирахын хирээр - Бурханы ивээлд багтдаг
Сониучлан тэмүүлэхийн хирээр - Бид улам бүтээлч болно
Итгэл үзүүлэхийн хирээр - Бид улам мэргэн болно
Тэвчээртэй байхын хирээр - Хариу нь бидэнд ирнэ
Ухаалаг байхын хирээр - Эвтэй найртай болно
Цовоо байхын хирээр - Сэтгэл татам болно
Цааш унших...