Friday, December 25, 2009

Д.Төмөрбат ахын маань анхны бүтээл хэвлэгдэн гарлаа.

Маркетинг олон улсын худалдааны чиглэлээр суралцдаг оюутнуудын гар дээр нэгэн шинэ ном очиход бэлэн болоод байна. Энэ бол Д.Төмөрбат ахын маань бүтээл "Олон улсын маркетинг: Мэдээлэл технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги" ном юм.


Номын тухай
Олон улсын маркетинг бол дэлхийн зах зээлийн аюул ба боломжуудыг шинжилсэний үндсэн дээр тухайн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, үнэ тогтоох, идэвхижүүлэх болон хүргэх бизнесийн үйл ажиллагааны гүйцэтгэл болохын зэрэгцээ тухайн аж ахуйн нэгжийн зорилт болон хүмүн капитал, санхүү болон биет хөрөнгө гэх мэт нөөцүүдийг удирдах үйл явц юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээ чөлөөтэй нэвтрэх нээлттэй эдийн засагт олон улсын маркетинг нь хэрэглэгч ба үйлдвэрлэгчийг боловсруулах, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, зөв сонголт хийх, трансакцийн зардлыг бууруулах, зах зээлээ өргөжүүлэх, хэлэлцээр хийх болон үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой байдаг. Худалдан авах чадвар ба биет дэд бүтцээс гадна, олон соёлын үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн, ил тод, хариуцлага хүлээж чаддаг зах зээлд л олон улсын маркетингийн зорилт хэрэгжинэ. Эрдэс баялаг экспортлодог орон байнга түгшүүр дунд амьдардаг бол дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай пүүсүүд л нийгмийг урагш нь авч явдаг зүй тогтолтой. Иймд, бид дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд олон улсын маркетингийн мэдлэгийн ач холбогдол асар өндөр гэдэг нь тодорхой байна.
Номын бүтэц “Олон улсын маркетинг: мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги” хэмээх энэхүү ном нь гурван хэсэгтэй. Олон улсын маркетингийн орчиний хүчин зүйлүүдийн тухай өгүүлэх “Олон Улсын Маркетингийн Орчиний Шинжилгээ” хэмээх нэгдүгээр хэсэг нь гурван бүлгээс бүрдэх бөгөөд “SLEPT” аргад дулдуйдахдаа дотоод маркетинг нь олон улсын маркетингиасаа юугаараа ялгаатай болох, дэлхийн зах зээлд шийдвэр гаргах онцлог, олон улсын маркетингийн нийгэм-эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй орчиний хувьсагчууд нь компаниудын маркетингийн зориулалтад хэрхэн нөлөөлж байдаг, үүдэн бий болох эрсдэлийг хэрхэн бууруулах, олон улсын маркетинг түүнийг хөдөлгөгч хүчин зүйлүүд, дэлхийн зах зээл дэх тоглогчид тэдгээрийн маркетингийн онцлог, боломжуудыг хэрхэн ашиглах, санхүү-эдийн засгийн хямралын үеийн маркетинг, олон улсын зах зээлд маркетингийн үр нөлөөтэй хөтөлбөр боловсруулах урьдач нөхцөл зэргүүдийг авч үзэх болно.

Эхний бүлэгтээ, олон улсын маркетингийн талаархи суурь ойлголт, онцлог; маркетерийн зүгээс олон улсын зах зээлд үр нөлөөтэй өрсөлдөхийн тулд ямар ур чадвар, мэдлэг шаарддаг болох; хөгжиж буй орнуудын маркетинг болон хөгжилд маркетингийн гүйцэтгэх үүрэг; гадаад маркетингийн идэвхижүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд засгийн газар ба хувийн хэвшилийн хоорондын түншилэлийн хэлбэр, энэ талаар төгсгөлд нь Ямайкын жишээтэй танилцах болно

Хоёрдугаар бүлэгтээ, дэлхийн зах зээлийг өргөжүүлэн тэлэгч даяаршил, бүс нутгийн интеграци ба технологи нь дэлхийн, бүс нутгийн болон нэг улсад ямар боломж, эрсдэл учруулж байгаа, түүнээс үүдэн маркетингийн хөтөлбөр, стратеги боловсруулахад хэрхэн тусгах талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.
Нэгдүгээр хэсгийн төгсгөлийн бүлэгтээ, нийгэм-соёлын, улс төр-эрх зүй, эдийн засгийн болон технологийн орчиний хүчин зүйлүүд нь маркетингийн стратеги боловсруулахад хэрхэн нөлөөлдөг, тэдгээрийг олон улсын маркетингийн хөтөлбөр боловсруулахад хэрхэн тусгах, зорилтот зах зээлийнхээ орчинд хэрхэн үнэлгээ өгөх, олон улсын маркетингийн орчин нь гадаад зах зээлд үйл ажиллагаа хэрэгжүүлж буй пүүсүүдэд хэрхэн нөлөөлдөг, эрс ялгаатай орчинд хэрхэн дасан зохицох, үүсч болох эрсдэлийг хэрхэн бууруулах, боломжийг хэрхэн бүрдүүлж ашиглах талаар SLEPT аргад дулдуйдан дэлгэрэнгүй өгүүлэх болно. Энэхүү бүлгийн төгсгөлд Африкт өрнөж буй мобайль утасны банкны үйлчилгээний хувьсгалтай танилцах болно.
“Олон Улсын Маркетингийн Төлөвлөлт ба Судалгаа” хэмээх хоёрдугаар хэсэг нь олон улсын маркетингийн төлөвлөлт ба олон улсын маркетингийн судалгаа гэсэн хоёр бүлэгтэй.
Энэ хэсэгтээ олон улсын зах зээлд хэрэглэгчидийнхээ хэрэгцээг хангах зорилт тавьж буй пүүсээс төлөвлөлт, хяналт ба судалгааны үйл явцыг хэрэгжүүлэх замаар гадаад маркетингийн төлөвлөлтийн бэлтгэлийг хэрхэн хангах, дэлхийн зах зээл дэх эрсдэл болон сорилтуудад хариу үйлдэл үзүүлэх, боломжуудыг хэрхэн тодорхойлох, аль зах зээлд гарч өрсөлдөх, хэсэгчилэлийг хэрхэн гүйцэтгэх, түүнчилэн өрсөлдөх чадвараа хангах үүднээс шинжилгээний ямар аргачлалууд байдаг, гадаад зах зээлд стратегийн зорилтоо хэрэгжүүлэхдээ хязгаарлагдмал нөөцийн хүрээнд маркетингийн холцийг боловсруулахын тулд Маркетингийн Мэдээллийн Системээр дамжуулан өгөгдлийг хэрхэн цуглуулж гадаад маркетингийн шийдвэр гаргадаг болохыг судлана.

Дөрөвдүгээр бүлэгтээ, олон улсын хэмжээнд маркетингийн боломжуудыг үнэлж тодорхойлохдоо төлөвлөлт хяналтыг ямар үе шаттай хийдэг, гадаад зах зээлд нэвтрэн орох стратегиуд болон олон улсын зах зээлийг хэрхэн хэсэгчлэх асуудлыг авч үзнэ.

Тавдугаар бүлэгтээ, олон улсын маркетингийн мэдээллийн системийн онцлог, судалгааны үе шатууд, гадаад зах зээлийн шинжилгээний “5 с” аргуудыг гадаад, интернет судалгааг маркетингийн судалгаанд тулгарч байдаг бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар хамтатган авч үзэх болно. Хоёрдугаар хэсгийн төгсгөлд “B&R” - ийн зүгээс гадаад шинэ зах зээл нээхэд маркетингийн судалгаа хэрхэн хийж байгааг авч үзэх болно.
“Олон Улсын Маркетингийн Холцийн Стратеги” хэмээх гуравдугаар хэсэгтээ гадаад зах зээлүүдэд маркетингийн үр нөлөөтэй бөгөөд өрсөлдөх чадвартай стратеги хэрхэн бүрдүүлэх талаар авч үзнэ. Энэхүү хэсэг нь 4 бүлэгтэй.

Зургаадугаар бүлэгтээ, олон улсын зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, амьдралын мөчлөг, нэвтрэлтийн үе шатууд, ба өрсөлдөх чадварыг авч үзэх бөгөөд бренд гэж юу болох, брендийн ямар стратегиуд байдаг, бүтээгдэхүүний нийцүүлэх болон жишигчилэх стратеги, олон улсын үйлчилгээний зах зээл ба аутосиргийн зах зээлийг авч үзэхийн зэрэгцээ бүлгийн кейс болгож Египтийн аутсорсингийн амжилтын нууцтай танилцах болно.

Долоодугаар бүлэгтээ үйлдвэрлэгчээс хэрэглэгчрүү хүргэх үүрэгтэй олон улсын хувиарлалтын төрөл бүрийн сувгуудыг авч үзэхийн зэрэгцээ улс орнуудын хоорондын зуучилагчидийн хэлбэр, чиг үүрэг болон зорилтуудыг дурдана. Олон хувиарлалтын суваг сонгоход нөлөөлөх хүчин зүйл, сувгын гишүүдийг хэрхэн сонгох, сэдэлжүүлэх, хянах болон хувиарлалтын сувгийг жишигчлэх ба нийцүүлэх асуудлыг Лико компанийн жишээн дээр авч үзэж эцэст нь олон улсын ложистикийн талаар товчихон өгүүлэх болно.
Олон улсын орчинд үнийн шийдвэр гаргах аргачлалын талаар дурдах 8-р бүлэгтээ, олон улсын маркетингийн үнэ бүрэдэхэд нөлөөлөгч хувьсагчууд, үнэ тогтоох аргууд шилжих үнэ, коунтертрейд, шилжих үнэ Олон улсын зах зээлд үнийг жишигчилэх болон нийцүүлэх стратегийг “Getinge AB” компанийн жишээнээс суралцах болно. Дараагаар нь олон улсын зах зээлээс автомашины эд ангиуд дахь зах зээлийн таатай байдлыг ашиглахад Сингапурын үйлдвэрлэл эрхлэгчийн сул болон давуу талыг үнэлэх байдлаар “Beta Automotive” компанийн кейстей ажиллах болно.

Есдүгээр бүлэгтээ, олон улсын маркетингийн холцид идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэх, борлуулалтын багыг хэрхэн байгуулах, интернет идэвхижүүлэлт болон олон улсын зах зээлд идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн нийцүүлэх болон жишигжүүлэх асуудлыг авч үзээд бүлгийн кейсээр “Монгол Кашимер” Хувьцаат компанийн экспортын идэвхижүүлэлтийг хямралын энэ цаг үед хэрхэн хэрэгжүүлж болох талаар суралцах болно.

Төгсгөлийн хэсэгтээ ашигласан эх сурвалж болон веб сайтуудыг багтаасан болно.
Дэлхийн сонгодогыг Америк сурах бичгүүд тодорхойлдог учираас маркетингийг Америк болон Европын орчиноос тайлбарладаг. Иймд, Монгол хэл дээр дэлхийн сонгодог сурах бичгийг хуулбарлаж байгаа нөхцөлд бид өөрсдийн үндэсний онцлогын үүднээс тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үйлчилэх учиртай болов ч энэ талд тун дутмаг болсныг хүлээн зөвшөөрч байгааг өчөөд цөөн хувьтай хэвлэж судлаач, бизнес эрхлэгчид болон энэ чиглэлээр суралцаж буй ирээдүйн тогтвортой хөгжлийг бүтээгч оюутан та бүхний мэргэн санаа, зөвлөмж асар чухаг тул сэтгэлээ харамгүй хайрлана уу.

Цаасны хэмжээ- A4
Хуудасны тоо-290
Үсгийн шрифт-9.5
Хэвлэсэн газар: “Соёмбо принтинг” ХХК
Хэвлэсэн он: 2009
Харилцах шуудангийн хаяг: Зип код 14201 Шуудангийн хаяг 46A, хайрцаг 404
Цахим шуудан: tumurbatdalkhsuren@ymail.com

Цааш унших...

"1 хүртлэх сая төгрөгөөр ямар бизнес эрхлэх вэ?"

Бизнес төлөвлөгөө, төсөл шалгаруулж,
санхүүжүүлэх хөтөлбөрийн удирдамж


Нэг. Нийтлэг зүйл

Оюутнуудын бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, шаардлага хангасан төлөвлөгөө, төслүүдийг санхүүжүүлж, үйл ажиллагааг дэмжих замаар аж ахуй эрхлэх ур чадварыг олгох, сургуулийн түшиц аж ахуй бий болгоход энэхүү хөтөлбөрийн гол зорилго оршино.

Уг хөтөлбөрт МУИС-ЭЗСургуулийн оюутнууд хамрагдах ба өөрсдийн боловсруулсан төлөвлөгөө, төслийг сургуулийн санхүүжилтээр хэрэгжүүлэх боломж олгогдох юм. Үүнд:

• Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 1 хүртлэх сая төгрөг бэлнээр
• Оффисын өрөө /үнэ төлбөргүй/
• Дунд зэргийн хүчин чадал бүхий компьютер /үнэ төлбөргүй ашиглуулах/

Хоёр. Хөтөлбөрийн шалгаруулалт зохион байгуулах журам

Хөтөлбөрийн шалгаруулалт 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.

1. Боловсруулсан бизнес төлөвлөгөө болон төслөөрөө үзэсгэлэн гаргаж нийтэд танилцуулна.

• Энэ үе шатанд үзэсгэлэнг сонирхогчид болон мэргэжлийн багш, судлаачид үнэлгээ өгч дүгнэнэ.
• Нийт үнэлгээнүүдээр байр эзлүүлж, эхний 5 төлөвлөгөө, төслийг дараагийн шатанд оруулна.

2. Эхний шатнаас шалгарсан төсөл, төлөвлөгөөнүүдээр илтгэл тавина.

• Энэ үе шатыг зөвхөн мэргэжлийн багш, судлаачид шүүн үнэлгээ өгч, байр эзлүүлнэ.
• Эхний 2 төлөвлөгөө, төслийг санхүүжүүлнэ.

Гурав. Шалгаруулалт зохион байгуулах хугацаа

Хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцох багуудыг 2010 оны 2 сарын 9 өдрөөс 11 өдөр хүртэл ажлын цагт бүртгэнэ.

Хаяг: МУИС-ЭЗС-ийн №214

• Нэгдүгээр үе шат: 2010 оны 2 сарын 12 өдрийн 12.30 цагт,
• Хоёрдугаар шат: 2 сарын 18 өдрийн 13.00 цагт тус тус зохион байгуулагдана.

Дөрөв. Төсөл, төлөвлөгөөнд тавигдах шаардлага

Шалгаруулалтанд ирүүлэх төсөл, төлөвлөгөөнд тавигдах шаардлага:

• Шалгаруулалтанд оролцогчид нь МУИС-ЭЗС-ийн оюутнууд байна.
• Шалгаруулалтанд ирүүлэх төсөл, төлөвлөгөө нь 1 хүртлэх сая төгрөгөнд багтсан төсөвтэй байна
• Төсөл, төлөвлөгөө нь хэрэгжих бүрэн үндэслэлтэй, судалгаа шинжилгээгээр баталгаажсан байна.
• Уг төсөл, төлөвлөгөөг оюутнууд эрхлэн ажиллуулах, бизнес сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой байна
• Санхүүжилтээ эргэн төлөх төлөвлөгөөтэй байх

Тав. Бүрдүүлэх материал

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах зүйлүүдийг бүрдүүлсэн байна. Үүнд:

• Бизнесийн төсөл, төлөвлөгөө (хэвлэмэл байдлаар)
• Багтаа оноосон нэр
Цааш унших...

Monday, December 14, 2009

Утсаа алдах шахлаа ш дээ..

Манай гэр сургуулиасаа 10 минут яваад хүрэх газар байдаг болохлоор би оюутны виза хэрэглэлгүй мөн автобусанд нэг их олон суулгүй оюутны 3 жилийг өнгөрүүлжээ. Гэр сургуулийн хооронд ихэнхдээ явдаг болохоор визаны хэрэг ч гардаггүй. Энэ нь зарим талаараа сайн боловч зарим нэг талаараа дутагдалтай юмаа. Жишээ нь: ихэнхдээ гэр сургууль гэсэн маршруттай надад заримдаа өөр чиглэлд явах хэрэг гарахад адаглаад л ямар автобусанд суухаа хааяаа мэдэхээ больчихно, олон дахин автобусанд суувал мөнгөө бодож жаахан харамсана.

Би ажилдаа өглөө 9:00 гэхэд очсон байх ёстой. Уг нь нэг их цаг бүртгээд байдаггүй ч би өөртөөө хариуцлагатай байх үүднээс цагаа барихыг их хичээнэ. Ингэхлээр хааяаа цаг маань дөхөөд хоцрох шинжтэй болвол аль эсвэл хүйтэн даарах гээд байвал сэтгэлээ хуурч автобусанд мөнгө төлж суух юм. Автобусанд суухдаа би даарахгүй, алхаснаас хурдан ажилдаа очно гэсэн сайхан бодлууд өвөртлөөд л.. Даанч автобуснаас буухдаа энэ бодол маань яах гэж би автобусанд суувдаа зүгээр л тэсээд алхах байж гэсэн бодлоор солигдоно гээч. Учир нь би адхвал 30 минут яваад л ирдэг газар автобус намайг 40-50 минутын хугацаанд авчирдаг (ажилдаа 10-20 минут хоцордог), шахцалдаад хөлөн дээрээ бол гурваас олон удаа гишгүүлж (гишгэсэн хүнд гомдохдоо ямар их шахдаг юм гэж бухимдаж эсээ үхүүлнэ)халтар гуталтай бууна. Ёстой л нээрэн Хүрлээгийн "Эргэлзээ" жүжиг шиг яваад ч байгаа юм шиг, явахгүй ч байгаа юм шиг автобусанд суугаад цаг хэмнээд ч байгаа юм шиг, хэмнээгүй ч юм шиг байх юм даа. Энэ бол автобусанд суухын сөрөг тал.

Давуу тал нь юу гээч?? мэдрэмжтэй, тэнцвэртэй, тэвчээртэй болох. Миний суусан автобус тийм байдаг юмуу аль эсвэл бүх автобус тийм байдаг юмуу замын эргэлт болохоор би бараг согтуу хүн шиг л гуйвна(харин ойрдоо эрүүл болоод байгаа), зогсоогоороо хөдлөхгүй удаан хугацаанд байна гэдэг бас тэвчээр шүү (автобусанд суудал дээр сууна гэдэг бол миний хувьд их азтай өдөр гэсэн үг), өнөөдөр би утсаа алдахаа шахсан (куртикныхаа кармаанд утсаа хийчээд цахилгаандчихсан байсан чинь тайлагдчихсан байхлаар нь гайхаад дахиад цахилгаандсан чинь дахиад тайлагдчихсан байдаг байгаа. Тэгэхээр нь цахилгаандчаад ажиглаад байсан чинь хажууд явж байсан нэг залуу кармаа руу маань гараа явуулж байдаг байна шүү.) гэхдээ хулгайчыг цаг алдалгүй барьж авсан. Харин хулгайч надаас гар хоосон байсангүй, автобусны хариулт 200 төгрөгийг минь хулгайлсан (утасны дэргэд гайгүй байгаа биз.. Автобуснаас буучаад хариултаа бодсон чинь кармаанд утастайгаа хийснээ санав)байна лээ.

Үүнд хэн ч буруугүй зүгээр ч би автобусанд сууж сураагүйдээ л ийм байдалд орж байгаа байх. Нэгдүгээр курсээсээ автобусанд сууж явдаг байсан бол дээрх зүйлс зүгээр л жирийн асуудал байхгүй юу. Удахгүй автобус, халаасны хулгайч 2-н занг таньж дасан зохицох байхаа (ер нь хаа ч явсан болгоомжтой явахад буруудахгүй юм байна шүү). Өдөрт хэдэн арван оюутан, залуус утас, түрийвчээ энэ халаасны хулгайч нарт алддаг болдоо. Цаанаа тэдний ажиллах хүчээ шавхаж байж олсон аль эсвэл аав эжийнх нь сарын цалин байсан гэдгийг бодохоор дургүй хүрч байна.
Цааш унших...

Э.Үржинханд "Аз жаргалын эрэлд"

“...-Заза, тэгээд өөр захих юм байхгүй юу, одоо уйлж болохгүй шүү... Би Мөнгөөнөөг аваад явж байна. Удахгүй очлоо.” хэмээн Гэрлээд нялх хүүхэд аргадах мэт учирлангүй хэлээд эмнэлгээс холгүйхэн хүүг нь хөтлөн алхаж явтал:
“-Ундрал“ хэмээн чангаар дуудахад цочих шахан эргэж харвал өндөр цагаан залуу танимхайран баяр хөөр болсон инээмсэглэлээр угтаж зогсоно. Ундрал хэн болохыг тааж ядан:

“-Ямартай ч харсан царай мөн дөө” гэхээс биш хаана, хэзээ харсан талаархи дүрслэл хараахан орж ирсэнгүй. Чингэтэл илүүг бодохын ч зуургүй:

“-За, сайн уу. найз минь” хэмээн өнөөх залуу их л өөриймсөг инээмсэглэсээр ирж гараа сунгахад, Ундрал бяцхан хүүг хөтлөнгөө залууг таниж ядан:
“-Сайн сайн ” хэмээн үл мэдэг түгдрээд гараа чихэндээ хүргэж:
“-За байз, Юу билээ?” гээд асуучихав.
“-Тулгаа л байна шүү дээ. Гантулга. -Өө, 10 жилийн андыгаа танихгүй байгаа юмуу?” хэмээн гомдох тунихын алин болох нь үл мэдэгдэм хэлэхэд сая л нэг түүнийг таньсан Ундралын харцанд нь гэрэл туяарах мэт инээмсэглэж:
“-Хүүе ээ, тийм байна. Ямар сонин хүн бэ” гэсээр багын андууд баярлалдан уулзаж, элдвийг хөөрөлдөж гарлаа. Тулгаа:
“-За, энэ муухай жаал чинь хэн бээ? Яасан хөөрхөн орос хүүхэлдэй шиг хүүхэд вэ?” хэмээн өхөөрдөнө. Чингээд арав гаруй жил уулзалдаагүй багын найзуудад дуулгах сонин алийг тэр гэх вэ. Ойролцоох зоогийн газар сууж энэ тэрийг хуучилж гарлаа.
Хөвгүүдтэй тэр болгон нийлдэггүй ч бас жожиг биш, мөн сургуульдаа хамгийн сурлагатайд тооцогдож, багш нар хүртэл хэрсүүг нь гайхан магтдаг, даруухан туранхай бор хөвгүүн байсан Тулгаа одоо нүдэнд дулаахан өндөр цагаан залуу болжээ. Энэ удаан хугацааны дараа нэг нэгнээ хичнээн өөрчлөгдсөнийг гайхан байж энэ тэрийг ярилцана
. Сургуульдаа Тулгаа, Гэрлээ, Ундрал гурав сурлагаараа тэргүүлдэг сурагчид байлаа.
Бие муутай ээжийгээ асрахын хажуугаар ахынхаа хоёр хүүхдийг харна гээд Тулгаа үнэхээр завгүй хүүхэд байж билээ. Заримдаа Гэрлээ, Ундрал хоёр тэднийд хамтдаа хичээлээ давтана. Түүний амьдралыг мэдэх тул хааяа хамт усанд нь явж, бэлэг өгөх нэрийдлээр үзэг, дэвтэр гээд ойр зуурхан зүйлсээр тусладаг тийм л сайн найзууд байлаа. Тулгаа Гэрлээ хоёр үерхэлийн зурвас солилцож, дунд сургуулиа төгсөөд хамгийн сайхан хосууд болсон билээ. Гэвч төдөлгүй Гэрлээ ахынхаа эрхэлдэг гэх гадаад хэлний дамжаанд суралцаж эхэлсэн цагаасаа Тулгаагаас холдохын хүслэн болж, энэ тухайгаа Ундралд аминчилж ярьдаг болсон :
“-Манай англи хэлний багш Эдвард гэдэг дажгүй залуу надад үнэхээр сайн юм аа, намайг Лондон руу авч явна гэсэн. Харин чи Тулгаад битгий хэлээрэй” гэж ирээд л догдлон ярих бүрийд Ундрал дотроо эмзэглэсэн ч нууцаа дэлгэн буй найзыхаа итгэлийг алдаж яахин болох билээ. Харин Тулгаа:
“-Гэрлээтэйгээ л хамт байвал бусад нь болно, ээж бид хоёр одоохондоо айлын хашаанд байгаа ч яваандаа би хуримаа хийнэ, сайхан байшинтай ч болно. Тэгээд л Гэрлээгээ баярлуулна даа. Яаж ийж байгаад ээжийгээ эмчлүүлчихвэл..., тэгээд хажуугаар нь их сургуулиа төгсчихвөл ч...” гээд л үнэн сэтгэлээсээ ярина. Тэд ийнхүү бие биедээ хэлдэггүй нандин нууцаа Ундралд л ярьдаг байлаа. Бас заримдаа хэн хэн нь өөрсдийн нууцыг тас нуухыг аминчлан захина. Ийм байхад хоёр найзынх нь бодол бүхэн алган дээр дэлгэсэн мэт илхэн, тэдний анхны хайр цэнгэг ус мэт тунгалаг ариун гэдгийг Ундрал хамгийн сайн мэднэ. Гэрлээ хааяа:
“-Тулгаадаа би сайн л даа. Гэхдээ л түүнтэй гэрлэж болохгүй. Гэрийхэн маань хүлээн зөвшөөрөх ч үгүй.” хэмээн гуниглангуй хэлэх хэрнээ төдөлгүй өнөөх шар үст Эдвардын тухай элдвийг ярьж гарна. Харсаар байтал нүднийх нь өмнө хайр сэтгэлээрээ холбогдсон хоёр найзыхаа энэ байдлалд эмзэглэх Ундрал заримдаа:
“-Тулгаа чамд үнэхээр хайртайг чи мэднэ дээ. Миний найз, гадаад хүн гэж байхаар хайртай хүнтэйгээ байвал яасан юм бэ дээ” гэх зэргээр учирлах ч хоёр хүний хайр сэтгэлийн асуудлыг өөрсдөөс нь өөр хэн аврах билээ. Очиж үзээгүй газар, шинэ сонирхолтой амьдрал, шар үст харийн залууд тэмүүлсэн Гэрлээгийн хувьд Тулгаа бол ээж дүү нараа асарч тойлсон жирийн л нэгэн бор торхон залуу, мөн түүнтэй гэрлэх ямар ч бодолгүйгээ Ундралаас үл нууна.
“-Би гадаад явна. Аз жаргалынхаа эрэлд гарна даа” гэж ирээд л хөгжилтэй инээмсэглэх бүрт Ундрал яах учраа олохгүй дэмий л инээмсэглэлээр хариу барьдаг байв.
Модод навчсаа гөвж, шиврээ бороо үе үе уйлах мэт намирах тэр намартаа Гэрлээ хол газар эрдэм суралцахаар явж байгаа нэрийдлээр, харийн залуу түүнийг угтан авах тухай нууцаа мэдээж Тулгаад хэлсэнгүй. Харин онгоцны буудал дээр Тулгааг тусгайлан дуудаж, заавал түүнийг явсаны дараа нээж үзэх болзол тавиад гарт нь нэгэн бяцхан зүйл атгуулчихаад явж одсон.
Тулгаа Гэрлээг үдэхдээ цөхрөлтгүй хүлээхийн төлөөх гэгээн сэтгэл өвөрлөн үлдэж, алсыг зорин нисэх мөнгөн цагаан онгоцыг тэнгэрт шингэн уустал нь харж билээ. Анхны хайраа холын замд үдэх тэр л мөчид зүрхээ эгшээн санаа алдах Тулгаа, харийн залууд тэмүүлэн одох найзыгаа сэтгэл шимшрэн үдэж буй Ундрал хоёр нулимс дүүрэн харцаар гараа далласаар хоцорсон цаг өчигдөрхөн мэт.
Буцах замдаа Тулгаа мөнөөх зүйлийг нээж үзээд цохиулсан мэт чимээгүй болсоноо замын турш дуугаа хураасан. Чингээд салах болоход Ундрал руу тийм гэхийн тэмдэггүй харцаар харж байснаа өнөөх зүйлээ өгчихөөд гүйгээд явчихаж билээ. Гайхаж хоцорсон Ундрал алган дээрхи бяцхан цагаан хайрцагийг үнэхээр сайн таниж байлаа.
“-Энийг хараач, Тулгаа надад бэлэглэсэн” гээд тэртээ нэгэн өдөр эгдүүтэй хос бамбарууш бүхий хүзүүний зүүлтийг зүүж, толины өмнө эргэлдэн догдлон байсан Гэрлээгийн инээмсэглэх дүр дурсамж дундаас илхэн харагдана. Цаасыг задлан үзвэл: “-Тулгаа минь, би чамд эргэж ирэхгүйгээр аз жаргалынхаа эрэлд явлаа. Чи ч гэсэн аз жаргалаа олох болтугай. Сайн сайханыг хүсье” гэсэн байв. Хожим нь Гэрлээд энэ зүүлтийг эргүүлэн өгөхөд тэрээр анхны хайраа буцаасандаа үгээр хэлшгүй ихээр харамсаж билээ.
Цаг хугацаа гэдэг хүлээсэн үед бол зогссон мэт алгуур санагдах ч, хувирашгүй жигд хурдаар өртөөлөн урагшилсаар хүүхэд насны үерхэл нөхөрлөлийн жигүүрээр дэвсэн тэр л мөчөөс хойш даруй арваад жилийг ардаа үджээ. Ийнхүү урсахдаа олон ч зүйлийг өөрчлөх ер бусын чадалтай аж. Харин одоо Тулгаа хоёр хүүгийн аав, улсын эмнэлгийн нэртэй эмч болсон байх юм. Эхнэр хүүхдийхээ зургийг үзүүлээд бахдан ярих нь үнэхээр аз жаргалтай явааг нь бэлхэнээ илтгэнэ.
Элдэвийг ярилцсаны эцэст тэрээр үл ялиг гунигласанаа шүүрс алдаж:
“-Гэрлээ та хоёр холбоотой байдаг уу?” хэмээн болгоомжтойхон асуулаа.
Эдвард хэмээх шар үст залуугаасаа хэцүү нэрт өвчин аваад, өчнөөн жил шаналж яваа найзыхаа тухай алинаас эхэлж, юу хэлэх учираа олохгүй Гэрлээгийн хонгор шаргал үстэй бяцхан хүү болох Мөнгөөнөө рүү нэг, Тулгаа руу нэг бүлтгэнэн харж байтал гэнэт Тулгаагийн гар утас жингэнэн дугарав. Ямар нэгэн яаралтай ажил гарсан бололтой:
“-Аан за, арван минутын дараа очлоо. Өвчтөний бүртгэлийг хийгээд байж байгаарай” гэв. Ундрал сэтгэл зовнин байж:
“-Яаралтай ажил гарав уу?” гэхэд
“-Шинээр хүнд өвчтөн ирсэн байна. Би явалгүй бол болохгүй нь” гээд өршөөл эрсэн харцаар Ундрал руу харахад:
“-За бид хоёр ч гэсэн явъя. Тэгж байгаад тухтай уулзъя” гээд гарцгаалаа.
Ундрал Мөнгөөнөөг хөтлөн эмнэлгийн зүг алхтал, Тулгаа мөн тэр зүгт алхах нь тэр.
“-Өө, та хоёр ийшээ явж байсан юм уу?” гэхэд:
“-Тийм ээ, Бид хоёр хүн эргэхээр явж байгаа юм. Дэлгүүр орж бага сага юм аваад орно доо”
“-Найз нь энд ажилладаг юм...” гээд дөнгөж хэлж дуусмагц гар утас нь дахин жингэнэв. Тулгаа үнэхээр яарсан бололтой гараа далласаар эмнэлэг рүү гүйхээрээ явж ороход хойноос нь харж зогссон Ундрал:
“-Гэрлээгийн маань өнөөдөр хэвтсэн эмнэлэгт ажилладаг байх нь ээ. Энэ чинь харин найздаа дуулгах жинхэнэ мэдээ байна шүү” хэмээн бодсоор алхаж одлоо.
Тулгаа яаран сандарсаар өрөөндөө орж эмнэлгийн халатаа сольж өмсөөд өвчтөний бүртгэлийг анхааралтай гэгч нь уншиж:
“-Буянбатын Гэрлээ, 30 настай, өвчний шинж тэмдэг......ммм, ...аанха” хэмээн амандаа бувтанаж байснаа гэнэт арга нь барагдсан хүний цөхрөнгүй байдлаар шүүрс алдаад чагнуураа зүүж , бэлтгэлээ базаан ажилдаа гарлаа.
Өвчиндөө шаналан хэвтэх бүсгүй их л ядруу харагдана. Хамаг бие нь тамирдан хөлөрч, халуундаа ямар нэг зүйл амандаа бувтанан омголтож хатсан уруулаа өмөлзүүлэн ёолох өвчтөнийг үзэхээр унтлагын торгон цамцны энгэрийг үл ялиг сөхмөгц танил дотно хос бамбарууш бүхий эгдүүтэй зүүлт Гэрлээгийн орооцолдон ширэлдсэн гэзгэн дундаас анхны хайрын дурсамж сөхөх мэт гунигтайяа ширтэх авай.

2009 он


Сонсох


Цааш унших...

Friday, December 11, 2009

Монголын хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй асуудал

Таньд ашигтай ажиллах бизнесийн санаа байгаад түүнийг санхүүжүүлэх мөнгөн хөрөнгө хэрэгтэй байна уу? Аль эсвэл таньд мөнгө байгаад юунд зарцуулж, ямар үйл ажиллагаа эрхэлж хөрөнгөө өсгөхөө мэдэхгүй байна уу?
Хөрөнгийн зах зээл бол дээрх этгээдүүдийн ашиг сонирхлыг нэгтгэж нэг хэсгийнх нь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр нөгөө хэсэгт нь ашигтай хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө өсгөх боломжийг олгодог зах зээл юм. Энэ боломж 1990 оны эхээр Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр бидэнд бий болсон. Тухайн үед нийгэм, эдийн засгийн хувьд алдаа оноотой олон шинэчлэлүүдийг хийсний нэг нь Монголын хөрөнгийн бирж байгуулагдаж бүх нийтээрээ хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болох эхлэлийг тавьсан Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичиг ард иргэдэд тараасан явдал юм. Энэ үйл ажиллагааг ард иргэд, мэргэлжийн хүмүүс янз бүрээр л дүгнэсэн байдаг. Энэ бол өнгөрсөнд болсон үйл явц...
Тэгвэл хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн энэ 18 жилийн хугацаанд бид юу хийв? ямар үр дүнд хүрсэн бэ? Цаашид юу хийх хэрэгтэй вэ? гэсэн асуултууд ар араасаа гарч ирнэ. Бидний өнгөрсөн хугацаанд хийсэн үйл ажиллагааны үр дүн (гадаад эдийн засгийн нөлөөлөл байгаа) нь өнөөгийн хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлыг бий болгоод байна.

Энэ нөхцөл байдлыг товчхон авч үзвэл:
  • Хөрөнгийн зах зээлийн хэмжээ (market capitalization) дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувьтай тэнцүү. (Банкны салбарын ноёрхол давамгайлж байна гэхэд буруудахгүй)
  • Үйл ажиллагаа нь идэвхитэй бус.
  • Хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй.
  • Дэд бүтэц, техник технологийн хөгжил сул.
  • Иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл банктай харьцуулахад бага (ХОЭБичиг тэдэнд таагүй дурсамж үлдээсэн).
  • Мэдээллийн ил тод байдал муу (мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах боломж бага)
  • Томоохон хувьцаат компаниуд (Спирт бал бурам, Петровис) нь хааллтай компани болж эхлээд байна.
  • Эдийн засгийн хямралын нөлөөгөөр хөрөнгө оруулалт буурсан.
Үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?
Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар болох уул уурхайн салбарын компаниудын хувьцааг монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалах, үндэсний нээлттэй хувьцаат компани бий болгох. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг Euroasiacapital, Frontier зэрэг андеррайтер, брокер диллерийн компаниуд эхлүүлээд байгаа боловч илүү ихийг хийх хэрэгтэй байна. Мөн иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, улмаар тэднийг энэ зах зээлд татан оруулах. Хөрөнгө оруулалгчдад үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь хүргэх нэгдсэн сүлжээ бий болгосноор хөрөнгө оруулалт илүү үр ашигтай болж эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Төр засгаас хууль эрх зүй, техник технологийн асуудлыг шийдвэрлэснээр тодорхой бус байдал багассанаар энэ зах зээлд оролцогчдийн тоо, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ.
Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр хөрөнгийн зах зээл хөгжих урьдач нөхцөлүүд нь бүрэлдэж хөрөнгө оруулагч болон хөрөнгө татаж буй пүүс, компаниийн аль алиных нь ашиг сонирхол бүрэн утгаараа хэрэгжих юм.

Монголын ирээдүйн хөгжлийг бүтээх оюутан та ч гэсэн эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө одооноос эхлэн өөрийгөө бэлдээрэй.

Цааш унших...

Saturday, December 5, 2009

Өнөөдөр 2009 оны 12 сарын 05. Бямба гариг

Ер нь амралтын өдрүүүдэд оюутан ч бай ямар ч эмэгтэй хүний хувьд гэр бүлийнхэндээ өдрийн хоол хийж өгөөд л хичээлээ жаахан сөхөж харчаад телевизор үзэж, гэр орны ажил хийх ч хааяаа сайхан амралт болдог шүү. Даанч миний хувьд долоо хоног болгоны энэ өдөр ажлын өдөр шиг байх юмдаа.
Энэ өнгөрч буй долоо хоногийг дүгнэвэл нэлээн ачаалалтай долоо хоног болж өнгөрлөө. Өчигдөр гэрээ байгуулж ажилд ороод нэг сар болж буй өдөр. Энэ ажилд ороод миний хувьд ажил хийх, сургуульд сурах гэдэг ямар ялгаатайг ойлгож эхэлж байнаа. Сургуульд бид хэн нэгний өмнө буруу зүйл хийлээ гэж хариуцлага хүлээдэггүй. Мөн алдсан зүйлээ дахин хийж алдаагаа залруулах боломжтой байдаг. Харин ажил дээр миний хийж байгаа үйлдэл бүхэн надад ямар нэгэн их бага хэмжээний хариуцлагыг үрүүлж бас бусдын ажилд нөлөөлдөг болохлоор алдах эрхгүй гэдгээрээ сургуулиас ялгаатай юм байна гэдгийг ойлгож авч байна даа. Жижиг энгийн зүйлийг ч гэсэн жижиг гэлтгүй сураад мэдээд авбал хэзээ нэгэн цагт хэрэг болдог юм байна шүү.
Энэ долоо хоногт миний хичээл ажлынхаа хажуугаар нэлээн цаг гаргаж хийсэн зүйлээ бусдад дүгнүүлэх өдөр буюу МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн "Санхүүгийн тэнхим"-ийн намрын улирлын оюутны эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө. Бидний хийсэн судалгааний бүтээл маань Хөрөнгийн зах зээлтэй холбоотой асуудлыг хөндсөн ажил байсан бөгөөд 2010 оны 1 сард болох Хөрөнгийн биржийн эрдэм шинжилгээний хуралд зориулан хийж байгаа ажил юм. Эхний ээлжинд тэнхим, сургуульдаа сорьж эрдэмтэй багш нарыхаа үнэтэй санал зөвлөмжийг авах зорилготой хэлэлцүүлсэн. Гэвч бидний хүсэн хүлээсэн санал, зөвлөмж тэнхимд маань гараагүйд жаахан сэтгэл дундуур байна. Сургуулийн хуралд өөр байна байхаа. Мэдээж тэнхимийн хуралын үр дүн гарсан 3-р курсын дүү нар маань түрүүлсэн тэдний хувьд биднээс илүү сонирхолтой, цаг үеээ олсон сэдвийг хөндсөн нь надад болон бусдад таалагдсан. Бидний судалгааны ажил хоёрдугаар байранд орсон. Том төгсөх курсын ах, эгч нар байж 3-нханыхаа дүү нарын ард ороод гэж зарим нэг нь гайхаж магадгүй л юм. Гэхдээ л тэд биднээс илүү сонирхолтой, цаг үеээ олсон сэдвийг хөндөж чадсан шүү.
Ер нь бодоод байсан чинь бид тэнхимийнхээ эрдэм шинжилгээний хуралд зориулж ямар нэгэн зүйлийг хийж байгаагүй юм байна шүү. Өнгөрсөн жилийн өвөл Санхүүгийн зохицуулах хорооны хуралд, хавар нь Голомт банкны хуралд зориулсан, энэ намар Хөрөнгийн биржид зориулж хийсэн зүйлээ хэлэлцүүлсэн. Хавар оролцвол бас яах бол доо Голомтод болов уу дипломын ажилдаа зориулаад л хийсэн зүйлээрээ оролцох байхдаа. хэ хэ.. Үүнийг бас бодож үзэх хэрэгтэй шүү.

Харин өнөөдрийн хувьд гэвэл би хичээлийн өдрүүдийнхээ алжаалыг тайлж нэг сайхан 10 хүртэл унтчихаад ажил дээрээ Чинбатын "Ээждээ очих юмсан" дууг дахин дахин сонсоод ээжийгээ санаад, өчигдрийн чөлөө авсан ажлаа нөхөж хийгээд л сууж байна даа. Маргааш бол өөр шүү гэрээсээ цухуйх ч үгүй. Дүү нартаа өдрийн хоолийг нь хийж өгч, гэрээ цэвэрлэж сайн эгчийнхээ үүргийг гүйцэтгэнэ ш дээ.

Удахгүй шинэ жил боллоо гэж . . .

Цааш унших...