Thursday, August 20, 2009

Эрин М.Тулгат "Эдийн засаг"

2008/2009 оны хичээлийн жил дуусч оюутнуудын хувьд семистрийн шалгалтуудаа өгөөд зав муутайхан байлаа. Гэсэн ч зарим нэг шалгалтынхаа хажуугаар тараад хэдэн тийшээ дадлага, зуны амралт гээд гэр гэрийн зүг явцгаах найз нар уулзаж хууч хөөрөх нь цөөнгүй. Би бол энэ завшааныг алддаггүй нэгэн. Миний ээлжит найз нарын уулзалт Тогтохоо, Амбага бид гуравын уулзалт байсан юм. Мессенжерт гурвуулаа тааралдаад уулзалтын талаар ярилцсаны эцэст Амбагынд Тогтохоо бид хоёр очиж гарынх нь хоолыг хийлгэнгээ хууч хөөрөхөөр болов.
Иргээд товолсон өдөр ч болж бид нэлээн их зүйлийн талаар ярилцсан юм. Спорт, кино урлаг, эдийн засгийн хямрал, зуны амралт болон, хэтийн төлөвлөгөө гээд л... Манай Амбага эдийн засагч мэргэжлээр сурч байгаа боловч бас мэдээллийн технологид сонирхолтой нэгэн тэр сонирхолынхоо үүднээс олон зүйл оролддогийн нэг нь түүний Амбага блог спот цэг ком (вэб сайтнаас дутахгүй загвартай бас форексийн талаар таньд нэлээн мэдээлэл өгөхөөр сайхан блог шүү)хэмээх блог юм. Би бас дотроо блогтой болох санаатай блогын талаар яриа өдөхөд Амбага маань "Монголд блогыг хүмүүсийн хэрэгцээнд нэвтрүүлсэн хүн бол Японд байдаг Эрин М.Тулгат гуай юм шүү дээ" гэж эхлээд л олон зүйлийг ярьцгаасан. Харин өнөөдөр интернэтээр аялаж яваад нөгөө Эрин М.Тулгат гуайн блогруу орсон юм. Энэ эрхэмийн блог дээрээс надад их таалагдсан нэгэн нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Тэвчээртэй гэгч нь уншаад та бүхэн:
Нарийн гүнзгий болох (болж байна, аль эвсэл болсон)уу?
Өргөн гүехэн болох (болж байна, аль эвсэл болсон)уу? гэдгээ нэг тунгаан бодож үзээрэй.


Эдийн засгийн ухаанаар сурах санаатай байгаа чамд хэдэн юм хэлээд орхиё. Гол сэдвээс хазайж давхина, төсөөлж байснаас чинь ангид юм ярина. Магадгүй Монголын бодит амьдралаас хөөрхөн тасарна. Гэхдээ зүгээр, гол нь хэлмээр байгаа зүйлээ чөлөөтэй хүүрнэхийг зорьж байгаа юм. Одоо ямар байгаа гэдгийг зөвхөн харах биш, ямар байх ёстой, ирээдүйд ямар болох, ямар чиг хандлагатай байх тухай ярих нь чамд илүү өгөөжтэй.
Эдийн засгаар сурч төгссөн хүнийг ямар ажлын байр хүлээж байдаг вэ? Магадгүй чамд хамгийн түрүүнд макро, микро онол гэж ярьсан мэдэмхий эрдэмтэн судлаач хүн төсөөлөгдөх байх. Цаашлаад яамны мэргэжилтэн ч юмуу, банкир, санхүүч, нягтлан бодох, татварын байцаагч, компанийн менежер гэх мэт янз бүрийн төсөөллүүд ургаж ирнэ байх. Эдийн засгийг мөнгө олох ухаан гэж ойлгодог хүнд бол хөлжиж баяжих аргад нүд тайлагдан лут бизнесмэн болох юм шиг санагдаж ч магадгүй. Зах зээлд шилжсэн эхний үед менежмент, бизнес, маркетинг, үнэт цаас гэх мэт гоё чамин үгнүүд сонсогдох болж, эдийн засгаар сурах нь бараг л моод болж билээ.
Угаасаа эдийн засаг өөрөө нэг үзүүртээ цэвэр математик онолоос нөгөө үзүүртээ түүх, философийг хүртэл багтаадаг маш өргөн ухаан учир төгсөөд ямар хүн болох талаар цэгцтэй төсөөлөл бууж ирэхгүй байх нь аргагүй.
Энд эхлээд “эдийн засгаар сурах”, “эдийн засагч болох” гэдгийн хооронд тэнгэр газар шиг ялгаа байдгийг анхааруулж хэлмээр байна. Зуун хүнээс арав хүрэхгүй нь л ирээдүйд эдийн засагч болно гэж ойлгох хэрэгтэй. Анагаахаар сураад эмч болно, хуулиар сураад хуульч, өмгөөлөгч болно гэж ярьдаг бол эдийн засаг дээр тийм биш.
Анагаах, хууль, цаашилбал инженер технологи зэрэг нь мэргэжлийн нарийн бөгөөд явцуу мэдлэг, чадварыг илүүтэй шаарддаг. Тиймээс ийм талбарт ажиллах хүмүүсийг арай тусгайд нь авч үзэж “мэргэжилтнүүд” буюу профешионалууд гэж хэлэх нь бий. Ийм чиглэлийн сургалтын агуулга ч түүнд тохирсон байх бөгөөд төгсөөд шууд ажил дээр гарахад хэрэг болох мэдлэг, арга зүйг түлхүү эзэмшүүлдэг.
Тэгвэл их сургуульд олж авах эдийн засгийн боловсролын нэлээд нь шууд ажил дээр гарч хэргийг нь гаргах боломжгүй байдаг. Макро эдийн засаг дээр яригдах Филипсийн муруй гэдэг ч юмуу, тоглоомын онол дээр гарч ирэх Нашийн тэнцвэрийг ажил дээр яаж ашиглана гэх билээ? Жилд өчнөөнөөрөө “үйлдвэрлэгдэж” байгаа төгсөгчдийн дотор Парето оптималчлал, Филипс муруй энэ тэрийг ажил мэргэжлээ болгоод явах ганц нэг нөхөр байдаг л биз, хэдэн зуун хүнийг тэжээх Филипс муруйн хөдөлмөрийн зах зээл Монголд байхгүй.
Төгсөгчдийн дотор сургуульдаа үлдэж мастер доктороор үргэлжлүүлэн суралцаж, улмаар эрдэмтэн судлаач болох цөөн хэдэн хүн гарна. Зөвхөн МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн багш, оюутны тоон харьцаанаас жишээлээд үзэхэд л эрдэмтэн профессор болж явах орон зай тийм том биш нь ойлгомжтой.
За тэгээд хичээлдээ овоо гайгүй байсан хэдээс нь холбогдох яам тамгын газар, эсвэл төв банк ч юмуу, ямар нэг судалгааны хүрээлэнд эдийн засагч, шинжээчээр орж ажиллана. Онолдоо гаргууд, эмпирик судалгааны аргачлалд гаршсан хүмүүсийн хувьд тэр. Судалгаа, эрдэм ном хөөгчдийн дотроос өгүүлэл, нийтлэл бичдэг судлаач-сэтгүүлчид бас ганц нэг төрнө.
Монголд яваандаа консалтинг (consulting) бизнес хөгжвөл мэргэжлийн консалтантууд (бизнес зөвлөхүүд) олшрох байх. Консалтант бол бизнес удирдлагаар голцуу дагнасан, туршлага-арга зүй судлаач байдаг учир яг эдийн засагч гэдэгт тэр бүр ороод байхгүй.
Төгсөгчдийн зарим нь төрийн албан хаагч болох боловч эдийн засгаасаа тэс хөндлөн ажил хийнэ. Яг эдийн засгийн мэргэжлээр улсад ажиллана гэвэл статистикч, татварын байцаагч гэх мэт бас л хүрэлцээ муутай эд.
Ингэхээр “эдийн засагч” гэж хэлэгдэх хүмүүс буюу дээр дурдсан багш, судлаач, сэтгүүлч, улсын байгууллагын мэргэжилтнүүд нийлээд нийт төгсөгчдийн 10%-д хүрэхтэй үгүйтэй л байх болов уу. Эдийн засгаар суралцаж төгсөх боловч ихэнх нь эдийн засагч болохгүй гэсэн үг. Үүнийг сайн ойлгож авах хэрэгтэй. Одоо ийм байгаа, цаашид ч ийм байх биз.
Үлдсэн хүмүүс юу хийх вэ? Тэдний сонгох ажил мэргэжлийн замыг үндсэнд нь:
1) Нарийн бөгөөд гүнзгий
2) Өргөн бөгөөд гүехэн
гэж хоёр хувааж ойлгогтун. Зөвхөн эдийн засаг дээр ч биш, ямар ч чиглэлийн боловсрол, ажил мэргэжил дээр энэ ангилалыг хийж болно.
Нарийн бөгөөд гүнзгийгийн хамгийн тод жишээ бол дээр дурьдсан эмч, хуульч гэх мэт мэргэжлийн салбарууд юм. Нэг насныхаа талхыг олж идье гэж шийдсэн чиглэлдээ гүнзгийрэн дагнаж, төгсөөд шууд ажил дээр гарахад хэрэг болох мэдлэг, арга зүйг эзэмшдэг хэсэг. Мэргэжилтэн (specialist, professional) болно гэсэн үг. Эдийн засаг дотроо тогтож ярьвал мэргэшсэн нягтлан бодогч (certified public accountant), татвар бодогч (licensed tax accountant) зэрэг нь энэхүү “нарийн бөгөөд гүнзгий” ангилалд орно. Зах зээлийн харилцаа тогтворжсон хөгжингүй орнуудад ийм ажил мэргэжлээр замаа тодорхойлсон хүмүүс ширүүн өрсөлдөөнтэй шалгалтыг дамжин зэрэг, сертификат авах хэрэгтэй болдог. Мэргэжлийн үнэмлэхгүй бол ажил хийх боломжгүй. Төгсөөд мэргэжлийн салбарт ажиллахаар төлөвлөсөн оюутнууд үндсэн хичээлийнхээ хажуугаар нойр хоолоо хасан байж тэрхүү шалгалтанд бэлддэг. Японд их чанга, Америкт арай зөөлөн гээд орон орны онцлог байдаг ч, ерөнхий чиг хандлага бол тийм. Том даваа давж мэргэжлийн эрхтэй болоод авбал амьдралын баталгаагаа хийчих нь тэр.
Банк санхүүгийнхэн бас ерөнхийдөө энэ ангилалд орно. Монголд үнэт цаас, хувьцаа, санхүүгийн арилжаа зэрэг нь яваандаа гүнзгий мэдлэг, тооцоoлон бодох арга чадвар бүхий мэргэжилтнүүдийг шаарддаг салбар болж цаашдаа улам хөгжих бизээ. Зах зээлд шилжсэнээс хойш бага хугацаанд чамгүй төвхнөж чадсан ч, цаашдаа хийх юм ихтэй, яагаа ч үгүй байгаа атар газар, нялхаараа байгаа салбар. Хөгжингүй орнуудад хэдэн зууныг дамжин хөгжсөн гээд бодохоор аргагүй.
Нарийн-гүнзгий замыг сонгох нь төгсөөд ажлын байр олдох нь амар, цалин орлого сайн, тогтвортой гээд тун дажгүй. Харин өөрийнхөө онцлог, сонирхол, хувь хүний шинж чанарт хир нийцсэн байна вэ гэдгийг анхнаасаа зөв таньж, сонгосон байх хэрэгтэй байдаг. Чимхлүүр нямбай, нөр хичээнгүй чанарыг шаарддаг учир хүссэн хүн бүр чадаад байдаггүй. Муугаар хэлбэл ийм ажил мэргэжлүүд нь өөрчлөлт багатай, нэг хэвийн байх хандлагатай байдаг.
Хоёрдахь ангилал буюу “өргөн бөгөөд гүехэн” гэдэгт эдийн засгаар суралцаж худлаа үнэн диплом өвөрлөх ихэнх хүн хамрагдана. Нийгэмд “нарийн-гүнзгийчүүдийн” хэрэгцээ байхаас гадна, энэхүү “өргөн-гүехэнчүүдийн” эрэлт хэрэгцээ бий. Байх байхдаа их байдаг. Угаасаа их сургуульд бүх төрлийн ажил мэргэжлээр бүх хүнийг тусгайлан бэлтгэх боломжгүй юм. Дийлэнх нь ажил дээр гарсан хойноо бага багаар дасгалжиж, өөр өөрийн ажилд мэргэшинэ.
Өргөн-гүехэн замаар явах хүмүүс сургуульд байхдаа нэг юмаар дагнаж гүнзгийрээгүй байх бөгөөд макро эдийн засгийн хичээл ч үзсэн, менежмент дээр ч хоёр гурван кредит бөглөсөн, бас нэг дипломын ажил аятай юм бичсэн байна. Тэдний хувьд сонголт өргөн боловч ирээдүй нь тодорхойгүй, нэг үгээр хэлбэл харьцангуй эрсдэлтэй. Нэг хэсэг нь карьер ахина, компанийн захирал босс, эсвэл нийгмийн зүтгэлтнүүд гэх мэт түүхийг бичигчид болно. Нөгөө хэсэг нь ердийн худалдагч, борлуулагч, эгэл жирийн ажилчид хэвээр нэг насыг үднэ. Бизнесийн салбарт хүчээ сорихоор шийдсэн хүн ихэнх тохиолдолд “өргөн-гүехэн”-д хамрагддаг гэхэд болно.
Яриаг жаахан хазайлгахад, ер нь “бизнес” гэж юу вэ? Нэг газар хямд байсан юмыг нөгөө газар үнэтэй зарахыг бизнес гэдэг үү? Эсвэл хаа нэг ашиг унах нүхийг олж, бусдаас сэргэлэн хөдлөх нь бизнес үү? Эдгээр нь нэг жишээ, нэг хэлбэр төрөл нь боловч, мөн чанар нь биш юм. Үнэндээ бизнес бол “нийгэмд үнэ цэнэтэй зүйлийг бүтээж, тэрхүү нийгэмд оруулсан хувь нэмрийнхээ тодорхой хэмжээгээр өөрөө сайхан амьдрах зарчим” юм. Луйврын аргаар баяжин, бизнесмэн гэгдээд явж байх хүн өнөө үед олон байна л даа. Энэ бол нийгмийн доторх дүрэм сахиулах механизм төгөлдөржөөгүйгээс болж байгаа үзэгдэл. Хэрэв Монголын нийгмийн доторх зохицуулалт төлөвшиж, шударга өрсөлдөөн бүхий хувийн сектор хөгжих юм бол бизнес жинхэнэ утгадаа дөхөж очно. Нийгэмд тустай зүйлийг шинээр бүтээж (бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ), улсад татвар төлж, олон хүнийг ажлаар хангаж нийгэмд хувь нэмэр оруулж байгаа тийм ач буянтай хүн өөрөө ч төдий чинээ сайхан амьдарна гэдэг бол яаж ч бодсон тэгш шударга зарчим. Тийм болохоор бизнес гэдэг сайхан зүйл. Жинхэнэ бизнесмэнүүд түүхийг бичигч, хөгжлийг урагш чирэгчид байдаг.
Эргээд яриандаа ороход эдийн засгийн сургуулиар явсан “өргөн-гүехэн” хүн жишээ нь хувийн компанид ажилд орсон бол эхлээд юу ч чадахгүй учир гар хөлийн үзүүрийн ажил хийж, бага багаар компани дотроо “мэргэжлийн боловсрол эзэмшдэг”. Сони компанийн борлуулалтын хэлтэст английн утга зохиолоор дээд боловсрол олсон хүн ажиллаж, Ай-Би-Эм (IBM) –ийн боловсон хүчний хэсэгт дэлхийн түүхээр сургууль төгссөн хүн ажиллаж байна гэдэг бол эрүүл үзэгдэл. Эдийн засгийн ухаанаар сургууль төгссөн худалдагч хүн (salesman) хөгжингүй оронд олон бий. Дээд боловсролтой боловч насан туршдаа барилгын материал зарж суусан учир нөгөө үзсэн дуулсан ном ажилд нь хэрэг болоогүй хүн байж байх жишээтэй. Ердийнхөөр бодвол тэр хүн их сургуулийн дөрвөн жилийг дэмий үрж гэмээр. Гэтэл үгүй юм байна. Тэр хүн эдийн засагч болох гэж ч юмуу мэргэжлийн боловсрол олох гэж биш, дээд боловсрол олох гэж их сургуульд сурчээ. Ажилд нь хэрэг болоогүй байж гэхэд амьдралд нь хүний дайтай мэдлэгтэй, хүн шиг хүн болоход нь дээд боловсрол хэрэг болж. Нэмүү үнэцийн татвар, орлогын татварын ялгааг уншиж мэдсэн, иргэний хуулийн хичээл бас авч байсан. Ийнхүү дээд боловсрол олсноор энэ хүн “иргэн хүн” болсон байна. Дээд боловсролтой учир ядаж үс гэзэг, яриа хөөрөө нь дөнгүүр, бичиг баримт зөв уншаад зөв дамжуулах чадвартай. Мэдээж зөвхөн дээд боловсролтой гэхээр соёлжсон ухаажсан байгаад, бага боловсролтой бол болохоо байчихна гэсэн үг биш. Боловсрол багатай ч оюуны чадавхи, хувийн соёл өндөртэй хүн олон бий. Энд статистик дунджаар ярьж байгааг ойлгох хэрэгтэй. Дээд боловсролтой дундаж хүн, тийм биш дундаж хүн хоёрыг харьцуулан хэлж байна.
Цаашилбал тус тусын мэргэжлээр гүнзгийрсэн олон “мэргэжилтнүүдийг” (явцуу-гүнзгийчүүдийг) холбож, тэдний хүчийг нэгтгэн ажил зохион байгуулах чадвартай хүмүүс нийгэмд хэрэгтэй. Лидерүүд, менежерүүд, өөрчлөгчид, үүсгэн байгуулагчид. Ийм хүмүүс яаж төрдөг вэ? Сургуулийн программ лидер болгоод өгөхгүй. Менежментийн ангид сурч, онцсайн сурлаа гээд онц менежер болчихгүй. Төрөлхийн авьяастай боловч хүн хард жаал гайхагдахаас өөр юу ч бүтээлгүй явсаар хорвоогийн хоногоо барах хүн олон. Мэдлэгтэй, чадвартай боловч үхмэл царцанги хүн цөөнгүй.
Үнэндээ лидер болоход “сэтгэлийн чинзориг” гэдэг юм хамгаас чухал билээ. Дарагдашгүй, булагдашгүй, оргилж гарсан халуун тэмүүлэлтэй, ирмүүн амбицтай байх эсэхээс бүх юм хамаарна. Амбиц гэдэгт хоёр утга бий. Нэг нь хувийн амбиц, өөрөөр хэлбэл “би ийм болох юмсан” гэдэг хувийн хүсэл сонирхол юм. “Би баян болох юмсан”, “сайд болмоор байна”, “нэр алдартай болъё” гэх мэт. Харин нөгөөх нь “би ийм юмыг өөрчилж, нийгэмд ийм юмыг шинээр бий болгох юмсан” гэдэг илүү цар хүрээтэй амбиц юм. Мэдээж ихэнх залуу хүнд “би ийм болох юмсан” гэдэг хүсэл мөрөөдөл бий. Гэвч зөвхөн түүгээр хязгаарлагдвал, өөрөөр хэлбэл зөвхөн түүнд баригдаж хүлэгдвэл тэр хүн ердөө тийм хэмжээний л хүн юм. Амбиц нь тэр хүний насаар дуусгавар болно. Нөгөө хэсэг хүмүүс, “нийгэмд ийм юм шинээр бий болгох юмсан”, “үүнийг ингэж өөрчлөх юмсан” гэсэн амбиц, хүсэл эрмэлзэл, цанхаатай хүмүүсийн хувьд санаа зориг нь нэг хүнээр хэмжигдэж, нэг насаар дуусах эд биш. Зуун хүн шоолж байсан ч өөрийнхөөрөө тууштай зогсох, зуун хүн “бүтэхгүй” гэж байсан ч, ганцаараа “бүтээнэ” гэж дайрах ийм хүмүүс л аварга компаниудыг байгуулж, улс орныг өөрчилж, нийгэмд хувьсгал авчирч байж. Хэзээ ч бүтэхгүй мэт санагдах зүйл, урд тээглэсэн аварга том “NO”-ийг ”YES” болгох хүмүүс.
Ийм эрч хүч, хүсэл зориг гэдэг юм “за жаахан эрч хүчтэй байя” гэж бодохоор л аяндаа ундраад ирдэг юм биш ээ. Энэ бол бага багаар бүрэлдэж, исч, дотроосоо халж ирдэг зүйл. Түүнийг хүн өөрөө дотроо асааж, өрдөж явах хэрэгтэй байдаг. Залуу насандаа асар их юм уншиж, тунгаан бодож байсан хүн өөрийн гэсэн философи, ганц салхинд унтархааргүй сэтгэлийн галтай болдог. Ном унших үед хүн зөвхөн зохиогчийн үгийг сонсоод байдаггүй, хамгийн гол нь дотроо өөрөө давхар бодож байдаг онцлогтой. Хоосон тааз гөлрөөд юм бодох, ном уншингаа бодох хоёрт үр дүн нь өөр. Түүхийг бичилцсэн алдартай хүмүүсийн намтар болоод үг айлдварууд, өрнийн болоод дорнын гүн ухааны судрууд, дэлхийн болоод монголын түүх, уран зохиолын дээжис, зөвхөн хичээлийн сурах бичиг биш, өөр бусад сайн номнуудыг унших хэрэгтэй. Ингэх явцад өөрийн гэсэн философи, системчлэгдсэн үзэл бодол бага багаар бүрэлдэж ирнэ. Оюутан байх хугацаандаа амжиж ингэж чадаагүй хүн ер нь хол явахгүй дээ.
Өнөөдөр эдийн засгаар сурч байгаа оюутнууд маань макро микро онолоо ч үзээд, татвартай ч танилцаад, маркетингийг ч магадлаад, санхүүгээс ч самардаад, ихэнх нь юу сураад яах гээд байгаагаа сайн ойлгохгүй л яваа болов уу. Ихэнх нь ойлгоогүй чигтээ нэг мэдэхэд сургуулиа төгсч байгаа бизээ. Нарийн-гүнзгийнээр нь явсан хүн ч байддаггүй, бүгдээрээ урсч байгаад нэг мэдэхэд өргөн-гүехэнчүүд болчихдог. Төгссөн хойноо хэд хэдэн ажлын хаалга тогших боловч энэ гээд хүнд гайхуулах юмгүй болохоор очсон газар болгондоо гологдоно. “Чи юу чадах вэ, үзүүл дээ?” гээд асуудаг, юу ч чадахгүй. Угаасаа өргөн-гүехэнээр явсан хүн шууд ажил дээр гарах мэргэжлийн бэлтгэлгүй байдаг хойно аргагүй гэж хүлээн зөвшөөрье.
Явж байтал ажилд орохыг зөвшөөрөх ганц нэг газар гарч ирнэ. Авахдаа “бичиг баримт копидож, энэ хэдэн датаг шивж оруулаад байгаарай, ажил тарахын өмнө үлдэж ширээ сандал арчиж, шал угаагаарай” гэдэг ч юмуу, эсвэл “менежер” энэ тэр гэсэн гоё нэр зүүгээд агуулахын тостой тоног төхөөрөмж харгалзаж хариуцсан хүн болгох юм ярина. Энэ ч аргагүй. Юу ч чадахгүй хүнийг чинь яах вэ дээ. Тэгэнгүүт манай хүн “дөрвөн жил эдийн засаг үзсэн дээд боловсролтой над шиг хүн ийм ажил хийгээд байхдаа яадаг юм” гэж биеэ тоогоод хаалга тас савж одно. Уул нь хэсэг хугацаанд гарын үзүүрийн боловч юм хийж, ажлын байран дотроо боловсрон бага багаар “мэргэших” боломж байгаа юм шүү дээ.
Адмоны захирал Р.Энхбат Info сонинд өгсөн ярилцлагадаа (2005.01.27-ы дугаар) “Манай компани дээр ажилд орох гээд олон залуус ирдэг. Менежментийн ангийг төгссөн гэдэг. Юу ч чаддаггүй. Хаанаас нь ч авсан яг адилхан, чадвар муутай. Бүгдээрээ туйлбартай биш, аймхай. Хүн өөрийн гэсэн бодолтой, толгойтой байх ёстой” гэж бодит байдлыг нүдэнд харагдтал ярьсан байж билээ. Оюутан байхдаа нийгмийн ч юмуу сайн дурын ажилд оролцож, хүнтэй хамтран ажиллаж үзсэн, дадлага хуримтлуулсан, ядаж нэг зөвлөгөөн хөтлөөд ч юмуу, протокол бичээд сурчихсан бол бас яахав. Тийм юм ер хийж үзээгүй. “Наадахыг чинь хийвэл юу өгөх юм? Юу ч өгөхгүй юм бол яршиг”. Үнэ хөлсгүй, ашиг унахгүй гэвэл холуур дөлнө. Тэр дороо олж авах ашгийг харснаас болж ирээдүйд гартаа хийж болох бүр том ашгийг алддаг (Оюутан байх үедээ компани байгуулан, хичээж зүтгэсээр бизнесээ өргөтгөж, хөлөө олсон хүмүүс байдаг, энэ бол өөр хэрэг бөгөөд тэднээр бахархууштай). Ашиг гэдэг юм том байх тусмаа гарт орж ирэх хугацаа нь урт байдаг эд. Хамгийн гол нь нөгөө сэтгэлийн чинзориг гэгч нь үгүй, дотоод ертөнц нь бүрэлдээгүйгээс ийнхүү аймхай, өөрийн бодолгүй хэмээн гологдож байна. Ийм болсон хүний төгсгөл ямар байх нь тодорхой.
Өргөн бөгөөд гүехэн замаар явагчдын хувьд үнэндээ эдийн засгаар сурах, өөр чиглэлээр сурах хоёрт бараг ялгаа байхгүй гэж хэлж болно. Түүхийн ангиар ч явсан бай, улс төрөөр ч сурсан бай, английн утга зохиолоор ч сурсан бай, тэр хүний өөрийн онцлогтой үзэл бодлын систем бүрэлдэх эсэх нь гол. Хэдий тийм боловч эдгээр дотроос эдийн засгийн ухаан бол өөрийн философийг төлөвшүүлэх маш таатай арга зам гэж хэлмээр байна. Сэтгэлгээний аргачлал нь сонирхолтой, хэрэглээ өргөнтэй.
Эцэст нь товч нэгтгэе. Ажил мэргэжлийн замыг ерөнхийд нь “нарийн-гүнзгий”, “өргөн-гүехэн” гэж ангилж болно гэсэн билээ. Эхний буюу нарийн гүнзгий, мэргэжлийн дагнасан чиглэлээр явах хүсэлтэй залуучууд их сургуульд байхдаа зөвхөн хичээлийн кредит бөглөх биш, тухайн сонгосон мэргэжлийнхээ талаар бие даан судалж, хэний ч дор орохгүй болохын тулд бүх хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй..
Харин ихэнх буюу нарийн мэргэжлээр дагнахгүй залуусын хувьд сургууль төгсөөд ажил дээр гарахад юу ч чадахгүй байг, нов ногоон байг, бусдаас илүү гарсан толгойтой биш байг, хамаагүй ээ. Энэ бол оюутан байхдаа зүгээр сул задгай явж болно гэсэг үг биш. Хүнийхээ хувьд боловсорч, өөрийн гэсэн философи, халуун чинзоригтой болж чадах юм бол хаа ч алзахгүй. Эдийн засгийн ухаан чамайг эдийн засагч болоход чинь биш, хүн шиг хүн болоход чинь тусална.
Цааш унших...

Tuesday, August 18, 2009

Хөл бөмбөг сонирхогч болж эхэлсэн нь....

Хүн ямар нэгэн зүйлийг сонирхох нь тухайн хүний амьдралыг улам сонирхолтой болгодог юм шиг санагддаг. Дуу хөгжим, уран зураг, яруу найраг, спорт гээд л хүмүүсийн сонирхдог зүйл өөр өөр байдаг. Харин би юу сонирхдог юм бэ? миний амьдралд сонирхолтой зүйл байна уу? гээд бодоод үзсэн чинь нэг л цөөхөн. Жаахан номын цуглуулгатай (ирээдүйд номын сан нээнэ гэж боддог), хүмүүсийн хэлсэн афоризм цуглуулдаг(таалагдсаныгаа), үзсэн кино болон тоглолтын хэдэн тасалбартайгаас нэг их илүү гарсангүй. Аан тийм сүүлийн үед сонгодог хөгжим сонсдог болоод байгаа.
Арван жилд байхдаа биеийн тамирын хичээлдээ идэвхи муутай оролцдог байсан болоод ч тэр юмуу спорт нэг их сонирхдоггүй. Харин сүүлийн үед нэг хүн миний амьдралд орж ирсэнээс хойш олон шинэ зүйлийг сонирхох болсны нэг нь спорт юм. Одоохондоо заримыг нь сайн мэдэхгүй байгаа ч гэсэн ямар сайхан зүйл болохыг өдөр ирэх тусам мэдэрч байна.
Монголчууд бид ДНБ-ийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ, хүн амын өсөлт, олон улсын худалдаанд эзлэх байр суурь гэх мэт эдийн засгийн үзүүлэлтээрээ одоохондоо дэлхийд нэлээн хойгуур байранд (200 гаруй орнуудаас одоохондоо 120-170 орчимд байх шүү..), харин спорт бол биднийг дэлхийн улс орнуудтай өрсөлдөх хэмжээнд хүргэж МОНГОЛ гэдэг улс байдаг юм байна шүү!!! Дэлхийн хэмжээнд өрсөлдөж чаддаг юм байна шүү !!! гэдгийг дэлхий дахинд харуулж чаддаг зүйл. Зөвхөн дэлхийн хэмжээнд мэдрүүлээд зогсохгүй энэ улс орны ард түмнийг итгэл найдвар урам зоригоор шагнадаг нь түүний ямар их хүчтэйг харуулж байна.
Өчигдөр буюу 2009 оны 8 сарын 26-нд Монгол Улсын Гавьяат Тамирчин Х.Цагаанбаатар Жудо бөхийн ДАШТ-ээс Монголын анхны алтан медалийг авч Монголын ард түмнээ баярлуулсан.
Миний хувьд нэгэн шинэ спортыг энэ зунаас эхлэн сонирхож эхлээд байгаа. Энэ бол Хөлбөмбөг. Анхандаа нэг их ойлгодоггүй байсан гэхүү дээ. Талбай дээр олон хүн тоглодог мөртлөө, тоглолтын үр дүн болох гоол гэгч зүйл нь тоотой хэдхэн л орно. Харин сонирхоод ирэхлээр их дажгүй спорт юм гээч... Ёстой л багийн спорт энэ спортод хувиа хичээсэн хүн бол явцгүй (сайн тамирчин болохгүй гэсэн санаа) шүү...
Анхандаа Английн Manchester United багийн хаалгач Van Der Sar, Испанийн Barcelona Lioned Messi хоёроос өөр хүн танидаггүй байсныг бодвол одоо бас дажгүй болоод байгаа шүү.
Энэ сонирхолынхоо хүрээнд Английн Примьер Лиг-н багуудын тоглолт болон тоглогчдын ур чадвараар хэмжигддэг Fantasy Premier League гэсэн интернэтээр дэлхий хэмжээнд явагддаг 1,8 сая орчим оролцогчидтой тэмцээнд оролцож эхлээд байна. Энэ тэмцээний талаар сонирхож байвал http://fantasy.premierleague.com/ болон http://bhralgoritm.blogspot.com/ блогоор орж танилцаарай.

Эхний гурван тойргийн байдлаар манай Otgoo FC баг маань эхний тойрогт 34, хоёрдугаар тойрогт 28, гуравдугаар тойрогт 50 оноо авч нийт 114 оноотойгоор нийт фантази тоглоомчидоос 1160895-т, монголын фантазичидаас 408-д, Chelsea-н фэнүүдээс 81746-т явж байна.
Миний зүгээс өөрийн багийн оноо болон лигүүдэд байр урагшилах, cup-уудад ялах зорилгоор нийт баг болон тамирчдын дунд нэлээн томоохон хэмжээний судалгаа хийж эхлээд байна. Удахгүй судалгааны маань үр дүн гарна байхаа.
Цааш унших...

Афоризмууд

Хэнээс төрсөн чинь бус, хэнтэй нийлдэг чинь л чиний мөн чанар
Мигель Де Сервантес

Нэг өнөөдөр маргаашийн үнэтэй
Франклин

Завгүй явдаг хүмүүс үндсэндээ юу ч бүтээдэггүй
Лихтенберг

Юуг ч маргааш гэж бүү хойш тавь. Цагийн үнэ цэнийг мэддэг хүний амжилтын нууц энэ.
Эдуард Лабуле

Дундаж хүн цагийг хэрхэн өнгөрөөхөө л бодож явдаг, авьяастай хүн түүнийг хэрхэн ашиглахыг чармайдаг.
Шопенхаур

Том гүрэн гэдэг том бялуутай адил. Том бялууг захаас нь хэмхэлж иддэг.
Франклин

Хууль тогтоох засаглал – Төрийн зүрх
Гүйцэтгэх засаглал – Төрийн тархи юм .
Жан Жак Руссо

Yнэ мартагдаж чанар vлдэнэ.
Хенри Ролсс /Ролсс Ройсийг vндэслэгч/

Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг, их ажиллах тусам их аз дайрдгийг би анзаарсан.
Томас Жеферсoн

Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг.
А.С.Макаренко

Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг.
У.Черчилл
Цааш унших...

Ах, дүү хоёртойгоо

Ах дүү хоёртойгоо нэг өдөр гадуур гарах далимдаа.




Цааш унших...

“Норовбанзад” Сангаас шилдэг илтгэлийн уралдаан зарлалаа.

Зорилго:
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой энэ оны сүүлчээр тохиож байгаатай холбогдуулан “Норовбанзад” сангаас энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Монголд өнөөдөр тэртээх 20 жилийн өмнөхтэй харьцуулбал дэлхийн томоохон сургуулиудад суралцаж бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан, элдэв хөтөлбөрт хамрагдсан залуус олон болжээ. Манай өөрийн их дээд сургуулиуд ч өөрчлөгдөн хөгжиж байна. Иймд хорвоог ид гэгээн сайхнаар төсөөлдөг залуу үе, амьдралыг бодитоор харж өөрсдийн эрч хүчиндээ итгэдэг идэр насныхны оюун ухаанаар ардчиллаар замнасан он жилүүдэд монголын ард түмний оносон алдсаныг эргэцүүлэн тунгааж, үнэлэлт өгүүлэхийн зэрэгцээ эх орныхоо ойрын ирээдүйн тухай санал бодлыг нь сонсоход уралдааны зорилго оршино.

Үр дүн:
Залуусын санал санаачлагыг нэгтгэж, эхний байруудад шалгарсан илтгэлүүдийг “Норовбанзад” Сангаас МННХ-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах онол практикийн бага хурлаар хэлэлцэж, тэдний үгийг түмний сонорт хүргэнэ.

Ерөнхий нэр: Хорьтой ардчилал: Алдаа, оноо
(20 years into democracy: Failures and achievements)

Хугацаа:
2009 оны 09 сарын 15 хүртэл

Оролцогсдын насны ангилал: 16-25 нас
26-45 нас

Илтгэлийн сэдэв: Улс төр, эдийн засаг, иргэний нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг , хууль, эрх зүйн аль ч сэдвээр байж болно.

Агуулга: Ардчиллаар замнасан 20 жилд алдсан оносон хийгээд Монгол Улсын ойрын ирээдүйн тухай төсөөлөл, санаа, санал

Илтгэлийн хэмжээ:
А4 форматаар, дундаа зайгүй мөрөөр, ареал моn 12-оор шивсэн 5-6 хуудас

Шалгаруулалт:
Тэргүүн байр (насны ангилал тус бүрээр)
Дэд байр (насны ангилал тус бүрээр)

Шагнал: Тэргүүн байр (тус бүр) 1 сая төгрөг
Дэд байр (тус бүр) 500,000 төгрөг

Холбоо барих утас: 91918723, 70135159
E-mail: norovbanzad@magicnet.mn, chimgee64@yahoo.com

Залуусаа илтгэлээ бичээд хугацаанд нь илгээгээрэй!!
Та бүхэнд амжилт хүсье.

Цааш унших...

Wednesday, August 12, 2009

О.Баяраа ''Нэг л амьдрах хорвоо''

Үдэш

Цагийн зүү чаг хийн урагшилна. Бүсгүй байн байн санаа алдан цагийн зүү ширтэн,орцонд чимээ гарах бүр хаалга руу очин дурангаар харна. Гэвч тэр ирсэнгүй. Үүр гэгээртэл нойргүй хүлээсэн бүсгүй тэсвэр алдан зүүрмэглэх мөчид хаалга торхийн дуугарч тэр орж ирлээ. Гэхдээ түүний бие нь ирсэн боловч бүсгүйг гэх сэтгэлээ хаа нэгтээ гээгээд иржээ.чимээгүйхэн алхасаар орж ирээд хажууд нь цаашаа харан хэвтэх түүнийг хараад бүсгүйн нойр сэргэв. Үүрийн гэгээ нээлттэй салхивчаар алгуурхан тусахад хажууд нь хэвтэх тэр эрийн мөрөн дээр арилгаж амжаагүй уруулын будаг тамгалсан юм шиг дурайна. Бүсгүй аажуухан түүн лүү дөхнө. Урьд нь нарийхан мэт санагддаг ор нь түүнд маш өргөн мэт түүнд хүрэх нь ихээ хол мэт санагдана. Нуруунд нь хүрч ядан байхдаа тэр түүнийх биш харин өөр хүнийх болсоныг мэдэрч бүлээн нулимс шанхыг нь даган урсахад өөр бүсгүйн нялуун сүрчигний үнэрт ухаанаа алдатлаа бялуурсан эр тайван амьсгалан унтаж байлаа. Хайрын баланд ханатлаа мансуурч байсан цаг саяхан мэт. Орцных нь үүдэнд оровч гаравч хүлээж байдаг тэр залууг одоо ингээд алдах вий гэхээс бүсгүй айж байлаа. Би чамайг хэзээ ч өөрөөсөө явуулахгүй, чи минийх гэж бүсгүй шивнээд унтахыг хичээв.


Өглөө

Залуу сэрээд миний хөөрхөн бялзуухай босоорой хайрт минь намайг их хүлээсэн үү? Ажил амжсангүй шөнөжин суулаа гээд түүнийг үнслээ. Бүсгүй түүний худал ярьж буйг мэдэж байгаа ч түүнийгээ ил гаргахыг хүссэнгүй. Хариуд нь өчнөөн үг хэлмээр байсан ч хэлээ хазаад өнгөрөхөөр шийдлээ.

Харин:


-Миний ханиа өнөөдөр эрт ирнэ биздээ? Гэртээ ганцаараа байх их эвгүй юм. Хайрт нь орой амттай хоол хийгээд чамайгаа хүлээж байя. Чи ямар хоол идэх вэ? Гэхэд

-Юу ч байсан яахав, чи дандаа л амттай хоол хийдэг шүү дээ.За найз нь ажилдаа явахгүй бол болохгүй нь. Орой эрт ирнээ гээд залуу бослоо. Бүсгүй яг яах ёстойгоо мэдэхгүй байлаа. Анхны хайр,анхны үнсэлт,анхны учрал гээд нандин бүхнээ түүнд л зориулж байсан.гэтэл одоо ингээд амьдралаа нураах уу? Аль эсвэл насаараа сэтгэлийн дарамттай амьдарах уу? Гэдгээ шийдэж чадахгүй. Хайран сайхан амьдралаа бусниулаад яахав хэмээн бодоод ямар ч байсан нэг хэсэг харзнахаар шийдэв.

Өдөр

Ажлынхаа том толинд өөрийгөө хараад бүсгүй зог тусав. Тэр их өөрчлөгджээ. Ганц хоёрхон жилийн өмнөх гэрэлтсэн сайхан царай,галтай цогтой харц нь түүнд одоо алга. Яагаад? Би түүнд хайртай хэдий ч тэр намайг хайрладаг билүү? Гэж бүсгүй өөрөөсөө асуув. Чамгүйгээр амьдарч чадахгүй нь надтай гэрлээч гэж хайр дүүрэн нүдээр ширтэж байсан залуугийн харц нэгэнт өөрчлөгдсөнийг хичнээн олон шөнө нойргүй хонуулсныг бүсгүй нэхэн саналаа. Нэгэнт нуран унах ёстой гэрлэлт бол одоо залууг чөлөөлөх цаг иржээ. Сүлийн хэдэн сар тэр байнга оройтож ирдэг байсан. Тэгээд ажил дээрээ суугаад оройтчихлоо гэдэг байсан. Худлаа гэдгийг нь зөнгөөрөө мэддэг ч нэгэнт хараагүйгээс хойш ханиасаа салаад яах билээ гэж сэтгэлээ хуурсаар өдийг хүрсэн нь буруу байжээ. Би чамаас холдох ёстой юм бол одоо л яг тэр цаг..... Бүсгүй шийдлээ.

Үдэш

Залуу гэртээ ирэхэд хэн ч хаалга тайлж өгсөнгүй .Түлхүүрээ гарган хаалгаа нээхэд түүнийг харанхуй хөндий хоосон гэр. Гэрлээ асаан зочны өрөөнд ортол нямбай нугалсан цаас ширээн дээр байлаа. Захиаг задалтал би явлаа гэсэн хоёрхон үг.Гэрийнх нь тавилгууд байр байрандаа хөдөлгөөнгүй дүнсийнэ. Одоо тэд л залууд хань болж үлдсэн байна.

Залуу бүсгүйг хайсаар цөхрөнгөө баржээ. Бүсгүйн найз нөхөд,гэр бүлийнхэн, ажлынхан гээд бүсгүйн ойр тойрныхноос хэн нь ч түүнд тодорхой хариулт хэлсэнгүй.

Хоёр жилийн дараа

Залуу ихэд өөрчлөгдсөн юм. Ажлаа араас нь гүйдэг сайхан хүүхнүүдтэйгээ хамт алджээ. Гудамж метрлэн алхах тэр эрд зах нь үрчийсэн цамц.индүүдлэггүй өмд өнгөлөөгүй гуталнаас өөр юу ч үлдсэнгүй. Хажууханд нь нэг л танил дотно хоолой сонсогдлоо. Тэр минь байна,тэр амьд байна хэмээн залуу бодов. Харин яг урдхан талд нь юу ч хэлэлгүй явсан хань нь гэргий нь хэн нэгэнтэй утсаар эрхлэнгүй ярин алхана. Бүсгүй жаргалтай харагдаж байв. Залуу өөрийн мэдэлгүй түүнийг дагалаа. Гэхдээ залуу өөрийг нь харчих вий гэж болгоомжилсоор.... Бүсгүй явсаар нэгэн хуучирч муудсан нийтийн байр луу орчихов залуу ч даган орлоо. Нуугдан байж бүсгүйн орсон хаалгыг мэдлээ. Одоо л алдвал дахиад түүнтэйгээ хэзээ ч уулзахгүй юм шиг санагдаж гүйхээрээ очин хаалгыг нүдэхэд бүсгүй хаалгаа нээгээд чимээгүйхэн зогслоо. Харин ард нь “ээдээ, ээдээ” гэх хүүхдийн цовоо дуу цангинан. Залуу буцааж түүнийгээ өөрийн болгоход дэндүү оройтжээ гэж санаад эргэхэд бүсгүй” миний хүү аав нь ирж....”...

Тв инфо сэтгүүлийн “Шилдэг өгүүллэг” уралдааны гуравдугаар байрын эзэн О.Баяраа
Цааш унших...

Monday, August 10, 2009

Баатарын Галсансүх. "Нүдийг минь нээмүү"


Царцаахайн мөнгөн царгиа салхины алтан сэрчигнээтэй нийлээд
Цам харайх тогорууны бүжгэнд хүн байтугай хулгана хүртэл мансуураад
Нуурын дээрээс манан халамцан хөөрөхөд нугас ангир дуугараад
Нуугин шуугих нарсан ойн гоо үзэмж нүдийг минь нээмүү

Дэнж нугыг дамжин багваахай цэцгийн цагаан тоос манараад
Дэлүүн болдогоос наашаа эрвээхэйн сүрэг солонго татуулан жуулчлаад
“Далий ягаан“ цэцгэсийн дунд мансуурахад уушиг цээж цэлмээд
Тэнхлэг горхины тунгалаг хүйтэн ус цагаан шүдийг хага ташаад
Тэргэл саран гурван нуурын мандалд гурав хувилаад нүдийг минь нээмүү

Моносон төгөл өврөө нээхэд цалин цагаан биенээс нь сайхан үнэр түгээд
Морьтой хүн “Балжийн” голоос наашаа шогшиход хуучин буриад дуу уйлаад
Баянбулагийнхаа усанд шумбан эрхэлэхийг багачууд хүүхдүүд хүсэмжлээд
Битүү хусан ойн төгөлд нүдэн нуур мэлтэлзээд нүдийг минт нээмүү

Цаст ханы овоон дээр цас будрахад эмээгийн минь мөр тодроод
Цайрах Ононгийн гялтгар мөсөн дээр загас жараахай гилтэгнээд
Дүнзэн байшингийн пийшин дээр шимийн архины охь халаад
Дүлий ертөнцийг цочоосон удган эгчий минь хэнгэрэгийн дэлдэлт нүдийг минь нээмүү
Цааш унших...

JCI-Оюутны тэтгэлэг олгох хөтөлбөр 2009

“Оюутны тэтгэлэг олгох хөтөлбөр 2009”-аас зохион байгуулах төслийн уралдааны удирдамж, тэтгэлэг хүлээн авагчдыг шалгаруулах журам /2009-08-04/
Нэг. Товч танилцуулга
БНСУ-ын JCI Seogwipo болон Монгол Улсын JCI Leader байгууллагууд нь сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа бөгөөд 2008 оноос эхлэн оюутны сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 ба түүнээс дээш курсэд суралцаж байгаа оюутнуудын дунд төслийн уралдаан зарлаж эхний 5 байрыг эзэлсэн оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгоно.
Хоёр. Зорилго
Сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийн зорилго нь нийгмийн хөдөлгөгч хүч болсон оюутнуудын сурч боловсрохтой холбоотой хамгийн гол зардал болох сургалтын төлбөрийг нь санхүүжүүлэх замаар ирээдүйдээ нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг туслалцаа үзүүлж JCI байгууллагын нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх зорилгыг хэрэгжүүлэхэд оршино.Түүнчлэн энэхүү удирдамж нь шалгаруулалтыг бодитой, шударга хийх замаар тэтгэлгийг зөв хүнд олгоход туслах зорилготой.
Гурав. Төсөлд тавигдах шаардлага
Төсөл бичигч нь зохион байгуулагчдын зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан сэдвүүдээс сонгож төсөл боловсруулах замаар уралдаанд оролцох боломжтой. Төсөл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
1. Төсөл нь шинэ үйлчилгээ болон бүтээгдэхүүн нэвтрүүлэх, шинэ технологи ашиглах зэргээр шинэлэг асуудал дэвшүүлсэн байна.
2. Төсөл нь нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна.
3. Төсөл нь архи согтууруулах ундаа болон тамхины үйлдвэрлэлт, борлуулалт, түүнтэй холбоотой үйлчилгээтэй ямар нэг байдлаар холбоогүй байна.
4. Төсөл нь судалгаа шинжилгээ, санхүүгийн тооцоо шинжилгээ зэрэг төсөлд байх шаардлагатай бүрдэл хэсгүүдийг бүрэн агуулсан, ойлгомжтой тодорхой бүтэцтэй, иж бүрэн байна.
5. Төсөл нь хэрэгжих боломжтой, бодитой байна.
6. Төсөл нь санхүүгийн хувьд үр ашигтай, цаашид бизнес болон тогтворжих боломжтой байна.
7. Төсөл нь байгаль экологид ээлтэй байна.
8. Төсөл Arial Mon фонтоор, 12 хэмжээтэй, мөр хоорондын зай нь 1.5-ийн хэмжээтэйгээр бичигдсэн байна.
9. Төслийг зөв бичгийн дүрэм, найруулга зүйн хувьд алдаагүй бичиж, өнгө үзэмжтэй хэвлэж, хавтасласан байна.
Төсөл болон түүний хавсралтуудыг, санхүүгийн тооцооллыг файл хэлбэрээр CD дээр бичиж хавсаргасан байна.
Дөрөв. Төслийн уралдааны сэдэв:
1. Барилга, орон сууцыг хямд төсөр, хүртээмжтэй болгох талаар;
2. Хөрөнгийн зах зээлийг сайжруулах, Монголын компаниудыг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах;
3. Уул уурхайн салбарт шинэ, ашигт үйлийн коэффицент өндөртэй, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх тухай;
4. Шинэ үйлчилгээ нэвтрүүлэх замаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр;
5. Монгол Улсад бэлтгэгдэж байгаа боловсон хүчнийг дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр;
6. Монгол Улсад тулгарч буй цаг агаарын өөрчлөлтөөс гарч буй байгалийн сөрөг үзэгдлийг бууруулах чиглэлээр;
7. Хүний нөөцийн менежментийн чиглэлээр;
8. Эрх зүйн туслалцаа, хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээний чиглэлээр;
9. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр;
10. Интернэт худалдаа, программ хангамж, мэдээллийн технологи дээр тулгуурласан ажил, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр;
Тав. Хугацаа
5.1 Төсөл хүлээн авах
Уралдаанд оролцох төслийг 2009 оны 8 дугаар сарын 6-наас 8 дугаар сарын 19-ны 16.00 цаг хүртэл “Хасуу констракшн” ХХК-ийн доорх хаягаар хүлээн авна.
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, 21-201, 204 тоот
/”Тэнгис” кинотеатрын баруун урд талд, төв замын хойд талд байрлах 2 давхар шар байшин, барилгын зүүн дээд талд “Хасуу констракшн” гэсэн хаяг бий./
Утас : 7011-8035, 318035, 8808-5399, 9191-2801
5.2 Анхан шатны шалгаруулалт
Төслийн материалуудыг хүлээн авсанаас хойш 2 хоногийн хугацаанд буюу 08-р сарын 21-ний дотор шалгаруулах комиссын гишүүд хүлээн авсан төслүүдийг уншиж, үнэлгээний журмын дагуу 2 дахь шатанд оролцогсодыг шалгаруулна.
5.3 Төслийн танилцуулга буюу илтгэлийн тэмцээн
2008 оны 08-р сарын 23-ны /Ням гариг/ өдөр төслийн танилцуулга буюу илтгэлийн тэмцээнийг зохион байгуулна.
Зургаа. Уралдааны шагнал
Уралдаанд эхний 5 байр эзэлсэн оролцогчдод сургалтын төлбөрийг тэтгэлэг санхүүжүүлэх зорилготой мөнгөн шагнал олгоно.
№ Оюутны тоо Тэтгэлгийн хэмжээ
1 1-р байр 1,000,000₮
2 2-р байр 600,000₮
3 3-р байр 400,000₮
4 4-р байр 200,000₮
5 5-р байр 200,000₮
НИЙТ 2,400,000₮
Долоо. Шалгаруулалтын үе шат
Тэтгэлэг хүлээн авагчийг шалгаруулах комисс нь JCI Leader-ийн гишүүдээс бүрдэнэ.
7.1 Эхний шатны шалгаруулалт
Эхний шатны шалгаруулалт нь уралдаанд ирүүлсэн төслүүд болон оюутнуудын сурлагын дүн, анкет зэрэг материалуудад үнэлгээ хийн 2 дахь шатанд оролцох оюутнуудыг тодруулна.
7.2 Хоёр дахь шатны шалгаруулалт
Эхний шатнаас шалгарсан 5 оролцогчдын төслийн танилцуулгыг илтгэлийн уралдаан зохион байгуулан шалгаруулна.
7.3. Эцсийн шатны шалгаруулалт
1 ба 2-р шатны шалгаруулалтын дүнг нэгтгэж, тэтгэлэг хүлээн авах 5 оролцогчийг байр эзлүүлэн шалгаруулах нь энэ шатны шалгаруулалтын гол үр дүн байна.
Найм. Үнэлгээний буюу шалгаруулалт хийх аргачлал
8.1 Анхан шатны шалгаруулалтын үнэлгээ хийх аргачлал
Анхан шатны шалгаруулалтын явцад оролцогсодын сурлагын амжилт, боловсруулсан төслийн шаардлага хангаж байгаа байдал гэсэн хүчин зүйлүүдэд тулгуурлан үнэлгээг өгнө. Үнэлгээ өгөхдөө дараах загварыг ашиглана. Үүнд:
8.1.1 Төслийн үнэлгээг хийх
А. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
Төслийн эхний шатны үнэлгээг доор харуулсан нийт 3 бүлэгт хамаарах 16 үзүүлэлтийн дагуу хийнэ.

Б. Үнэлгээ хийх
Төслийн шалгуур үзүүлэлтүүдийн ач холбогдолд үндэслэн нийт оноог тооцохдоо доорхи ач холбогдлын коэффицентийг ашиглана. Үүний давуу тал гол шаардлагуудаа сайн хангасан төслүүдийг шалгаруулах явдал юм.

Дээрхи загварчлалын дагуу төслийн үнэлгээг X= А*0.8+Б*0.6+В*0.3 гэсэн томъёогоор тооцно.
8.1.2 Сурлагын амжилтын үнэлгээ
Тэтгэлгийн шалгуурын дагуу 3.5-аас дээш голч дүн бүхий оюутнуудад хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байгаа. Сурлагын амжилтын үнэлгээг хийхдээ 3.5-аас дээш гарч байгаа 0.1 оноо тутамд 10 оноо өгнө.
8.1.3 Эхний шатны нэгдсэн үнэлгээ
Төслийн болон сурлагын амжилтын үнэлгээний нийлбэр дүнгээр 1-р шатны нийт оноог тооцож гаргана. Хамгийн өндөр оноо авсан эхний 5 оролцогчийг дараачийн шатны буюу илтгэлийн тэмцээнд сонгон оролцуулна.
8.2 Төслийн танилцуулга буюу илтгэлийн тэмцээнийг дүгнэх аргачлал
Хоёр дахь шатны шалгаруулалт нь оролцогчийн боловсруулсан төслөө бусдад тайлбарлан танилцуулж итгэл үнэмшил төрүүлж байгаа байдал, төслийн агуулгыг эзэмшсэн байдал, шүүгчдийн болон оролцогчдын асуултад хариулж байгаа байдал зэргээр төслийг өөрөө боловсруулсан бөгөөд төслийн хэрэгжих боломжид итгэл үнэмшилтэй байгаа эсэх зэрэг хүчин зүйлүүдийг үнэлэх зорилготой.
А. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
Үнэлгээг доорхи үзүүлэлтүүдийн дагуу хийнэ. 1-р шатны төслийн үнэлгээний үзүүлэлтүүдээс гадна төслийн танилцуулга хийж байгаа байдалд холбогдох 6 үнэлгээний үзүүлэлтийг нэмсэн. Эхний шатанд үнэлсэн төслөө шүүгчид дахин үнэлэх магадлал бага гэдэг үүднээс төслийн үнэлгээг бодитой болгох үүднээс 1-р шатны үнэлгээний үзүүлэлтийг энд шинэ үзүүлэлтүүдийн хамт ашигласан болно.
№ Шалгуур үзүүлэлтүүд Оноо
А Төслийн шалгуур үзүүлэлтүүд
1 Төслийн сэдвийг баримталсан байдал 1-10 оноо
2 Төслийн шаардлагыг хангасан байдал 1-10 оноо
3 Шинэлэг байдал, шинэ санаа 1-10 оноо
4 Төслийн бүтэц, ойлгомжтой байдл 1-10 оноо
5 Төслийн иж бүрэн байдал 1-10 оноо
6 Төслийн хэрэгжих боломж, бодит байдал 1-10 оноо
7 Төслийн санхүүгийн үр ашигт байдал 1-10 оноо
8 Төслийн эдийн засгийн ач холбогдол 1-10 оноо

Б Нийгмийн ач холбогдлын үзүүлэлтүүд
1 Нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэж байгаа байдал 1-10 оноо
2 Төсөвт төлөх татварын хэмжээ 1-10 оноо
3 Бий болгох ажлын байрны тоо 1-10 оноо
4 Байгаль экологид ээлтэй байдал 1-10 оноо
5 Нийгмийн хариуцлага 1-10 оноо
В Төслийн танилцуулгын үнэлгээ
1 Илтгэх, тайлбарлах чадвар 1-10 оноо
2 Төслийн агуулгыг эзэмшсэн байдал 1-10 оноо
3 Төслийн хэрэгжих боломжид итгэж байгаа байдал 1-10 оноо
4 Төслийн өөрөө боловсруулсан эсэх 1-10 оноо
5 Илтгэлийн цаг баримталж байга байдал 1-10 оноо
6 Асуултад оновчтой хариулж байгаа эсэх 1-10 оноо
Г Бусад үзүүлэлтүүд
1 Төслийн хавтаслалт, хэвлэлт 1-10 оноо
2 Зөв бичгийн дүрэм, найруулгазүй 1-10 оноо
3 Баримт бичгийн формат 1-10 оноо
Б. Үнэлгээ хийх
Бүлэг шалгуур үзүүлэлтүүдийн ач холбогдолд үндэслэн нийт оноог тооцохдоо доорхи ач холбогдлын коэффицентийг ашиглана. Үүний давуу тал гол шаардлагуудаа сайн хангасан төслүүдийг шалгаруулах явдал юм.

Дээрхи загварчлалын дагуу 2 дахь шатны үнэлгээг X= А*0.6+Б*0.5+В*1+Г*0.3 гэсэн томъёогоор тооцно.
8.3 Эцсийн шалгаруулалт буюу нэгдсэн дүн гаргах
Нэг ба хоёрдугаар шатны шалгаруулалтын дүнг нэгтгэх замаар энэ шатны шалгаруулалтыг хийнэ. Ингэхдээ үе тус бүрт авсан онооны нийлбэрийг доор харуулсан аргачлалаар тооцож гаргана. Үүнд:
А. Загварчлал

Тайлбар:
X нь оролцогчийн эхний шатны шалгаруулалтад авсан нийт оноо
Y нь оролцогчийн 2 дахь шатны шалгаруулалтад авсан нийт оноо
Z нь оролцогчийн хоёр үе шатанд авсан нийт оноо
Шалгаруулалтын 2 үе шатны нийт дүнд нөлөөлөх хувийн жинг бодитой болгох үүднээс нэгдсэн дүнг тооцохдоо ач холбогдлын коэффицент гэсэн хувьсагчийг ашиглалаа. Өөрөөр хэлбэл 1-р шат нь нийт дүнд 30%-ийн, 2-р шат нь 70%-ийн ач холбогдолтой гэж үзлээ. Хүний бичсэн болон хүнээр бичүүлсэн төсөл ашиглан уралдаанд оролцож түрүүлэх боломжийг энэхүү коэффицентийг ашигласнаар тодорхой хэмжээнд багасгаж чадна гэж үзэж байна.
Б. Оноо тооцох
Дээрхи загварчлалын дагуу тэтгэлэг хүлээн авагчийн нэгдсэн буюу эцсийн оноог Z=X*0.3+Y*0.7 гэсэн томъёогоор тооцож гаргана.
2 дахь шатны шалгаруулалтад оролцогсдыг энэхүү нийт онооны дарааллаар жагсааж эхний 5 оролцогчийг шалгаруулах замаар тэтгэлэг хүлээн авагчийг тодорхойлно. Хамгийн өндөр оноо авсан тэргүүн байр эзэлж, удаах нь 2-р байр гэсэн дарааллаар байрыг эзлүүлнэ.
Ес. Шагнал гардуулах ёслол
Эцсийн шалгаруулалтад тэнцсэн оролцогчдод 8-р сарын 26-ны өдөр “Тэтгэлэг гардуулах ёслол”-ын арга хэмжээний үеэр тэтгэлгийг батламжийн хамт гардуулна. Шагнал, тэтгэлгийг JCI Mongolia болон JCI Seogwipo, JCI Leader-ийн удирдлагууд гардуулна.
Цааш унших...

Saturday, August 8, 2009

''MONA'' гоо сайханы салон нээлтээ хийлээ.


Одоогоос гурван сарын өмнө "Бизнес төлөвлөлт" хичээлийн төслийн үзэсгэлэнд оролцож "Шахмал түлшний үйлвэр"-ийн төслөө хүмүүст танилцуулж байхад нэгэн эгч бидэн дээр ирээд их сонирхон төслийн маань талаар асууж, бид ч өөрсдийн чадах чинээгээрээ танилцуулсан, тэр эгч бидний танилцуулгыг анхааралтай сонсож байгаад бусад төслүүдийг сонирхохоор явсан. Тэр эгч удалгүй эргэж ирснээ: "Та нар маркетингийн судалгаа хийхгүй биз,гоо сайхны салоны зах зээлийн талаар" гэж хэлэхэд нь бид нар хичээл дээр тиймэрхүү судалгаа хийж байсан, холбогдох хичээлүүдийг нь үзсэн болохоор "хийж чадна" гэхэд, за тэгвэл үзэсгэлэнг чинь дуусахаар хэдүүлээ уулзацгаая гээд утасны дугаар аваад явсан юм. Бидний сэтгэлээ гаргаж хийсэн зүйлийг маань хүн үнэлж бидэнд итгэж болох юм байна гэсэн сэтгэгдэл төрсөнд бид ч дотроо баяртай байлаа.
Орой нь тэр эгчийн ажил дээр уулзахаар болж ямар судалгаа, яах зорилгоор хийх гэж байгаа талаар ярилцахаар очсон юм. Ингээд бид хамтран ажилласан. Бидэнд итгэж өөрийн бизнесийнхээ чухал хэсэг болох зах зээлийн судалгаагаа хийлгэсэн эгч бол Сингапур болон АНУ-д гоо сайхны чиглэлээр мэргэжил эзэмшсэн Ундрах гэдэг эгэл даруухан мөртлөө ажил хэрэгч бүсгүй байсан юм. Ундрах эгч маань шинээр гоо сайхны салон нээх санаатай байгаа бөгөөд хэрэглэгчид болон, өрсөлдөгчид, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар судалгаа хийлгэх, ингэсний үндсэн дээр ямар маркетингийн бодлого баримтлахаа тодорхойлуулах зорилготой байсан билээ.
Энэ судалгааг багийн анд Б.Нарангэрэлийн хамт амжилттай хийж дуусгасаан. Харин өнөөдөр буюу 2009 оны 8 сарын 8-ны өдөр "MONA" нэртэйгээр тус салон нээлтээ хийж байна. Бидний хийсэн ажил үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байгаа.
Ундрах эгчийнхээ цаашдийн ажилд амжилт хүсч, дараа дахин хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Цааш унших...

Friday, August 7, 2009

Шийдвэрээ гэж .....

Өнөөдөр гадаа бороо ороод сэрүүхэн байнаа. Зуны үргэлжилсэн халуун өдрүүдийн дунд тохиолддог цөөхөн өдрийн нэг нь өнөөдөр юм шиг санагдаж байна. Унтаж унтаж босоод хоол хийж, жаахан цэвэрлэгээ хийж явлаа. Оюутан болсноосоо хойш энэ жил л амралт гэдгийг хэрэгжүүлж байна даа. Ямар нэгэн сэтгэл шаналгасан юм бодох зүйлгүй зүгээр л өглөө сэрэх ч бас гоё шүү.
Гадаа бүрхэг болохоор сэтгэл санаа харин жаахан тавгүйтэх гээд байх шиг. Янз янзын юм бодоод л... хэ хэ.
Гэнэт ангийн багшдаа загнуулж, ангиасаа хөөгдөн байж өөр ангид орсон маань санаанд орлоо.
Бодоод байхад миний амьдралдаа гаргаж байсан шийдвэрүүдийн маань хамгийн зөв нь 6-р ангидаа жирийн ангиас гүнзгий ангируу орж байсан маань юм шиг байгаа юм. (одоогийн байдлаар!!) Тэр үед энэ шийдвэрийг гаргаагүй байсан бол одоогийн Отгоогоос яагаад ч дээр байхгүй байсан байх гэж боддог юм.
Зүгээр хүн сонсоод гайхаж мэднэ л дээ, энэ нэг юм өөрийгөө гайхуулах гэж л "би гүнзгий ангид орж байсан маань миний хамгийн зөв шийдвэр" хэлж байна гэж бодох байх. Гэхдээ миний хувьд бол одоогийн Отгоог бий болгосон шийдвэр гэж хэлж болно.
2001 оны намар би 6-р ангид элсэн орсон юм. Нэгээс тавдугаар анги хүртлээ нэг ангид сурч, ангийнхантайгаа их л эвтэй байдаг байлаа(өөр ангид орно гэдэг бол бүтэхгүй зүйл, энэ ангидаа сурсаар яваад л сургуулиа төгсөнө гэж боддог байсан гэхүү дээ..). Хичээл эхлээд удалгүй манай сургууль математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байгуулахар болсон, орох сонирхолтой хүүхдүүд математикийн шалгалт өгнө үү гэсэн зарлалыг хараад санаандгүй явж байгаад шалгалт өгчихсөн чинь ангийнхаа хэд хэдэн найз нарын хамт тэнцсэн байлаа. Тухайн үедээ ангийнханаасаа салж хагацаж чадахгүй, нэг л сүрхий хүн би гүнзгий ангид орохгүй, ангийнханаасаа салахгүй гээд л их мундаг байлаа. Гэхдээ 6-р ангиудаас аль ангийг суурь анги болгож гүнзгий анги үүсгэх нь тодорхой бус байсан юм. Суурь болгосон ангийн хүүхдүүдийг өөр ангиуд руу хуваарилж, шалгалт өгөөд тэнцсэн хүүхдүүдийг нэгтгэн анги үүсгэх ба тэр үеийн сургуулийн захирал байсан П.Тогоо багшийн охин манай ангийн багш байсан юм. Нэг өдөр бие өвдөөд хичээлдээ явж чадалгүй маргааш нь хичээлдээ ирсэн чинь 6д ангийг (манай анги)гүнзгий анги болгохоор болсон гэсэн яриа хүүхдүүд ярьж байлаа. Ангидаа ороод ирсэн чинь ангийнхан гэж бөөн барагар царайлсан хүмүүс, зарим нэг нь уйлаад нүд нь хавдсан (ангийнхандаа их хайртай болоод тэр байхгүй юу сална гэж бодохоор л уйлмаар санагдсан юм байлгүй.) байлаа. Ангийнхан багшаас гуйгаад л "багшаа бид нарыг битгий салгаач, бид нар энэ хамт олноороо л 10-р ангиа төгсмөөр байна. Бидн нар гүнзгий ангиас илүү сурч чадна" энэ тэр гээд л их олон юм ярьж байлаа. Уг нь бол сургуулийн захирлын санаа нь бол ганц охиныхоо ангийг гүнзгий анги болгоод өгье л гэж бодсон байх. Энхмаа багш (захирлын охин)ч нэлээн явсаны эцэст ангиа бүрэн бүтнээр нь үлдээхээр болж 6е ангийг тараахаар болов. Ингээд анги тарах аюулаас мултарч хүүхдүүдийн нэг санаа нь амарлаа. Ангийн хүүхдүүд Отгоо чин гүнзгий ангид орох уу гэж асуухад би гэж нэг л сүрхий амьтан "үгүй би та нартайгаа нэг ангид байнаа. Гүнзгий ангийн шалгалтыг зөвхөн өөрийгөө ямар хэмжээнд байгааг л мэдэх гэж өгсөн юм" гэж хэлэв. Хичээл ч тарж би ч яахав гэртээ ирлээ.
Маргааш нь хичээлдээ очсон чинь багш гэж бөөн уур болсон хүн ангийнхныг загнаад " та нар тэр гүнзгий ангируугаа зайлах нэг нь зайлаарай гээд л " хэнд хандаж хэлээд байгаа нь мэдэгдэхгүй байлаа. Тэгсэн чинь манай ангийн хоёр гурван хүүхэд (Дашка, Нуугий, Гэрлээ)ангидаа байна энэ тэр гэж баахан юм ярьж байснаа маргааш өглөө нь гүнзгий ангид орохоор болсон юм байх тэрнээс болоод л багш уурласан гэж ширээний найз маань хэлэв. Би ч багшийн уурыг намдаах гэж багшаа би гүнзгий ангид орохгүй, ангидаа л байна гэсээр эхний цаг завсарлав. Энэ өдөр сургууль дээр бараг хичээл орсонгүй. Гүнзгий ангиа байгуулна, суурь ангийн хүүхдүүдийг бусад ангируу нь хуваарилна гээд л багш нар их ажилтай байсан уу, аль эсвэл далимдуулаад хичээлээ ороогүй юу бүү мэд. Хичээл ороогүй байсан болохоор хүүхдүүд ангидаа манай ангид ямар хүүхэд орж ирэх бол, гүнзгий ангид ямар хүүхдүүд орсон бол, амралтаар юу хийсэн гээд л олон зүйлийн талаар ярилцаж байлаа. Тэгсэн чинь манай ангид гурван хүүхэд шилжиж ирж байгаа гэж багш хэлэв. Хэн юм бол аль сургууль, сум, аймаг юм бол гэж бодож байтал манай сургуулийн 6а-гын гурван охин(Цэрэннадмид, Нарангоо, Ганцэцэг байхаа.) байдаг байгаа. Ядаж байхад тэр охидуудад би жаахан тал муутай (одоо бодоод байхад хүүхэд насны гэнэн зан л байж дээ гэж бодоод инээд хүрдэг юм.). Ингээд миний ангидаа үнэнч байх бодол гэнэт өөрчлөгдөв. Тэгээд ангийн багш дээр очоод " багшаа би ерөөсөө гүнзгий ангид орлоо." гэж хэлчээд гараад ирэв. Хэлсэнийхээ дараа хэрэггүй ч хэлэв үү дээ, ангидаа байсан нь ч дээр юмуу гэж хэсэг бодлоо. За за болохгүй бол орохоо боличлоо гээд л багшид хэлчинэ дээ (амар байгаа биз хүний янз үзэх гээд л дураараа гэдэг нь...) гэсэн юм бодоод байж байтал багш ангид орж ирснээ намайгаа ангиас хөөдөг байгаа(Отгончимэг гуай та тэр гүнзгий ангируугаа яв. Манай анги чамаар дутахгүй. Сурах бичгүүдээ хураалгаад тэр гүнзгий ангидаа ор гээд л их л загнасан.). Би гэж ангийнхан дундаа бөөн байдалд орсон хүн (нүүр гэж час улаан) " за " гэж хэлээд цүнхэн дэх номоо хураалгаад л гараад явсан. Харин манай ангийнхан багшид юу ч хэлж чадаагүй (амихандаа ангийнхнаараа өмөөрүүлэх гэсэн юм байлгүй. Дараа нь ангийнхандаа хэсэг хугацаанд л гомдол тээж явсан даа). Мэдээ орсоноос хойш анх удаа л хүнд ингэж хэлүүлсэн шиг байгаа юм, сэтгэлд их л эвгүй санагдаж байлаа. Ингэж л би гэдэг хүн гүнзгий ангид орж байсан юм даа. Бодоод байхад тэр үед намайг бурхан ивээсэн юм шиг байгаа юм.
Багшдаа загнуулж ангиасаа хөөгдсөн (нэг хэсэг хугацаанд багшдаа хөөгдсөнөө бодохоор би тэр олон хүний дургүйг хүргэн байж энэ ангид орсон юм чинь сайн сурах хэрэгтэй гэж өөрийгөө дайчилдаг байсан. Одоо бодоход гэнэхэн бодол байсан юм шиг боловч тэр үедээ л намайг хөдөлгөж байсан бодол шүү), ангийнханыхаа өмнө байдалд орж, сайн найзаасаа салсанаасаа болоод нэг жил ганцаарлагдмал байдалтай явсан. Энэ хугацаанд надад номын сангаас өөр нөхөр олдоогүй л юм даа(номын сан ч сайхан шүү). Номтой нөхөрлөснөөр би их зүйл суралцсан.
Энэ олон зүйлийн эцэст юу гэх гээд байна гэхлээр хүн өөрчлөлтийг даван туулж түүнд зохицох чадвартай байх хэрэгтэй, бас чамайг дээрээс бурхан (бурхан багш) харж байдаг юм шүү(Чи зөв санаа бодолтой байх юм бол шүү дээ, бурхан ивээхгүй юмаа гэхэд заяа чинь ивээнэ).
Амьдрал гэдэг бол санаатай болон санамсаргүй үйлдлүүдийн цуглуулга байдаг. Зарим зүйл чамаас хамаарна, зарим нь чамаас үл хамарна. Өөрөөс хамаарах ямар нэгэн шийдвэрийг сайн бодож байж гаргаарай (бурхан багш хүн болгоныг байнга ивээгээд байхгүй шүү дээ).Яагаад гэвэл дараа нь харамсагүй.Намайг бол тэр үед бурхан багш ивээсэн байхаа.

Цааш унших...

Ц.Бавуудорж "Монголын их амар амгалан"


Мордож буй улаан дээлтэй өвгөн-
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Өндөр цагаан үүлс
Монголын их амар амгалан
Гэсэр жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гол мөрөн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Эрдэнийн сормуусаа униарт дүрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хүн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Алтай хангай
Монголын их амар амгалан
Арван тавны саран
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн торгон суунаг
Монголын их амар амгалан
Ганган харцтай бүсгүйчүүд
Монголын их амар амгалан
Жаргаж гуних
Монголын их амар амгалан
Зангирсан нулимс дотогшоо урсах
Монголын их амар амгалан
Хөх хөх аргалын дөл
Монголын их амар амгалан
Хөсөг нүүдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Хүү мөлхөх
Монголын их амар амгалан
Тогоонтөмөр хаан
Монголын их амар амгалан
Амар болоочийг ачсан
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бүүвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран, саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж
Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалан.
Цааш унших...

Д.Оюундэлгэр "Ээждээ"

Одоо болтол ижийдээ яагаад шүлэг бичээгүй юм бол
Ондоо бүр надад хайргүй залууст хичнээн их зориулав
Од буудалсан гүн шөнийн тэнгэрт миний маргаашийг залбирч
Олон шөнийн нойроо сэтгэлийн зовлонгоор солисон доо

Зөөлөн гарых нь цайнд ижил үгүй дасчихаад
Зовлон гэдгээс нь хугасалж үргэлж дэргэд байх юм шиг
Томоо болсон хирнээ дундардаггүй хайранд нь өлгийдүүлсээр
Толио нь муудсан ижийдээ эрхэлж суудаг сэтгэл минь

Даанч гэнэн юмдаа хүн ижиитэйгээн байхад
Дассан сэтгэлийг нэг л өдөр хагацал нөмөрөхийг мэдэхгүй юм
Зоосон наран шиг эх хайр дэргэд мандаж байхад
Зовлонтойхон дурлалд бэтгэртлээ гуниж шүлэг хэлхэх ч гэждээ

Хайрлаа ч үгүй хараа ч үгүй хэн нэгний төлөө
Хамаг байдгаан зориулж амиа тавих дөхдөг хирнээ
Бүртийх ч саргүй үдэш оройтоод ороход минь
Бүлээн цайтай суудаг ижиигээ яагаад магтаагүй юм

Намайг хүн болгох гэж насаа гээж яваа
Намхан буурал хөгшин эргэж хэзээ ч олдохгүй
Орчлонд өөрийгөө мартаж бүгдийг хайрладаг ганц л хүн байдаг
Охиндоо хүслээ ,насаа ,зүсээ өгсөн ижий тэнгэр тэрээ

Зул бүгээн үдшээр эрхиний бөөр имэрч
Зуун насыг биш үрийнхээ л ирээдүйг
Төрийн сүлд газар тэнгэртээ даатгасан
Төрлөх Монгол эхийн эвийн тахилгатай гар дээр

Бүүвэйн дуу хурайлуулж хүн болсон бүхэн
Бүтэн нэртэйгээ мөнхрөх энэрэл хайрыг дуулдаг
Урсан урсан өнгөрөх он цагийн түрлэгээс
Урьтаж яаран ижийдээ шад шүлэг бичьё дээ

Харамч хатуу хорвоо өгсөнөө эргээд авчихдаг юм чинь
Хайраар бичсэн мөрүүдээрээ ашдын заяаг нь аргамжаад
Халуун дулаан сэтгэлд нь мөнхийн зул болж
Халхын буяныг дээдэлдэг ижийгээн хайралж явья даа

1999 он
Цааш унших...

Thursday, August 6, 2009

Зочид буудлын судалгаа №2

- Удиртгал
1990-ээд оноос аялал жуулчлалын салбар хувьчлагдсанаар манай улсад энэ зах зээл чөлөөт өрсөлдөөнт зах зээлд шилжсэн. Энэ салбарын хөгжил хурдацтай явагдаж байгаагийн хирээр мэдээллийн хэрэгцээ шаардлага ч өсөн нэмэгдэж байна. Аялал жуулчлал болон энэ салбартай холбоотой олон салбар байдаг бөгөөд манай улсад эдгээрийн талаар нэгдсэн мэдээллийн сан бага байдаг.
Энэхүү судалгаа нь Улаанбаатар хот дахь дээд зэрэглэлийн буудлуудийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийх зорилготой байсан бөгөөд холбогдох газар, мэдээллийн агентлагуудаас зарим мэдээллийг цуглуулж өөрсдийн биеээр зочид буудлуудаар явж мэдээлэл цуглуулсны үндсэн дээр энэхүү судалгааг боловсрууллаа.

- Судалгааны зорилго: Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа гурав ба түүнээс дээш одтой зочид буудлуудын зочдын төлөв байдлыг судлахад оршино.
- Судалгааны хамрах хүрээ: Улаанбаатар хотод байрлах гурав ба түүнээс дээш одтой нийт 19 зочид буудлаас таван одтой 1, дөрвөн одтой 4, гурван одтой 8 нийт 13 зочид буудлыг судалгаандаа хамрууллаа.
Судалгааны аргачлал: Судалгааг анкет , асуулгын аргыг хослуулан хэрэглэсэн болно.
- Судалгааны ач холбогдол: Улаанбаатар хотын дээд зэргэлэлийн зочид буудлуудын үзүүлэлтүүдийг харьцуулснаар зочид буудлын давуу болон сул тал, багтаамж, зах зээлд эзлэх байр суурь, өртөг зэргийг тодруулснаар зочид буудлын зах зээлд нэвтрэх боломж байгаа эсэх байгаа тохиолдолд ямар зочид буудал байх хэрэгтэй тодорхойлох явдал юм.

- Судалгааны хэсэг

Судалгааны эхний хэсэг нь өмнөх судалгааны үргэлжлэл болох бөгөөд нийт жуулчдийг илүү дэлгэрэнгүй судалснаараа давуу талтай болно.

2003 онд нийт 201157 жуулчин ирж байсан бол 2004 онд 300538 жуулчин буюу 99381(49.3%) –аар өссөн байна. Харин дараах жилүүдэд өсөлтийн хурд нь тогтворжсон байна.

Дээрх тооноос харахад Ази тивээс ирсэн жуулчдын тоо нийт жуулчдын 60 орчим хувийг эзлэж байгаа нь энэ бүс нутгаас ирж байгаа жуулчид нь манай аялал жуулчлалын голлох зах зээл гэдгийг харуулж байна. Үүний дотор БНХАУ-аас ирэх жуулчдын тоо нийт жуулчдын 46-50 орчим хувийг эзлэж байгаа нь өндөр боловч энэ бүх хүмүүсийг жуулчин гэж үзэх нь нэг талаас өрөөсгөл юм. Учир нь сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай уялдан БНХАУ-аас барилгын ажилтнууд олноороо жуулчны визээр орж ирэх болсон. Мөн ОХУ, БНСУ болон Япон улсуудаас ирэх жуулчдын тоо нь эрчимтэй өсөж байгаа нь БНХАУ-аас хамаарахгүйгээр жуулчдын тоо жилээс жилд өсч байгаагын нэг илрэл юм. Үүний цаана энэ бүс нутгийн хүмүүс монголыг ихээхэн сонирхох болсныг харуулж байна.

Сүүлийн үеийн жуулчдын статистик мэдээг үзвэл: 2007 оны 9 сард Монгол улсад нийт 351853 жуулчин ирж байсан бол 2008 оны 9 сарын байдлаар 359639 болж 2.2 % буюу 7786 жуулчнаар өссөн байна.
Энэхүү хоёр хугацааны жуулчдын тоог бүс нутгаар харьцуулж үзье.

Дээрх хоёр хүснэгтээс харахад монгол улсад сүүлийн жилүүдэд жуулчдын тоо харьцангуй өсөх хандлагатай байгаа бөгөөд нийт жуулчдын 80 орчим хувь нь эхний 9 сард ирдэг нь харагдаж байна. Мөн нийт жуулчдын өсөлтөнд нөлөөлсөн улс болон бүс нутгийг авч үзвэл : ОХУ-аас ирсэн жуулчдын тоо өмнөх оноосоо 9791 (8.6%)өссөн нь европоос ирсэн жуулчдын тоог өсгөхөд нөлөөлсөн бол БНХАУ болон Япон улсаас ирсэн жуулчдын тоо нь өмнөх оноосоо 1636 , 2109 тус тус буурсан нь Ази тивээс ирсэн жуулчдыг 3118 (1.4%) буурахад голлон нөлөөлсөн байна.

Бидний зорилтот зах зээл бол гурав ба түүнээс дээш одтой зочид буудлын зах зээл юм. Хүснэгтээс харахад Сүхбаатар дүүрэгт нийт зочид буудлын 44 хувь нь байрлаж байгаа нь энэ дүүрэгт бүх төрлийн үйлчилгээ ойр, байдаг нь нөлөөлсөн байх талтай.


Гурав болон түүнээс дээш нийт 18 зочид буудлаас 13 зочид буудал нь жуулчны улиралаас хамаарч үнээ тогтоож байна. Харин 6 зочид буудал нь үнээ ямар нэгэн улиралаас хамааралгүйгээр тогтоосон бөгөөд Улаанбаатар, Corpotate зочид буудлуудаас бусад нь гурван одтой зочид буудлууд байна.
• Peak буюу high season (summer) нь ихэнх зочид буудлын хувьд 5сарын 1- 09 сарын 30 –ны хооронд
• Off-Peak буюу low season (winter) нь 10 сарын 1-ээс 4сарын 30-ны хооронд байна.
Харин Sunjin Grand зочид буудлын хувьд үнээ 3 цаг хугацаанаас хамааруулаад ялгаатай тогтоосон байлаа. Дээрх хугацаанд хүснэгтэн дэх хоёр хугацаанд үнэ нь их, бага байгаа бөгөөд 05/01-06/01 09/01-30 хооронд үнэ нь дунд зэрэг байна. Энэ тухайн зочид буудалд ирдэг зочдын онцлогтой холбоотой байх талтай. Мөн Улаанбаатар, Corpotate зочид буудлууд нь үнийн ямар нэгэн бодлого хэрэглэдэггүй тогтмол байгаа нь ч гэсэн цаанаа тухайн зочид буудлын маркетингийн бодлого, үйлчлүүлэгчдийн тоотой холбоотой байж болох юм.

Судалгаанд хамрагдсан зочид буудлуудын байгуулагдсан он:

Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй 3-c дээш одтой нийт 19 буудал байгаа бөгөөд энэхүү судалгаанд 5 одтой-1, 4 одтой-4 , 3 одтой-8 буудалууд буюу нийт 13 зочид буудал хамарч чадсан нь уг судалгаа ач холбогдол өндөртэйг харуулж байна.

Эдгээр зочид буудлуудын 3 нь буюу Sunjin grand, Corporate, Нарантуул зэрэг зочид бg уудлууд 2005 оноос хойш сүүлийн гурван жилд байгуулагдсан ба нь энэ салбарт хөрөнгө оруулахад ашигтай байгааг харуулж байна.
2009 онд шинээр гурван дээд зэрэглэлийн зочид буудал ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байгаа нь энэ зах зээл улам өрсөлдөөнтэй болж байгааг харуулж байна.

Арван гурван зочид буудлын 6 нь Сүхбаатар дүүрэгт, 4 нь Баянзүрх дүүрэгт, 1 нь Чингэлтэй, 2 нь Баянгол дүүрэгт байрлаж байгаа нь дээд зэрэглэлийн зочид буудлуудын төвлөрөл Баянзүрх , Сүхбаатар дүүрэгт төвлөрч байрлаж байгаагийн нэг илрэл юм.
Дээд зэрэглэлийн буудлуудад ихэвчлэн Presidental, Standart single, Suite, Deluxe, Luxe, Superior, Semilux, Double гэх мэт ерөнхий өрөөний төрөл байж болох талтай.
Эдгээр судалгаанд хамрагдсан зочид буудлуудыг өрөөний тоогоор нь авч үзвэл 4 ба түүнээс дээш одтой зочид буудлууд нь 55-210 өрөөтэй байхад , гурван одтой буудлуудын дундаж өрөө нь 20-42 хооронд хэлбэлзэж байна. Орны тоог нь авч үзвэл 4,5 одтой буудлууд нь 180-380 ортой бөгөөд 3 одтой буудлууд 100с доош ортой байна.
2006 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 203 зочид буудал 7950 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол манай судалгаанд хамрагдман дээд зэрэглэлийн 13 зочид буудал нийт 1878 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.Улаанбаатар хотын нийт дээд зэрэглэлийн зочид буудлуудийн өрөөний тоо нь бидний тооцоогоор 1332 байна.
Судалгаанд хамрагдсан буудлуудад зочдын буудаллах байдлыг авч үзвэл Үзүүлэлт тус бүрт 1-5 онооны баллын үнэлгээг өгч эцэст нь нийлбэр дүнгийн аргаар үнэлхэд Хамгийн бага 11 оноотойгоор гэрээт байгууллагууд I байранд орлоо. Удаах байруудад гэрээт жуулчны бааз, гэрээт элчин сайдын яамд, хувиараа гэх мэт дарааллаар жагсчээ. Үүнд хамгийн бага оноотой нь хамгийн их байрладаг гэсэн үг.

- Дүгнэлт

• 2003 онд нийт 201157 жуулчин ирж байсан бол 2004 онд 300538 жуулчин буюу 99381(49.3%) –аар өссөн байна. Харин дараах жилүүдэд өсөлтийн хурд нь тогтворжсон байна.
• 2007 оны 9 сард Монгол улсад нийт 351853 жуулчин ирж байсан бол 2008 оны 9 сарын байдлаар 359639 болж 2.2 % буюу 7786 жуулчнаар өссөн байна.
• ОХУ-аас ирсэн жуулчдын тоо өмнөх оноосоо 9791 (8.6%)өссөн нь европоос ирсэн жуулчдын тоог өсгөхөд нөлөөлсөн бол БНХАУ болон Япон улсаас ирсэн жуулчдын тоо нь өмнөх оноосоо 1636 , 2109 тус тус буурсан нь Ази тивээс ирсэн жуулчдыг 3118 (1.4%) буурахад голлог нөлөөлсөн байна
• Peak буюу high season (summer) нь ихэнх зочид буудлын хувьд 5сарын 1- 09 сарын 30 –ны хооронд
• Off-Peak буюу low season (winter) нь 10 сарын 1-ээс 4сарын 30-ны хооронд байна.
• Эдгээр зочид буудлуудын 3 нь буюу Sunjin grand, Corporate, Нарантуул зэрэг зочид буудлууд 2005 оноос хойш сүүлийн гурван жилд байгуулагдсан ба нь энэ салбарт хөрөнгө оруулахад ашигтай байгааг харуулж байна.
• 2006 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 203 зочид буудал 7950 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол манай судалгаанд хамрагдман дээд зэрэглэлийн 13 зочид буудал нийт 1878 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.Улаанбаатар хотын нийт дээд зэрэглэлийн зочид буудлуудийн өрөөний тоо нь бидний тооцоогоор 1332 байна.
• Дэд бүтцийн сайдын 2002 оны 2ёсарын 25-ны өдрийн 55 тоот тушаалаар баталсан аялал жуулчлалын салбарын орлого тооцоолох аргачлалын дагуу Япон улсын нэг жуулчин Монгол улсад дунджаар 8 хонож , хоногт дунджаар 126 ам доллар зарцуулдаг бол бусад улсын жуулчин 12 хоног 106 ам доллар амралт хувийн зорилгоор ирсэн жуулчин 15 хоног , 42 ам доллар, дамжин өнгөрч буй жуулчин 5хоног 42 ам доллар, бусад зорилгоор ирсэн жуулчин 18 хоног, 52 ам доллар гэсэн үзүүлэлтийг гаргасан байна.
• Зочдын буудалд нэг өдөрт оруулж байгаа орлого нь буудлынхаа зэрэглэлээс хамаараад өөр өөр байгаа бөгөөд гурван одтой зочид буудалд нэг зочин өдөрт дунджаар 50-60 долларын орлого оруулдаг бол, дөрвөөс дээш зэрэглэлийн зочид буудалд 100-300 долларын орлого оруулдаг байна.
• Зочид буудалд буудаллаж байгаа зочдыг улсаар нь авч үзвэл ихэнхдээ АНУ, ОХУ, БНХАУ, Герман, БНСУ, Япон улсуудаас ирдэг бөгөөд зочид буудлын зочдын бүтэц нь харилцан адилгүй байна. Тухайн зочид буудлын онцлогоос шалтгаалаад ганц хоёр улсын зочид зочдынх нь ихэнх хэсгийг эзлэх тохиолдол олон байна.
• Түүнчлэн нэг зочид буудалд ногдох зочдын тоо 2007 онд 5818 байснаа 2008 онд 6290 болж 8 функтаар нэмэгдсэн байна.
• Нэг зочин дунджаар 2007 онд 1.3 хоног буудалсан бол 2008 онд 1.2 хоног болж буурсан байна.

Хэрэглэгчийн судалгаа болон буудлуудын үйлчилгээний үнэ, багтаамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон томоохон өгөгдлийн санг оруулаагүй бөгөөд энэ талаар холбоо барьж авах боломтжтой.
Цааш унших...

Зочид буудлын судалгаа №1

Судалгааны нэгдүгээр хэсэгт Улаанбаатар хот дахь зочид буудлуудын ерөнхий байдал болон салбарын макро үзүүлэлтүүдийг судалсан болно.

- Удиртгал

Сүүлийн жилүүдэд манай оронд эрчимтэй хөгжиж байгаа үйлчилгээний салбарын нэг нь зочид буудал юм.
Зочид буудлын үйлчилгээг зөвхөн өөрийн орны төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй орны стандартад нийцүүлж жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд энэ салбарын менежмент, үйлчилгээний технологийг боловсронгуй болгох явдал нэн чухал болжээ.
Зочид буудал , аялал жуулчлалын бизнес нь олон жилийн түүхтэй бөгөөд эдүгээ дэлхийн улс орнуудын эдийн засагт чухал байр суурь эзэлж цаашид улам өргөжин хөгжих хадлагатай байгаа нь энэ зах зээл ойрын хэдэн жил ирээдүйтэйг харуулж байна.
Монгол оронд аялал жуулчлалын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй өнөөгийн нөхцөлд зочид буудал, аялал жуулчлалын бизнес эрхлэгч байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн тоо тогтмол нэмэгдэж олон арван зочид буудал, зоогийн газар, жуулчны баазууд шинээр бий болж үйл ажиллагаа явуулсаар байна.

- Зочид буудлын тухай ерөнхий ойлголт
-Зочид буудлыг энгийн, хязгаарлагдмал үйлчилгээтэй, дунд зэргийн зах зээлийн, нэгдүгээр зэрэглэлийн, дээд зэрэглэлийн тансаг өрөөтэй гэх мэтээр ангилдаг.
-Зочид буудлыг байршлаар нь хотын төвийн, хотын захын, онгоцны буудлын, хурдны замын, амралт сувилалын гэсэн 5 ангилалд хуваадаг.
-Зочид буудлыг ямар зочдын анхаарал татаж байгаагаар нь ангилдаг өөр арга байдаг. Үүнд: ажил хэргийн, амралтын,спортын, хурал зөвлөгөөний гэсэн үндсэн 4 ангилал байдаг.
-Харин үйл ажиллагаа явуулах хугацаагаар нь байнгын болон улирлын ажиллагаатай гэж тус тус ангилна.
Зочид буудлын зэрэглэл тогтоох олон шалгуур үзүүлэлт байдаг боловч эдгээрээс хамгийн гол нь зочны тав тухтай байдлыг хангах үзүүлэлтийн төвшин юм.

- Зочид буудлын зэрэглэл
Зочид буудлын үйлчилгээний салбарт зэрэглэлийн 2 гол систем хэрэглэгдсээр ирсэн. Мobil Travel Guide зочид буудлыг 1-5 одоор зэрэглэн ангилдаг байна. Харин Америкийн авто машин эзэмшигчидийн нийгэмлэгээс зэрэглэлийн Daimond системийг хэрэглэдэг ба хамгийн дээд зэрэглэл нь 5 даймонд байдаг. Эдгээр зочид буудлуудад тухайн зэрэглэлийн стандарт тохирсон үйлчилгээ хийгдэж байгаа эсэхэд байнга хяналт тавьдаг.
Манай орны хувьд дугаараар зэрэглэх систем хэрэглэгдэж байснаа 1998 оноос шинэ стандарт батлагдсанаар “Од” системээр зэрэглэх болсон. Дэлхийн улс орнуудад зочид буудлыг үйлчилгээний төвшингийн үзүүлэлтээр ангилахдаа зэрэглэлийн системийг ашигладаг.

Зочид буудлын зэрэглэл тогтоох олон шалгуур үзүүлэлт байдаг боловч эдгээрээс хамгийн гол нь зочны тав тухтай байдлыг хангах үзүүлэлтийн төвшин юм.Үүнд:
• Өрөөний фонд
• Нэг өрөөний талбай
• Хэдэн хүнд зориулагдсан
• Ахуйн ямар нөхцлийг хангасан
• Мебель тавилга
• Ариун цэврийн өрөөний тохилог байдал
• Тоноглол
• Хоол
• Зоогийн газрын хүртээмж
• Төрөлжилт
• Үйлчилгээний соёлын төвшин
• Зочид буудлын гадна, дотно талын тохижилт
• Утас
• Хиймэл дагуулын холбоо
• Телевизор
• Мини сейф
• Мини бар
• Хөргүүл зэрэг өрөөний төхөөрөмж
• Зочинд үзүүлэх нэмэлт үйлчилгээний нэр төрөл, чанар зэрэг үндсэн шалгуурууд багтана
Мөн дараах шаардлагууд тавигдана.
• Ажлын байр нь эрүүл ахуйн болон “Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 4588:2004 стандартын шаардлага хангасан байх
• Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх
• Орон сууц өргөтгөх буюу хаалга гаргасан тохиолдолд Захирагчийн ажлын албаны даргын тушаал гаргуулсан байх
• Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын газар


- Мэдээллийн эх сурвалжууд:
-Зам тээвэр аялал жуулчлалын яам
-Статистикийн ерөнхий газар
-Гаалийн статистик мэдээлэл
-Мэргэжлийн хяналтын газар

- Судалгааны хэсэг
Зочид буудлын зах зээлийн хөгжил нь тухайн улсын аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой. Энэ зах зээлийн орлогыг жуулчид бий болгож байдаг гэхэд буруудахгүй юм.
Монгол улсад аялах гадаадын болон гадаадад аялах дотоодын жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдож, жуулчдад үйлчилгээ үзүүлэх аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын тоо жил бүр нэмэгдсээр байна.
- 2006 оны байдлаар аялал жуулчлалын салбарт 400 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 18,5 тэрбум төгрөгийн орлого олсон бол зочид буудлын салбарт 310 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 33,1тэрбум төгрөгийн орлого олсон байна.


Дээрх хүснэгтээс харахад Улаанбаатар хот дахь нийт зочид буудлуудын талаас илүү хувь нь Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд төвлөрч байна.Эдгээр дүүргүүд нь хотын төвд байрладаг учраас бүх төрлийн үйлчилгээг авахад амар байдаг зэрэг нь буудлуудын төвлөрлийг бий болгоход голлох хүчин зүйл болсон байх талтай.

- Зочид буудал, дэн буудал
- Монгол улсад зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхэлж буй нийт 302 аж ахуйн нэгжийг хариуцлагын хэлбэрээр нь авч үзвэл 273 нь буюу 89,5% нь хязгаарлагдмал хариуцлагатай компани байгаа бол өмчийн төрлөөр нь авч үзвэл 286 нь буюу 93,8% нь Монгол улсын иргэн эзэнтэй хувийн аж ахуйн нэгжүүд байна. Гадаадын хөрөнгө оруулалттай болон гадаадтай хамтарсан 7 аж ахуйн нэгж байгаа нь БНХАУ, БНСУ, Япон улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.

Аялал жуулчлалын үйл ажиллагаа эхрэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын 53 хувь нь зочид буудал байна.


Дээрх зам тээвэр аялал жуулчлалын яамны судалгаанаас харахад манай улсад зэрэглэлтэй зочид буудлын тоо нийт зочид буудлаасаа харьцангуй бага байгааг харж болно. Энэ нь тухайн зах зээлийн үйлчлүүлэгчдийг давхарыг харуулж байж болох талтай юм.


Буудлуудын хүлээн авсан зочдын харвал нийт хүлээн авсан зочдын 2005 онд 81,5%-ийг, 2006 онд 79,6% -ийг Улаанбаатар хотын буудлууд хүлээн авсан байна. Улсын хэмжээнд хүлээн авсан зочдын тоо өмнөх онтойгоо харьцуулахад 24,1 хувиар өссөн байхад Улаанбаатар хотын зуудлуудын хүлээн авсан зочдын тоо 21,2 хувиар өссөн байгаа нь хөдөө орон нутаг дахь зочид буудлуудын үйл ажиллагаа идэвхижиж байгаа мөн жуулчид заавал Улаанбаатар хотод буудаллах шаардлага багассантай холбоотой. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутгийн аялал жуулчлалын үйл ажиллагаа сэргэж байгаагийн илрэл юм. Мөн Улаанбаатар хотод байрлах 3, 4 одтой зочид буудлудын хүлээн авсан зочдын тоо 2005 онд нийт зочдын 56,4 хувийг эзлэж байсан бол 2006 онд 53,3 хувийг эзлэсэн байна. Энэ нь зочид буудлуудын дунд өрсөлдөөн бий болж байгаагийн илрэл юм.

Зарим нэг макро үзүүлэлтүүдийг авч үзвэл дараах байдалтай байна.


Манай улсад ирэх зочдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа боловч голлох зах зээлд өөрчлөлт гарахгүй байна. Нийт зочдийн 2/3 нь БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг улсуудаас ирсэн хэвээр байна. БНХАУ-ын жуулчидын хувьд тодорхой хувь нь жуулчид бус түр зуурын гэрээгээр ирж ажил хийж(барилга, зам засварын ажил гэх мэт.) байгаа хүмүүс эзэлж байгаа гэсэн мэдээлэл байдаг.


Дээрх графикаас харахад нийт жуулчдын ихэнхи хувь нь албан ажлаар, жуулчлал болон хувийн журмаар ирж байгаа жуулчид байна.


Энэ зэх зээлд үйл ажиллагаа явуулж байгаа буудлуудын зэрэглэл болон ашиг, орлолгыг харьцуулж үзвэл нийт буудлуудын 8 хувийг гурав ба түүнээс дээш одтой буудлууд эзэлж байхад цэвэр орлогын 2005 онд 74,7 хувь, 2006 онд 80,6 хувийг гурав ба түүнээс дээш зэрэглэлтэй буудлууд эзэлж байна.



Цааш унших...

Нөхөрлөлийн тухай хэн юу гэж хэлсэн бэ ??

Найз нөхдөө байхад нь төдийгүй, эзгүйд нь ч санаж байх хэрэгтэй.
Фалес

Зовоход найз нөхөд танигддаг гэлцэх юм. Миний бодлоор жаргахад ч бас танигддаг.
Чингис Айтматов

Өрөвдөж байгаа нь биш тусалж байгаа нь л нөхөр
Томас Фуллер

Найз нөхдийн тус дэм хэрэг болоод байгааг таамаглаж мэддэг хүн л жинхэнэ анд нөхөр мөн.
Жюль Ренар

Жинхэнэ нөхөр гэдэг жаргалтай үед урилга заллагаар, зовлон тохиолдоход хэлүүлж дуудуулалгүй ирдэг байх учиртай.
Исократ

Баярлаж жаргахын үед нөхөд маань намайг таньж авдаг. Харин зовж зүдрэхдээ бид тэднийг таньдаг.
Жон Коллинз

Хүн бүхний найз бол хэний ч найз биш.
Аристотель

Эдгэрэхийг чинь айсуй баяр мэтээр хүлээж буй хүмүүс байгаа гэж бодохоор өвдөх ч сайхан.
Антон Чехов
Цааш унших...

Tuesday, August 4, 2009

Тайлбар

Ямар ч байсан толь бичгийнхээ эхний үсгийг орчуулах гэж оролдлоо англи хэлэндээ тааруухан болохоор нэлээн юм болж байж орчууллаа. Алдаатай зүйл байвал та бүхэн өөрсдийн санал бодлоо хэлээрэй.
Цааш унших...

AAA

AAA (triple A) - ААА (гурван А)
Стандарт энд Пүүрсийн санхүүгийн зах зээл дэх үнэт цаасанд хэрэглэдэг зэрэглэлийн системийн хамгийн өндөр зээлийн зэрэглэл.
Abandon- Удьдчилгаа, шимтгэл
Гэрээний дагуу банкны данснаас төлөгдөж байгаа төлбөр (торгууль) эсвэл урьдчилан төлөхөөр тохиролцсон төлбөр
Above par - Нэмэгдсэн өртөг
Хувьцааны зах зээлийн өртөг нь нэрлэсэн өртгөөсөө илүү гарсан хэсэг . Эсрэг нь: хасагдсан өртөг
Acceptance price - Зөвшөөрөгдсөн үнэ
Банкнаас шинээр гаргасан үнэт цаасны үнийг гаргагч буюу шууд андеррайтерт төлж буй үнэ. Үнэт цаасны гаргасан үнэ болон зөвшөөрөгдсөн үнэ хоёрын хоорондох зөрүү нь банкны нийт ахиу ашиг (шимтгэл) юм.
Accept order - Зөвшөөрөгдсөн захиалга
Швейцарь арилжаанд: Зөвшөөрөгдсөн захиалга гэдэг нь: Төв захиалгад аль хэдийн бүртгэгдсэн байна.
Account - Данс
Гүйлгээг тасралтгүй шинэчлэн бүртгэж байдаг. Дансны төрөлийн дагуу хүүгийн төвшин, шимтгэл, зээл болон төлбөрийн хязгаарлалттай, нэмэлт нөхцөлтэй ялгаатай данснууд байж болно.
Account card - Картын данс
Пластик картыг банк харилцагчидынхаа гүйлгээг үр дүнтэй (олон улсын болон бэлэн мөнгөний машин (АТМ) ашиглан хийж байгаа гүйлгээ) боловсронгуй болгоход зориулан гаргасан. Хамгийн гол нь хяналтын өгөгдөл байдаг. Жич нь: харилцагчийн пин кодыг соронзон туузанд хадгалдаг.
Accounting standards - Нягтлан бодох бүртгэлийн стандартууд
1996 оны санхүүгийн жил банкны нягтлан бодох бүртгэлд шинэ стандаруудийг оруулсан. Гол өөрчлөлт нь баланс болон орлогын тайланд хувьцаа эзэмшигчдийн өмчийг тооцоолох болон харуулахад оршиж байсан.
Account-only check - Чекийн данс
Төлбөр төлөгч болон зээлдүүлэгчийн чекний загвар нь адилхан байдаг. Чек нь заавал касснаас бэлэн хэлбэрээр гадагшлахгүй байж болно. Зөвхөн шилжүүлэгчийн чекны кредит талд бичилт хийхэд болно. Гарын үсгийг балласнаар хүчингүй болохгүй.
Account statement - Дансны тайлан
Тодорхой хугацааны бүх дансны гүйлгээг нэгтгэн бичдэг. Дансны төрлөөс хамааран хүүг сар болон жилийн хугацаанд тооцдог. Дансны тайлангаа онлайнаар буюу телебанк ашиглан хүсэлт гаргаж болно.
Accrued interest - Хуримтлагдсан хүү
Хамгийн сүүлийн хүү төлсөн хугацаанаас хойш дараагийн төлөх хугацаанаас нь өмнөх хугацаанд хуримтлагдсан хүүгийн төлбөр
Accrued liabilities - Хуримтлагдсан өр төлбөр
Нягтлан бодох бүртгэлд балансыг өр төлбөрийн талын нэг зүйл ба орлого шиг аль хэдийн өнгөрсөн санхүүгийн жилд гарсан боловч шинэ санхүүгийн жилтэй холбоотой, эсвэл өнгөрсөн санхүүгийн жилд хүлээсэн зардал боловч одоог хүртэл хараахан төлөгдөж амжаагүй байгаа. Эсрэг нь урьдчилж төлсөн төлбөр болон хуримтлагдсан орлого
Adjust - Тохируулга

Хөрөнгийн бүтэц өөрчлөгдөх үед хувьцааны үнийг залруулдаг. Захиалгад оролцогчид буурах эсвэл хувьцаа эсрэгээрээ болох тохиолдолд.
Цааш унших...

Monday, August 3, 2009

Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр сурч байгаа оюутнуудын унших хэрэгтэй материалын жагсаалт

МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн "Санхүүгийн тэнхим"-ийн багш Ц.Аюурзана гэж энгийн бөгөөд эгэлгүй нэгэн эрхэм байдаг. Тэр хүнийг алхаж явааг нь хараад л өөрийн эрхгүй хүндэлмээр санагдаад байдаг юм. Миний хувьд албан ёсоор энэ багшийн хичээлд суух хувиаргүй ч гэсэн зарим хичээлийнхээ байрыг багш нараасаа гуйж өөрчилж байж зөвхөн лекцэнд нь л сууж байсан. Хичээлд орж ирэхдээ "ярьсаар орж ирээд, гарахдаа ярьсаар л гардаг", онол практикын арвин их мэдлэгтэй хүндээ. Эдийн засагтаа төдийгүй шинжлэх ухааны салбартаа цөөхөн байдаг "Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор"-ийн оюутнуудад зөвлөн унших материалын жагсаалт гаргасныг нь та бүхэнд хүргэж байна.
- ХУУЛИУД
1. Компанийн тухай хууль 1999
2. Татварын багц хууль 2006
3. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль
4. Хөрөнгө оруулалтын тухай хууль
5. Банкны тухай хууль
6. Лизингийн тухай хууль 2006
7. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль 2006
- МОНГОЛ ХЭЛ ДЭЭР:
1. Ц.Аюурзана "Аж ахуй нэгжийн санхүү" УБ, 2002
2. Ц.Аюурзана "Санхүүгийн менежмент" (Аж ахуй нэгжийн санхүүгийн хамт) УБ, 2007
3. Эрнандо дэ Сото " Капиталын нууц" 2004
4. Ред:Ц.Аюурзана "Хөрөнгө оруулалт: Бодлого эрх зүйн зохицуулалт, төлөвлөлт, санхүүжилт " УБ, 2005
5. Милтон Фридман " Хувь заяагаа сонгох нь" Орч:Б.Баабар , 2002
6. Д.Намжил "Төрийн санхүү" Ред:Ц.Аюурзана,
7. Д.Цэрэнпил " Санхүүгийн шинэчлэл: судалгаа,тулгарсан асуудал" УБ, 2006
- АНГЛИ ХЭЛ ДЭЭР
1. Corporate Finance T.Maness 1998
2. Introduction to Financial managemant. Lawrence D.Schall, Charles W.Hally
3. Personal Finance Jack R.Karoor, Robert J,Hughes
4. Fundamentals of Financial management. Eugene F.Brigham
5. Principles of corporate finance. Richard A.Breitei, Ctewarte Nyers
6. Fundamentals of Investment management. Geoffrey A.Hirt
7. Foundations and Financial management. Stanley B.Block
8. Competitive stragety. Pearse and Robinson
9. Essential of corporate finance. Ross Westerfield Jordan
10. Understanding behavioral Finance. Ross Westerfield Jordan
11. Real optoins in practice. Marion A.Brach
12. Investing by the Numbers. Jarrod W.Wilcox
13. Corporate financial stragety and dicision making. Harold Beirmon
14. Corporate Debt instruments. Frank J.Fabozi
15. Corporate Governance. John L.Colley
16. Financial institutions management. Anthony Saunders Marcia Cornett
17. Fundamentals of Financial management. Eugene F.Brigham
18. Fundamentals of Investment; Valuation and Management. Charles J.Corrage, Brageford D.Jordan, Second edition
19. Money, Credit and Capital. James Tobin Stephen S.Golub
20. Investment. Zvi Bodie, Alex Kane, Alan J.Marcus

Ц.Аюурзана "Компаний санхүү" номноос авав.
Цааш унших...

Афоризмууд

Атаархлаар зэвсэглэж аянд гарах нь
Амьдралд дандаа ялагдахын нэр
Бусдыг муучлан сэтгэлээ хоослох нь
Бузар нүгэлдээ хорогдохын нэр

Өнгөрсөн бол мэдлэгийн эх үүсвэр
Ирээдүй бол итгэл найдварын эх үүсвэр
Өнгөрснөө хайрладаг бол ирээдүйдээ итгэдэг гэсэн үг.
Стивен Амброуз

Юу хамгаас мэргэн бэ? - Цаг хугацаа
Учир нь тэр л ганцаар бүхнийг нээдэг
Юу хэцүү вэ? - Өөрөө өөрийгөө таних
Юу амархан бэ? - Бусдад зөвлөгөө өгөх
Ямар хүн аз жаргалтай вэ? - Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билэг авьяасаа хөгжүүлж буй бол тэр чухам жаргалтай.
Фалес

Магтаалд хайнга биш, зэмлэлд анхаарамжтай нь л ёстой даруу хүн буюу.
Жан Поли
Цааш унших...

Saturday, August 1, 2009

Улаанбаатар хотын зочид буудлын зах зээлийн судалгаа

2008 оны өвөл Тогтохоо бид хоёр нэгэн судалгааны ажил хийх санал хүлээж авсан юм. Япон хөрөнгө оруулагчид "Улаанбаатар хотод дээд зэрэглэлийн сүлжээ зочид буудал байгууллах боломж"-той эсэх талаар зах зээлийн суурь судалгаа хийлгэх хүсэлт тавьсан юм. Үүний дагуу Судалгааг хоёр хэсэг болгон 10 орчим хоног хийсэн юм. Энэ судалгаа бидний хувьд анхны захиалгат ажил маань байсан юм.
Нэгдүгээр судалгаа: Улаанбаатар хот дахь зочид буудлуудын ерөнхий мэдээлэл болон сабарын макро орчны үзүүлэлтүүд
Хоёрдугаар судалгаа: Зочид буудлуудын үйлчилгээний үнэ болон багтаамж, хэрэглэгчийн судалгаа

Судалгаа хийх явцдаа ХҮДС-ийн Зочид буудал, зоогийн газрын менежмент-3 ангийн юутан Уянга болон МУИС-ийн ЭЗС-ийн Банк-2 ангийн оюутан Номин нартай хамтран ажилласан.
Судалгааг хийх явцад олон бэрхшээлтэй асуудал тулгарч байсан боловч бид даван туулж чадсан.
Манай улсын хувьд макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаарх нэгдсэн өгөгдлийн сан бага байдаг. Зочид буудал, зоогийн газрын салбар болон Аялал жуулчлалын салбарын хувьд бодит тоо баримт хангалтгүй. Хууль эрх зүйн орчин нэлээн дутагдалтай байсан учраас мэдээллийн баазыг өөрсдөө цуглуулж, нэгтгэсэн болно.
Урьд өмнө нь нийт зочид буудлын зах зээлийн талаар ямар нэгэн судалгаа бараг хийгдэж байгаагүй гэхэд нэг их буруудахгүй. Харин томоохон зочид буудлуудын хувьд дотооддоо голлох өрсөлдөгчидийнхөө талаар зарим нэгэн судалгааг хийж байсан.
Судалгаагаа хоёр хэсэг болгон оруулахаар боллоо. Та бүхэн уншиж танилцаад санал, шүүмжлэлээ бичээрэй..
Цааш унших...